• Агробизнес

    ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН САЛБАР ШИНЭХЭН ГАВЬЯАТТАЙ БОЛЛОО

    Газар тариалангийн салбараас энэ сарын 06-нд есөн гавьяат цолтон төрсний нэг нь Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн, “Түмэн сүйх” компанийн захирал, доктор Я.Оюунчимэг байлаа. Ингээд мөн өдөр болсон “Ургацын баяр-2023”-ын үеэр шинэхэн Монгол Улсын гавьяат агрономчийн баярын сэтгэгдлийг нь сонссон юм.

    -Гавьяатын тэмдгийг энгэртээ гялалзуулсанд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

    -Төрийн зүгээс миний хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын гавьяат агрономч гэдэг энэ эрхэм цол тэмдгээр шагнасанд баяртай байна. Энэ шагналыг авахад миний хамт олон, хайрт хань, үр хүүхдүүд, найз нөхөд, эрдэмтэн багш нар, тариаланч, ногоочдын маань хувь нэмэр маш их юм. Тийм болохоор тэр бүх хүмүүст баярлаж талархснаа илэрхийлье.

    -Та гавьяат агрономч болтлоо ажилласан ажил мэргэжлийн түүхээсээ цухас сонирхуулана уу?

    -Хөдөө аж ахуйн техникч, агрономч гэдэг сайхан мэргэжлийг эзэмшээд 40 жил болжээ. Үүний 38 жилийг яг хүлэмжийн аж ахуй дээр ажилласан байна. Энэ мэргэжлийг эзэмшихдээ оюутан байхаасаа тариа, ногоо, хүлэмж дээр ажиллаж, ахмад үеийнхнээсээ маш их зүйлийг суралцаж явсан. Үүнээс цааш мэргэжлээрээ бие даан ажиллаж ялангуяа нарийн ногоо ургуулахад өөрсдийн хүч хөдөлмөрийг дайчлан дотоодын болон олон улсын эрдэмтэдтэй хамтран ажиллаж Монгол Улсын хүлэмжийн  аж ахуйн үйлдвэрлэлд шинэ технологиудыг нэвтрүүлэн ажиллаж байна.

    -Манай улсын энэ жил хураан авсан хүнсний ногооны ургац  түүхэн дээд амжилт үзүүллээ. Гэхдээ хүлэмжийн аж ахуйн ногооны үйлдвэрлэлийн хувьд санасан хэмжээнд хүрч чадахгүй  байгаа шүү дээ. Ойрын ирээдүйн хандлага ямар байгаа вэ?

    -Монголд сүүлийн жилүүдэд хүлэмжийн аж ахуй эрчимтэй хөгжиж байна. Улсын хэмжээнд нийт 11.7 га хүлэмжийн аж ахуйтай байсан бол энэ  оны мэдээгээр 112 га талбайтай болж нэмэгдсэн баяртай мэдээг дуулгахад таатай байна. Үүний 34 га нь өвлийн хүлэмж, үлдсэн нь зуны нийлэг хальсан хүлэмж бий. Бид үйлдвэрлэлийг шинжлэх ухаантай холбож ажилласны үр дүнд хүлэмжийн нарийн ногооны шинэ сортуудыг гаргаж авч байна. Түүнчлэн хүлэмжийг яаж барьдаг, тэнд ургамал ургуулах шинэ технологиудыг хэрэглэсний үндсэн дээр нийт авч байгаа ургацын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Өвлийн хүлэмжийн аж ахуйн 60-65 хувийг халаалтын зардал эзэлдэг. Энэ зардлыг 2018 онд одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх  Ерөнхий сайд байхдаа хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй уулзалт хийж, цахилгааны шөнийн тарифыг 100 хувь чөлөөлсөн. Энэ бол хүлэмжийн аж ахуйн хөгжилд том тус болсон гэж хэлнэ.  “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 50 га-гийн дэвшилтэт технологитой хүлэмжийн аж ахуй барих зорилт тавин ажиллаж байна.

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...