• Агробизнес

    Махны үхэр үржүүлэгч, сонирхогчид үнэнтэй нүүр тулж, ирээдүйгээ тод харлаа

    И.Отгонжаргал

    Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйн бизнес рүү малчид болон малд ойрхон өссөн хүмүүс гэхээсээ илүү хөдөө аж ахуйгаас тэс өөр ажил, мэргэжлийн залуус махны үхрийн аж ахуйд зоригтой хөрөнгө оруулалт хийх нь их болсон. Тэдний шантраагүй зүтгэсэн нь 10 гаруй жилийн дараа түрүүчээсээ үр дүнгээ үзэж, өнөөдөр бусдадаа махны үхрийн аж ахуй эрхлэхэд “Ийм зүйлд анхаарах хэрэгтэй. Би ингэж алдсан, оносон” гэдэг сургамж, туршлагаа бодитоор үзүүлж харуулахтай болжээ.

    Монголчуудын махны үхрийн аж ахуй сонирхсон нь  хэдэн жилийн өмнөөс энэ чиглэлийн туршлага судлах гэж  ганцхан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үйл ажиллагаа эрхэлдэг Канад улсын иргэн "Занаду Разорбек" компанийн захирал Жереми Тэссэнийг  л хол, ойроос  зорьдог байв. Тэгвэл өнөөдөр түүний өмнүүр орж туршлагаа өгүүлэх нэг бус фермерүүдийг харах сайхан. Тэд монголчууддаа юугаа ч нуухгүй хэлж, зөвлөхийг хичээж байгааг харах сайхан байлаа.

     

    Сэлэнгэ аймгийн төвд анх удаа махны үхэр үржүүлэгч, сонирхогчдын зөвлөгөөн өнгөрсөн баасан/2023.04.14/боллоо. Газар тариалангийн бүсэд эрчимжсэн аж ахуй эрхлэнэ гэсэн төрийн бодлого байдаг ч нэг ч газар тариалангийн  бүсэд өнөөдрийг хүртэл ганц ч удаа эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид энэ тэндээс цуглаж  байгаагүй юм. “Махны үхрийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Мал зүйч, үржүүлэгчдийн холбоо, ХХААХҮЯ, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, махны үхэр үржүүлэгч “Гацуурт”, “Газар агро” зэрэг компани хамтран  зохион байгуулав. Зөвлөгөөнд оролцсон ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Энэ арга хэмжээг  Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахтай уялдуулан, мөн энэ онд Монгол Улсад мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэйгээ хамтран хийж байгаа төлөвлөгөөт ажлуудын нэг” хэмээн онцлов. 

      

    Хамгийн сонирхолтой нь орон нутагт зохион байгуулах зөвлөгөөний зарыг сошиал сүлжээгээр  түгээгээд тун удаагүй дорхноо 500 гаруй оролцогч бүртгүүлж, зохион байгуулагчид хурал хийх танхимынхаа  багтаамжид захирагдаад бүртгэлийг наана нь хаахад хүрсэн байна. Энэ нь эрчимжсэн мал аж ахуйн ийм сургамж, туршлага ярьж зөвлөлдөх уулзалтыг аж ахуй эрхлэгч, фермер, малчид маш их хүсэн хүлээж байсан гэсэн үг. Зөвлөгөөнд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Архангай, Булган, Хөвсгөл зэрэг 14 аймаг, Улаанбаатар хотоос оролцов. Зөвлөгөөний нэг онцлог нь манай хаа сайгүй болдог олон дарга нар индэрт заларч, илтгэл тавьж, яриад суух биш, дан үйлдвэрлэгчид цуглаж, үдээс өмнө часхийсэн хэдэн илтгэлээр тулгамдсан ас уудлуудынхаа талаар нэгнийхээ алдсан, оносон туршлага, зөвлөмжийг сонсон, сонирхсон асуултаа асууж, үдээс хойш Сэлэнгэ аймгийн махны үхрийн томоохон аж ахуй нэгж болох “Гацуурт”, “Газар агро”компанийн фермтэй танилцаж, туршлага судалснаараа шинэлэг хийгээд онцлог байлаа. Зөвлөгөөнийг голлон зохион байгуулсан Мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр анхнаасаа илтгэгч нарт сэдвийг нь тодорхой хэлж, хурлын үеэр чиглүүлэгч хийх үеэрээ илтгэгч нарын цагийг бариулж, хурлыг илүү дутуу зүйлгүй товчхон тодорхой болгосон юм. Оролцогчид үдээс хойш Сэлэнгийн Цагаанннуур, Зүүнбүрэн сумын хоёр фермтэй танилцах аялалтай байсан учраас тэр байх.

