• Л.ЭРХЭМБАЯР: МАХНЫ ЭКСПОРТ ХАРИУЦСАН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОХ ХЭРЭГТЭЙ

    И.Отгон

    Сэлэнгэ аймагт 2023 оны дөрөвдүгээр сарын 14-нд болсон “Махны үхрийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ий үеэр олон чухал асуудлыг хөндөн хэлэлцсэний  нэг нь эрчимжсэн үхрийн аж ахуйн махны борлуулалт болон махны экспорт, чанар стандарттай холбоотой байв. Энэ талаар хамгийн тодорхой саналуудыг Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны ерөнхийлөгч, гавьяат мал зүйч, доктор  Л.Эрхэмбаяр “Монголын махны үхрийн аж ахуйн ирээдүй” сэдэвт илтгэлдээ тодорхой дэвшүүлсэн юм. Түүний  илтгэлийн энэ хэсгийн видеогоор үзэхийг хүсвэл манай @agronews.mn пэйжээс сонирхоорой.

            Нэмэлт тэжээлээр тэжээж, өртөг шингээсэн эрчимжсэн үхрийн аж ахуйн үйлдвэрлэж байгаа мах дотоодын зах зээлд борлуулалтын хувьд  бэлчээрийн малын махтай хэрхэн өрсөлдөх вэ? Бордсон үхрийн зөөлөн, шүүслэг, үнэ өндөр махыг монголчуудын хэдэн хувь нь хэрэглэх боломжтой вэ?

    Монгол Улсын 3.4 сая хүн амын 3.2 сая нь бэлчээрийн монгол малын махаа хэрэглэнэ. Нэмэлт тэжээлээр тэжээж, өртөг шингэсэн та бидний бий болгох гээд байгаа зөөлөн, шүүслэг, стэйкний махыг дотоодын зах зээлд сайндаа 200 мянган хүн хэрэглэнэ. Бид тэгж тооцсон. Тэгэхээр  махаа хэрхэн борлуулах вэ?

    МАХНЫ ҮХРИЙН АЖ АХУЙ ЭКСПОРТЫГ ЗОРИХ ЁСТОЙ

    Бэлчээрийн малын махны борлуулалт дээр  бидний хийж байгаа эрчимжсэн үхрийн махны борлуулалт пять нойлдуулна. Би хатуу хэлж байгаа, та нарт ойлгуулах үүднээс. Тиймээс дотоодын худалдан авалтад найдах ямар ч үндэслэл байхгүй. Зах зээл тун бага. Ойрын 5-7 жилдээ эерэг хүлээлт нэг их гарахгүй.

          Гарц бол экспорт.Тиймээс бид экспорт хийхийн төлөө махны үхрийн аж ахуйг дэлхийн стандартаар хийхээс өөр гарцгүй.

    Хэрвээ та махны үхрийн аж ахуй эрхлэх гэж байгаа бол дэлхийн технологийн дагуу хийсэн шиг хий. Зорилго чинь харин дотооддоо өрсөлдөх биш, экспорт.

    Гэхдээ экспорт хийхэд маш хүнд байна. Манай 330 сумын нэгд нь мал, амьтны гоц халдварт өвчин гарахад түүнээс хойш гурван жилийн дотор Монголоос ямар ч малын түүхий мах экспортлохгүй. Олон улс ийм шаардлага тавина. Энэ эрсдэлийг хэрхэн багасгах вэ?

    Манайд малын гоц халдварт өвчин дандаа гардаг. Одоо ч гарна. Бодит байдал тийм. Муу ёрлож байгаа зүйл ерөөсөө биш.

    Тэгэхээр энэ Олон улсын санхүүгийн корпорацийн “Монгол мах” төслийн зохицуулагч Жигжидмаагийн  хэрэгжүүлж байгаа тусгаарлагдсан аж ахуйг Монголд байгуулах ёстой. Тусгаарлагдсан бүс, тусгаарлагдсан аж ахуйгаас мах  экспортод  гаргана. Энэ бол олон улсад хэрэглэгддэг практик. Тухайн улс оронд нь малын гоц халдварт өвчин гарсан ч тусгаарлагдсан бүсээс, тусгаарлагдсан аж ахуйгаас мах экспортолж болно. Гаргуулахын төлөө бид хаана хаанаа ажиллах ёстой.

    Тусгаарлагдсан аж ахуй байгуулах тал дээр  Засгийн газрын нэн тэргүүнд хийх ажил байна. Махны экспорт хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилох хэрэгтэй. Тэр хүн Хятад зэрэг бусад бүх оронтой Монголын тусгаарлагдсан аж ахуйгаас мах экспортлох тухай бүх нөхцөлийг тохирох ёстой. Нэн яаралтай. Ингэхгүйгээр бидний яриад байгаа зүйл зүгээр үнс болно.

    Энэ тусгаарлагдсан аж ахуйг яриад байгаа “Монгол мах” төслийнхөнд Засгийн газрын зүгээс дэмжлэг үлзүүлэх хэрэгтэй. Дэмжлэг гэдэг нь мөнгө төгрөг гэсэн үг биш, ядаж “хурдалъя” гээд  урам. Засгийн газраас  тусгаарлагдсан бүс байгуулж, хувийн хэвшил, төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр тусгаардагдсан аж ахуй бий болоод, бусад улстай нөхцөл энэ тэрээ тохироод гоё болчихлоо гэж бодоё. Ингэснээр бидний асуудал шийдэгдэхгүй. Дахиад нэг асуудал гарч ирнэ. Тэр нь махны чанар.

    БООЛЫН ХӨДӨЛМӨР ХИЙМЭЭРГҮЙ БАЙНА

         Махны чанар манайд тогтворгүй байна. Бэлчээрийн мал аж ахуйн сул тал л даа. Та бид  дэлгүүр орж мах авах бол” Гайгүй мах таарчихаасай” гэсэн болгоомжлол тээдэг. Тэглээ гээд сайн мах авч чаддаггүй.  “Уг нь би өнгийг нь хар харж л авсан юмсан. Залуу малынх шиг л байсан, хатуу мах таарчихаж” гэдэг. Энэ бол стандарт биш. Стандарт бус бараа бүтээгдэхүүн дэлхий дээр үнэ цэнэ хүрдэггүй. Бид өнөөдрийг хүртэл махаа ангилахгүй, стандарт руу оруулахгүй байгаа учраас Иран руу манай хонины мах гурван ам.доллараар гарч байна. Энэ бол боолын хөдлмөр. Бид ийм бизнес хиймээргүй байна. Австралийн адилхан хонины мах есөн ам.доллараар гардаг. Францынх 11 ам.долларын үнэ хүрч  байна. Бид үхэр, хонины аж ахуйгаа бүгдийг нь стандарт руу оруулах хэрэгтэй.

    Монгол малынхаа махыг доош нь хийлээ гэдэг. Бодит байдал гурван ам.доллар байгаа нь үнэн шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөө хөдөлмөрлөх шаардлагатай. Малынхаа махны чанарыг дэлхийн стандарт руу нийцүүлэх ёстой. Ийм л зүйлийг дэлхий биднээс шаардаад байгаа. Түүнээс бидний ярих дуртай монгол мал 300 гаруй нэр төрлийн байгалийн зэрлэг ургамлаар хооллодог, цэвэр эко гэдгийг хэн ч тоохгүй. 

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...