• Агробизнес

    ДЭД САЙД М.ГАНХҮЛЭГ ДАЯН ДЭЛХИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

          Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-21-нд ХБНГУ-ын Берлин хотноо уламжлал болон  зохиодог дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын түвшний “2024 оны Хүнс, хөдөө аж ахуйн даян дэлхийн чуулга” уулзалтад оролцож байна.

    ​Айлчлалын эхний өдөр М.Ганхүлэг дэд сайд Бүгд Найрамдах Аргентин Улс (БНАУ)-ын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загас агнуурын сайд ноён Фернандо Вилелла тэргүүтэй төлөөлөгчдтэй хоёр талт уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууныг ойрын хугацаанд БНАУ-д ажлын айлчлал хийх, мал, амьтны эрүүл мэнд, мөшгих тогтолцоо, бүртгэлжүүлэлт, хамгаалалттай аж ахуй, эрүүл бүс, хүнсний үйлдвэрлэл болон инноваци, судалгааны хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болов.


    ​Мөн төлөөлөгчид ХБНГУ-ын Холбооны хүнс, хөдөө аж ахуйн сайд ноён Жем Оздемир, Холбооны парламентаас томилогдсон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Силвиа Бендер тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа.

    Хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ирэх тавдугаар сард Төрийн нарийн бичгийн дарга Силвиа Бендер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байгааг дуулгалаа.

     

          Айлчлалын хоёр дахь өдөр дэд сайд М.Ганхүлэг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллаг/АҮХБ/-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Гүнтэр Бэгер тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны ололт, амжилтыг онцлон тэмдэглэж, цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ онцлон тэмдэглэв.

    Ирэх долдугаар сард Монголын эдийн засгийн форум болох үеэр НҮБ-ын АҮХБ-ын удирдлагуудыг Монгол Улсад айлчилж, дээрх арга хэмжээнд оролцохыг урилаа.

     

          Дараа нь Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан (ХААХОУС)-ийн дэд ерөнхийлөгч доктор Жерардин Мукашимаратай уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, ХААХОУС хоорондын түншлэлийн хүрээнд тогтвортой үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуйн тогтолцоог бий болгоход гол хүч, анхаарлаа төвлөрүүлж ирсэн, малчид, хоршооллуудыг дэмжиж, тэдгээрийн зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсныг дэд сайд сайшаан онцолсон.

    Талууд ХААХОУС-ын санхүүжилтээр амжилттай хэрэгжиж ирсэн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн II үе шатыг санхүүжүүлэн хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах, Монгол Улсын Засгийн газрын ХААХОУС-ын өмнө хүлээсэн үүргийн талаар санал солилцож, ажиллалаа.

          Мөн өдөр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс (ДБНУУ)-ын Мал аж ахуй, хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Фернандо Мэттоз тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууныг ойрын хугацаанд тус улсад ажлын айлчлал хийх, мал, амьтны эрүүл мэнд, мөшгөх тогтолцоо, бүртгэлжүүлэлт, хамгаалалттай аж ахуй, эрүүл бүс, хүнсний үйлдвэрлэл болон инновац, судалгааны хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болов.

     

    Эх сурвалж: ХХААХҮЯ

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...