    Энэ үеэр махны үхэр үржүүлэгч, сонирхогчдод тулгардаг олон асуудлыг тодорхой ярилцаж, нэг үгээр тэд бодит үнэнтэйгээ нүүр тулж, цаашид хэрхэх талаарх  ирээдүйн чиг баримжаагаа тод харж чадсан болов уу. Учир нь, махны үхэр өсгөж үржүүлнэ гэдэг бэлчээрийн мал аж ахуйгаас өөр, өртөг зардал өндөртэй бизнес учраас хэн бүхний санаан зоргоороо хийчих зүйл биш. Хөрөнгө мөнгө олоод хэдэн үхэр худалдаж аваад хийлээ гэхэд малчин, бэлчээр, тэжээл, мал эмнэлгийн үйлчилгээ, үржил селекц, бүтээгдэхүүний борлуулалт  гээд үүсгэн байгуулагчийн хувьд мэдэхгүй чадахгүй олон нарийн ширийн асуудалтай тулгарч, байнгын толгойны өвчинтэй явдаг гэсэн үг. Тэгвэл уг зөвлөгөөнд оролцогчдын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонсоход “Шийдэхэд бэрх асуудлуудынхаа талаар бусдын алдаа оноо, туршлагыг чихээрээ сонсож, гараараа барьж үзээд цаашдаа хэрхэх талаар хатуу ч гэсэн үнэнийг мэдэж аваад, буцаж байгаадаа баяртай байна” хэмээн өгүүлэх нь  цөөнгүй байлаа. Түүнчлэн хурлын үеэр илтэл тавьсан Сэлэнгийн “Газар агро”, Төв аймгийн “Монголиан девелопмент  солюшн”, Дорнодын “Дорнод фарм” компаниудын захирлуудыг эс тооцвол оролцогчдын олонх нь малчид, махны үхэр сонирхогчид байсан. Гэхдээ тэр дунд “Хүчү агро” гэх мэт фермдээ махны үйлдвэр хүртэл байгуулаад цогцолбороор нь бүтээж, хөгжүүлж байгаа компани ч бий юм.

     

    Зөвлөгөөний үеэр яригдсан асуудлуудыг тоймлоход бэлчээр, тэжээл, газрын асуудлаа шийдэх, их хэмжээний хөрөнгө зарж, өртөг шингээн үйлдвэрлэж байгаа махны борлуулалтаа хэрхэн хийх, малын өвчнөөс ангид байх буюу экспортод чиглэсэн үйл ажиллагаа явуулахын тулд хамгаалалттай аж ахуй байх, мал эмнэлгийн дэглэм бүхий эрүүл бүс байгуулах, махны салбарын кластерын  хөгжил, экспорт, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын асуудлыг чухлаар авч үзсэн.

    Монголчууд махны үхэр өсгөнө гээд хамгийн түрүүнд үхрээ худалдаж авдаг. Тэгвэл энэ хурал, танилцах аялалд оролцсоноор үхэр авах нь нэн тэргүүний ажил биш юм байна. Харин бэлчээр, тэжээлийн асуудлыг  нэгдүгээрт тавьж, эхэлж шийдэх хэрэгтэйг ойлгож авсан байх. Учир нь, зөвлөгөөнд илтгэл тавьсан залуу  захирлууд махны үхрийн аж ахуй эрхлэхэд гаргасан алдаа, оноогоо ярихдаа бэлчээрийн асуудлаа шийдээгүй бол махны үхрийн аж ахуй эрхлэх  гэж бодоод ч хэрэггүй гэдгийг дахин дахин онцолж байсан юм. Түүнчлэн махны үхэр өсгөхөд заавал малынхаа тэжээлийг тариалах талбайтай байх ёстой. Тариан талбайгүйгээсээ болоод маш их хөрөнгө мөнгө үрэн таран хийж, алдаж байгааг илтгэгчид болон Мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн, Гавьяат мал зүйч Эрхэмбаяр ч мөн оролцогчдод хатуу санууллаа.

