• Агробизнес

    БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОХОД ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

    И.Отгонжаргал
    НҮБ-ын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргалаас НҮБ-ын ХХААБ-аас түншлэгч байгууллагуудтай хийсэн уулзалтынх нь талаар тодрууллаа. 
    -Энэ жилийн Түншүүдийн уулзалтын онцлог, ач холбогдол юу байна вэ? 
     Бид дунд хугацааны хөтөлбөртэй ажилладаг. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн  байгууллага (ХХААБ)-ын дунд хугацааны буюу сүүлийн гурван жилийн үйл ажиллагаагаа дүгнэж байна. Энэ хүрээнд  Түншүүдийн уулзалтын хүрээнд хамтарч ажилладаг бүх талуудтайгаа үр дүнгээ хэлэлцдэг. Мөн 2023-2027 онд хийх ажлын  чиглэлээ  өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа үр дүн дээр суурилаад ерөнхий чиглэлээ танилцуулж талуудын саналыг сонсож, олсон ололт, сургамжаа энэ удаагийн  хурлаараа хэлэлцэж байна.
    -НҮБ-ын ХХААБ-ын Монголын хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлж буй ажил маш өргөн хүрээтэй байдаг. Тэр бүхнээс тухайлбал, ямар ажлыг  онцолж авч үзэж байгаа вэ? 
     Хөдөө аж ахуйн салбар маш өргөн хүрээтэй учраас манай зүгээс гурван жилийн ажлыг  хагас өдрийн хурлаар багцалж хийнэ гэдэг нь биднээс нэлээд чадвар шаардаж байна. Ингэхдээ хамгийн гол үр дүнг авч үздэг. Тэр нь юу байдаг вэ гэдгийг  бид хийж  нотоллоо, үүнийг цаашид хэрэгжүүлж болмоор юм байна. Эсвэл энэ асуудал дээр эдгээр зүйлийг цаашид анхаарах хэрэгтэй гэсэн талаасаа ярьсан. Энэ чиглэлд мал аж ахуй, газар тариалан, байгалийн нөөцийн салбарт бид юу хийв гэдгээ бүхэлд  нь авч үзэхийг хичээлээ. Ганц, хоёр төслийн үр дүн гэхээсээ илүү  сууриар нь нөхцөл байдал нь ямар  байгааг юун дээр чиглэж ажиллаж, үр дүнг гарснаа хэлэлцлээ. 
    -Мал аж ахуйн салбарт ямар суурь асуудлыг авч үзэж, цаашид хийх ямар томоохон ажил байгаа вэ? 
     Бэлчээрийн доройтлын асуудал хамгийн тулгамдсан. Бэлчээрийн даацаас хэтийдсэн олон сая толгой малыг хэрхэн  хүртээмжтэй, ашиг шимтэй байлгах эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг яаж сайжруулах  вэ гэдэгт  илүү төвлөрч ажиллалаа. Энэ нь дотроо олон задарч байгаагаас гол нь  малын эрүүл мэндийн асуудал, ашиг шимийг  хэрхэн сайжруулах чиглэлд хийсэн ажил бий. 
    Монгол Улсын хувьд гөнц хөдөө аж ахуй гэхгүй бүх салбарт хүний нөөц багатай. Тийм болохоор хөдөө аж ахуйн салбартажиллаж байгаа хүний нөөц тэр дундаа малчдын байгалийн  бэрхшээлийг  даван туулах чадварыг нь сайжруулах чиглэлд төвлөрч ажилласан. Асуудлыг авч үзэхдээ шинэ техник технологи, инноваци гээд ярих юм бол  мах боловсруулах үйлдвэрт  блокчэйн технологийг  нэвтрүүлж амжиллттай туршиж үзлээ. Жишээлбэл, малыг богино хугацаанд яаж үр дүнтэй тэжээж бага насны малыг хэрэглээнд зориулж бэлтгэхэд эдийн засгийн талаас үр ашигтай байх туршилт хийж бодит  үр дүн гаргаснаа    бусдад танилцуулж цаашид яаж  үргэлжлүүлэх, илүү хэрхэн нарийвчлах   талаар ярьсан. 
    -Маш сонирхолтой үр дүн гаргажээ. Тэгвэл газар тариалангийн салбарын чиглэлд хийх зүйл дээр  юуг онцолж байна вэ? 
     Газар тариалангийн салбарт өнгөрсөн гурван жилийн хугацаанд хууль эрх зүйн орчинг сайжруулах чиглэлд илүү төвлөрч ажилласан. Нэг бус хуулийн төслүүдэд олон улсын түвшинд зөвлөмж өгсөн. Дурдах юм бол Органик хүнсний тухай хууль, Үр сортын тухай хууль байна. Шинээр Газар тариалангийн багц хууль дээр ажиллах боломжтой.  Өнөөдрийн уулзалтад ХХААХҮ-ийн сайд оролцож нээлтийн үгэндээ салбарынхаа бодлогын талаар тодорхой ярьсан. Үүн дотор онцолж хүнсний барааны импортын татварын асуудлыг хөндсөн. Манай байгууллагаас хүнсний ногооны импортын татвар ямар байвал Монголд   зохимжтой  байхад судалгааны  үнэлгээг хийж, бодлогын зөвлөмж  боловсруулж хүлээлгэн өгсөн. Энэ нь шийдвэр гаргагчдад тус болсон гэж бодож байна. 
    Газар тариалангийн салбарын хувьд Монгол Улс улаан буудай, төмсөө зуун хувь дотооддоо  хангадаг. Хүний эрүүл мэндтэй холбоотойгоор хүнсний ногооны хэрэглээ, хангамжийн  асуудал чухал. Монголчууд нийтээрээ хүнсний ногооны хэрэглээ бага байдаг. Үүнтэй холбоотойгоор шууд утгаараа хүний эрүүл мэндэд  нөлөөлдөг учраас  хүнсний ногооны салбарыг маш их дэмжиж ажиллаж байна. 
    Хөдөө аж ахуйн зохистой дадлыг хүнсний ногооны салбарт яаж хэвшүүлэх, хууль эрх зүйн асуудал, мөн бодитой ажил гэвэл хүнсний ногооны урамшуулал өгөхтэй холбоотой хүнсний ногоо тариалагчдыг бүртгэх бүртгэлийн ухаалаг системийг боловсруулж , хүлээлгэн өгсөн. ХАА, газар тариалан  химийн бодис, бордооны бүртгэлийг цахимжуулах зэрэг Монгол Улсад шаардлагатай тодорхой ажлуудыг хийж байна. Түүнчлэн хүнсний ногооны агуулах, зоорийн хангамжийн асуудал нэн тулгамдсан шийдвэрлэх асуудал юм. Энэ чиглэлд тодорхой зүйл хийх төлөвллөгөө байгаа. 
    Үүнээс гадна манай нэг чухалчилж  авч үздэг салбар бол байгалийн нөөц.  Байгаль орчинд холбоотой зүйлүүд гэхээр хөдөө аж ахуйн салбарт ой, газрын нөөцийн асуудал яригддаг. Байгалийн нөөцийг хариуцлагатайгаар хэрэглэдэг байдлыг шат шатанд нь бэлдэж сургах, бэлчээрийн доройтлын асуудал, газрын зөв зохистой хэрэглээ, биологийн олон янз байдлын асуудал гээд холбогддог. Хамгийн гол нь байгалийн нөөцийн хариуцлагатай хэрэглээг бий болгоход төвлөрч ажиллаж байна.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...