• Агробизнес

    Отрын зохицуулалтыг босоо чиглэлд хийснээр эерэг үр дүн гарна

    И.Жаргал

    Жил бүрийн өвөл отор нүүдлийн асуудал хэл ам, хэрүүл тэмцэл дагуулдаг. Тэгвэл энэ жил УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон ХХААХҮ-ийн сайдын өгсөн тодорхой үүрэг чиглэлийн дагуу отрын бүсийн зохицуулалтыг шинэ зохион байгуулалттай хийж дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.

    Ингээд Аймаг дундын ортын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Г.Мөнхбаяртай  ярилцлаа.

    -Аймаг дундын отрын бүс нутагт энэ жил хэчнээн аймгийн, хэдэн тоо толгой мал өвөлжүүлэх зохицуулалт хийж байна вэ?

    -Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь  2007 онд анх байгуулагдсан.  Улсын хэмжээнд есөн бүс нутгийн 783.3 мянган га газар нутгийг хариуцан  ажилладаг. Энэ нь нийт бэлчээрийн нэг хувь ч хүрэхгүй газар учраас улсын хэмжээний отор нүүдлийг зохицуулахад амаргүй. Тиймээс цаашид аймаг дундын отрын бэлчээрийг 10 хувьд хүргэх зорилттой байна. Энэ бүст өнөөдрийн байдлаар 600.000-1.000.000 орчим малыг отроор өвөлжүүлж байна.

    2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд отор нүүдлийг босоо чиглэлд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулна. Отроор явж байгаа малчин өрхүүдийн мэдээллийг цахимжуулж ил тод, хүртээмжэтэй болгох  чиглэлд ажиллаж байна. Цаашдаа цахим хэлбэрт шилжсэнээр малчин хүнд илүү их боломж нээгдэнэ гэж үзэж байгаа. Өнөөдөр иргэдээ отроор хэн, хаана явааг зарим сумдын удирдлагууд сайн мэддэггүй шүү дээ. Отрын бүсийг босоо чиглэлтэй болгож, цахимжуулснаар малчин өрхийн  эрүүл мэнд, нийгмийн  үйлчилгээ хүртээмжтэй болохын зэрэгцээ эдийн засгийн хувьд ч боломжууд нээгдэнэ. Мөн босоо чиглэлд отор нүүдэл хийлгэснээр малын халдварт болон гоц халдварт өвчний тархалтыг хязгаарлах, хянах боломж илүү өргөн болно.  

    -Өмнө нь тэгэхээр хөндлөн байсан гэсэн үг үү?

    Малчид баруунаас- зүүн, зүүнээс- баруун чиглэлд 1000 км-т малаа машинд  ачаад л  явдаг. Мөн зунжин оторлож, туугаад зүүн талаасаа баруун талд, баруунаас зүүн талд гарч хөндлөн гулд явдаг. Үүнд дүгнэлт хийгээд Аймаг дундын ортын бүс есөн нутагт байгаа. Босоо чиглэлийн зүүн бүсэд Дорнодын Чойбалсан, Хэнтийн Хэрлэнбаян-Улаан, Говьсүмбэрийн Малхын тал орно. Төвийн бүсэд Булганы Дашинчилэнгийн Чилэн, Өвөрхангайн Хөхдэл, Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгийн чиглэлийг хамруулдаг. Баруун бүсэд Завханы Багахайрхан, Ховдын Дарви, Говь-Алтайн Аргалант, Увсын Ачит нуур.

    Отрын бүсэд ийм зохион байгуулалт хийснээр Говь-Алтайгаас Хэнтий рүү ирдэг нүүдэл зогсоно. Эдгээрийг дагасан эрсдэлүүд багасаж, ядаж  аймаг дотроо байгаа учраас малчдын гэр бүлийн өндөр настнууд эрүүл мэндийн үйлчилгээ авах, сургууль, цэцэрлэгийн асуудал, нийгмийн үйлчилгээ жигдэрч эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа. Түүнчлэн малын халдварт өвчнийг хязгаарлаж чадна.

    -Отрын бүсэд өвөлжих малын захиалгыг хэдий хугацаанд авдаг вэ?

    -Есдүгээр сарын 15-ны дотор ортын захиалга ирнэ. Аравдугаар сарын 15 хүртэл Орон тооны бус зөвлөлийн хурлууд хийгээд, малынхаа  тоо толгойг тохироод  арваннэгдүгээр сарын 1-нээс оруулж эхэлнэ.

    -Отрын малчдыг хөөж тууж байна гээд хэрүүл тэмцэл болоод байдаг асуудлыг цэгцлэнэ гэж ойлгож болох уу?