    Амжилт гаргаж яваа фермерүүдийн хувьд бусдадаа “өөрөө тариан талбайгүй бол газар ядаж л газар тариалангийн компанитай хамтрагчтай болох хэрэгтэй” гэсэн нөхөрсөг зөвлөгөөг ч өгч байлаа. Тиймээс махны үхрийн аж ахуй эрхлэхээр сэтгэл, зориг гаргаж, хөрөнгө оруулалт хийж байгаа иргэдийг хөрөнгө оруулагч гэж харан тухайн сум, орон нутгийн засаг захиргаанаас газрын асуудлыг нь шийдэж өгөх тал дээр анхаармаар байгааг ч онцлон тэмдэглэж байлаа. Үүнтэй холбоотой өгүүлэхэд хуралд оролцогчдын дундаас газраа шийдэхгүйгээр Дорнодод 1000 үхэр худалдаж аваад, малчид дээр нь байлгаж байгаа хүнтэй ч таарсан юм. Махны үхрийг Монголын нөхцөлд тавдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1 хүртэл бэлчээрт, арваннэгдүгээр сараас тавдугаар сарын 20 хүртэл байран маллагаанд байлгаж хагас эрчимжсэн байдлаар эрхлэх нь зохилтойг хүмүүс ярьж байв.

    Эрчимжсэн аж ахуй эрхлэе гэж байгаа бол  хаана хаанаа сэтгэлгээндээ  өөрлөлт хийх шаардлагатай байгааг Эрхэмбаяр илтгэлдээ онцлов. Мөн фермийн аяллын үеэр оролцогчид малын арчилгаа маллагаан дээр зөвхөн байгалийн хадлан, худаг төдийхнийг шийдэх  нь хангалттай биш юм байна. Заавал ногоон тэжээл тарьж тэжээх, хужир шүү, чулуун давснаас гадна импортын чанартай эрдэс тэжээл нэмэлтээр өгөх, хүйтэн ус өгч болохгүй зэрэг нь бараг бичигдээгүй хууль юм байна гэдгийг ойлгож авсан байх. Оролцогчид зөвлөгөөнд бүтэн оролцсон ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнд хандан эрчимжсэн аж ахуйд бэлчээр, тэжээл бэлтгэх газрын асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах шаардлагатай байгааг онцлон хэлж, хүсэлт тавьж байлаа. 

    Дараагийн анхаарал хандуулсан сэдвээр махны үхрийн аж ахуйг ганц ганцаараа биш, нэгдэн нийлж, калстераар хөгжүүлэх шаардлагатайг хөндсөн юм. Махны үхрийн аж ахуй үржлийн үхэр өсгөдөг бол тэрийгээ л хийе. Фермүүдээс махны өсвөр үхэр худалдаж аваад бордох,  махны үйлдвэр рүү нийлүүлэх нь дараагийн шатны бизнес эрхлэгчдийн ажил. Ингэж төрөлжих ёстой. Төрөлжилт бий болсноор үйлдвэрлэгчийн өртөг зардал буурах, хөдөлмөр хөнгөвчлөгдөх, эдийн засгийн эргэлт сайжрах зэрэг давуу талтай аж.  Мөн энэ үеэр зүй ёсоор хөндөгдсөн асуудал бэлчээрийн мал аж ахуйтай орны хувьд Монгол Улс  малын өвчнөөс ангижрахад маш их хугацаа орох тул махны үхрийн аж ахуй эрхлэх бол  хүссэн,  хүсээгүй хамгаалалттай аж ахуй байгуулах, эрүүл бүс бий болгох чиглэлд төр нь ч хувийн хэвшил нь ч анхаарч, ажлаа шуурхайлах хэрэгтэй байна гэдгийг хэлэлцэв. Энэ үеэр Олон улсын санхүүгийн корпорацын “Монгол мах” төслийн удирдагч Д.Жигжидмаа хамгаалалттай аж ахуйн нэгж байгуулах чиглэлд тус төслийн зүгээс хийж байгаа ажлынхаа талаар товч мэдээлэл өгсөн  юм. Тэрбээр” Хамгаалалттай бүс байгуулах гэдэг бол газар нутгийн хувьд ч өргөн хэмжээний асуудал. Тиймээс бүсийн асуудал  төрийн зүгээс хийх ажил. Харин хамгаалалттай аж ахуйн нэгж байгуулж ажиллахад мөрдөх дүрмийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зааварчилгааны дагуу хийхээс гадна Монголын холбогдох хууль дүрэмтэй уялдуулж хийх юм. Хамгаалалттай аж ахуйн нэгжийг дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг импортлогч орны хяналтын байгууллагаар хүлээн зөвшөөрүүлэх ажлыг төрийн байгууллага хийх ёстой. Тэгэхийн тулд төрийн зүгээс хамгаалалттай аж ахуйд тусгай мал эмнэлэг ажиллуулж, хяналт мониторинг байнга хийнэ. Ер нь хамгаалалттай аж ахуйн нэгж байгуулах нь хувийн хэвшлийн зүгээс өндөр сахилга бат, ахиу хөрөнгө оруулалт шаардана"гэв. Монголын махны үхрийн аж ахуй эрхлэгчид экспорт хийе гэвэл үүнийг хийхээс аргагүй болж байгаа гэж болно.


    Мөн хурцаар яригдсан өөр нэг асуудал нь эрчимжсэн аж ахуйн өндөр өртөг шингэсэн махны борлуулалтын талаар байв. Эрчимжсэн үйлдвэрлэлийн мах дотоодын зах зээлд бэлчээрийн малын махтай үнээр өрсөлдөх боломжгүй. Тиймээс экспортод чиглэхээс аргагүй юм гэдгийг илтгэгчид дуу нэгтэй онцолж байв. Энэ талаар Л.Эрхэмбаяр“Монголын  3.4 сая хүн амын 3.2 сая нь бэлчээрийн малын махаа хэрэглэнэ. Нэмэлт тэжээлээр тэжээгээд, өртөг шингэсэн та, бидний бэлтгэх гээд байгаа зөөлөн, шүүслэг стэйкний зориулалтын махыг дотоодод сайндаа 200 мянган  хүн хэрэглэнэ. Тэгэхээр яах юм, хаачих вэ. Гарц бол экспорт. Харин бид экспорт хийхийн тулд бүтээгдэхүүнээ  дэлхийн  стандарт, технологиор хийхээс аргагүй. Гэхдээ зорилго чинь монголчуудтайгаа өрсөлдөх биш. Экспортод гарна гэдгийг сайн сана” гэв. Түүнчлэн тэрбээр “ХХААХҮЯ махны экспортын асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах хэрэгтэй. Яаманд махны экспорт хариуцсан ганц мэргэжилтэн байдаг. Тэр нь хаанаа ч хүрдэггүй. Тиймээс  ямар ч үед экспортын асуудалд анхаарал хандуулж, урд, хойд хөрш рүү “манайх ийм зүйл шинээр хийлээ, хийх гэж байна” гээд зогсоогүй ярьж ханддаг хүн байх ёстой” гэсэн санал дэвшүүлсэн юм. 

    Эцэст нь хэлэхэд, монголчууд тэр дундаа ялангуяа шинэ үеийн залуус махны үхэр үржүүлэх бизнес рүү хүчтэй орж эхэлжээ. Тэд төрөөс зун, намрын зургаан сард малаа бэлчээх өөрийн эзэмшлийн бэлчээрийн газар, шаардлагатай тэжээлээ тариалах тодорхой талбайтай болоход нь анхаарч, дэмжвэл бусдыг нь гоншигонохгүй хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Мөн алдаж байгаа зүйл дээрээ асууж сурах туршлагатай манлайлагчид нь ч бий болжээ.

    Махны үхэр үржүүлэгч, сонирхогчдын зөвлөгөөн ийнхүү маш амжилттай болж, газар газраас мэдээлэл авч, туршлага судлахаар ирсэн олон хүн олзтой буцсан гэдэгт эргэлзэхгүй байна. Төгсгөлд нь таатай мэдээ дуулгахад, ХХААХҮЯ, Мал зүйч, үржүүлэгчдийн холбооноос ирэх сарын дундуур төвийн бүсэд сүүний үхрийн аж ахуй эрхэлэгчдийн зөвлөгөөн, зургадугаар сард хонь, ямааных гээд намар болтол мал аж ахуйн зөвлөгөөнийг салбар салбараар нь үргэлжлүүлэн хийх юм.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...