    -Ерөөсөө л дээрх асуудлыг таслан зогсоох үндсэн гол зорилготой. Засгийн газар болон УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгээс ч гэсэн үүнийг анхаараачээ гэдэг чиглэл өгсөн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  сайдын зүгээс ч гэсэн энэ асуудалд гойд аанхааръя, отор нүүдлийн зөв зохистой бодлого хэрэгжүүлье гэж үзсэний үндсэн дээр үүнийг хийх ажлын хэсэг гараад ажиллаж  байгаа.

    -Отрын бүс нутгийн худаг уст цэг, хашаа хороог засах, өвөлд бэлтгэх төсөв хэр байдаг вэ?

    -Отрын бүсийн захиргаанд өнөөдрийн байдлаар худаг ус, хашаа хороо засахад зориулсан ямар ч төсөв байхгүй. Үйл ажиллагаа явуулах л хэмжээний төсөвтэй газар. Бид өнөөдөр Малын тоо толгойн татварын хэлэлцүүлэгт оролцож  нэг санал дэвшүүлж байгаа. Улсын тусгай хэрэгцээний газарт төрийн үйлчилгээ үзүүлэх, хамгаалахад зориулсан хөрөнгө оруулалт Малын хөлийн татвар юм байна. Отроор явсан малчин өрх орон нутагтаа татвараа төлдөггүй. Тэгсэн мөртлөө ортын бүсэд ирээд мөн татвар өгдөггүй.  Худаг усыг нь ашиглаад, чулуун хороог нурааж эвдлээд, үхсэн малын сэг зэмээ орхиод нүүдэг. Элдэв малын халдварт өвчин тээж ирээд, тараадаг гэх зэрэг  асуудлууд бий. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг арилгах, бүс нутгаа хамгаалах зардлыг Малын хөлийн татвараас нь авах зохицуулалт хийх санал гаргаж байна. Арваннэгдүгээр сард ирээд дөрөвдүгээр сарын 1 хүртэл чөлөөлөх хугацааны Малын хөлийн албан татварыг манай байгууллага авдаг байя. Тэр нь  эргээд зөвхөн улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт мал амьтны сэг зэмийг устгах, малын хашаа хороо, өтөг бууц, бэлчээрийг хамгаалах, мэргэч оготныг устгах ажилд нь зарцуулдаг байя. Журмынхаа дагуу зун нүүхгүй байгаа айлуудыг нүүлгэдэг байя. Ингэж тусгай хэрэгцээт газраа хамгаалдаг болно. Манай бүсүүдэд нэг нэг мэрэгжилтэн байгаа. Тэд өнөөдөр унаа байхгүй өөрийнхөө машинаар, өөрийнхөө бензин хийгээд, айлуудыг тойроод, зөрчилтэйг нь хөөгөөд явж байна. Тэр зөрчил гаргаж байгаа нөхөдтэй хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Орон нутагт байгаа мэргэжилтнүүдийг байцаагчийн статустай болгох, унаа тэрэг, шатахуун тосоор хангах хэрэгтэй байна. Ийм асуудлуудаа шийдүүлж байж ажил хийх нөхцөл бүрдэнэ.  

    -Отрын бүсэд үлийн цагаан оготнын тархац ямар байдаг вэ, худаг ус хэр хүрэлцээтэй байдаг вэ?

    Урагмал хамгааллын хүрээлэн, ХХААХҮЯ хооронд байгуулсан гэрээний дагуу жил бүр мэргэч амьтны тархалтыг судлах судалгаа хийдэг. 2022 онд уг судагаагаар дөрвөн отрын бүсэд 95.000 га газарт  зайлшгүй оготно устгал хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Үүний дагуу ХХААХҮ-ийн сайд 55.000 га газарт оготно устгалын мөнгийг шийдвэрлэж өгсөн. Гэсэн хэдий ч дээрх зардлаар бий болсон асуудлыг бүрэн шийдэх боломжгүй. Тухайн орон нутгийн отрын бүсийн ойролцоох малчдыг энэ ажилд татан оролцуулах байдлаар дэмжлэг туслалцаа авах арга замаар явж байна.

    -Танайх хэдэн ажилтантай вэ? 

    Үндсэн орон тоо 24. Орон нутагт 12 хүн ажилладаг. Төв оффист тал нь ажиллдаг. Бид отрын бүсийнхээ  нэг тал руугаа явахад 10 гаруй хоног явдаг. Жишээлбэл зөвхөн Малхын 192.000 га талбайг тойроход 3-4 өдөр зарцуулдаг. Бартаа саадтай газраар их явна.

    Эх  сурвалж: "Шинэ малчин" сэтгүүл.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...