• Агробизнес

    “AGRO EXPO 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

    Ц.ЭНХЖИН

    Монголын хөдөө аж ахуй, газар тариалангийн олон улсын үзэсгэлэн болох “Agro Expo 2024” энэ сарын 07-нд “Буянт-Ухаа” спортын ордонд нээлээ.

    Гурван өдөр/2024.06.07-09/ болох уг үзэсгэлэнг олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах үйлчилгээгээр төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг “Экспо Монгол” компани гурав дахь жилээ ийнхүү  зохион байгуулж байна. Үзэсгэлэнг ХХААХҮЯ, Монголын тариаланчдын үндэсний холбоо/МТҮХ/, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо дэмжин ажиллаж байгаа бол хүлэмжийн аж ахуйн болон  газар тариалан, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж нийлүүлэгч “Мөнх ногоон тал” компани ерөнхий ивээн тэтгэгчээр, үр тарианы том техник, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч “Агромаштех” компани алтан ивээн тэтгэгчээр  оролцож байна.

          Agro Expo үзэсгэлэн нь 2019 оноос газар тариалан, мал аж ахуй гэсэн үндсэн хоёр салбарыг хамарч ирсэн бол энэ жилээс гурав дахь салбар буюу ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн салбарыг оролцуулж зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

    Үзэсгэлэнд аймаг сумдын холбогдох төлөөллүүд, салбарын бизнес эрхлэгчид, мал аж ахуй, фермийн аж ахуй эрхлэгчид, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, өрхийн бизнес эрхлэгчид, холбогдох шинжлэх ухааны байгууллагууд, тоног төхөөрмж импортлогчид, үйлдвэрлэгчид оролцохоос гадна БНХАУ, ОХУ, Солонгос зэрэг 10 гаруй орны 80 гаруй байгууллага оролцож байна.

    Тус үзэсгэлэнг зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн захирал Т.Баттулга уг арга хэмжээний ач холбогдолын талаар  хэлэхдээ “Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарын  хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор бид энэ олон улсын үзэсгэлэнг зохион байгуулдаг. Салбар дундын харилцаа холбоог сайжруулах, дотоод, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн өнөөгийн хөгжил дэвшлийг нийтэд харуулах, салбарын оролцогчдод шинэ боломж олгох, эрэлхийлэх эрхэм зорилготой” гэв. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс хардаг нэг гол зүйл нь үзэсгэлэнгээр дамжуулан салбарын хөгжил урагшлахад чухал нөлөө үзүүлж, улмаар дотоодын үйлдвэрлэгчид, орологчдыг олон улсын зах зээлтэй шууд холбох гүүр болох аж.

    Та үзэсгэлэнг зорьж очсоноор газар тариалан, хөдөө аж ахуй, ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн чиглэлийн бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнтэй танилцахаас гадна жимсний модны суулгац, ургамал хамгааллын органик бодис, бордоо, үр сорт, өрхийн тариаланд хэрэгцээтэй орчин үеийн техник, тоног төхөөрөмж гээд хөдөө аж ахуй, газар тариаланд юу хэрэгцээтэй байдаг тэр бүгдийг үзэж сонирхож, мөн худалдан авалт хийх боломжтой юм.

           Мөн  энэ жилийн зохион байгуулалтын нэг онцлог нь гурван өдрийн турш үзэсгэлэнд оролцогч, сонирхогчдын оюуны хөрөнгө оруулалтад анхаарч хөдөө аж ахуй, газар тариалан, ногоон байгууламжийн форм хийж байгаа юм. Тухайлбал, өчигдөр нээлтийн эхний өдөр Хөдөө аж ахуйн форум болж Азийн хөдөө аж ахуйн чиг хандлагаас авахуулаад Газар тариалан эрхлэгчид өөрийн аж ахуйдаа тохирсон техник тоног төхөөрөмжийг хэрхэн зөв сонгож, үр бүтээлтэй ашиглах, Улаан буудай, тэжээлийн таримлын үр үйлдвэрлэлд хэрхэн анхаарах, Хөдөө аж ахуйн орчин үеийн ухаалаг, өндөр бүтээмжтэй  техникүүдийг  ажиллуулж ашиглахад юуг анхаарч, ямар стандарт мөрддөг, Хэрвээ та махны аж ахуйн бизнес хийх бол хургыг хэрхэн бордох зэрэг сэдвүүдээр дотоод, гадаадын олон төлөөлөл сонирхолтой илтгэлүүд тавьсан. Өнөөдөр Газар тариалангийн, нөгөөдөр Ногоон байгууламжийн форм бий.

    Agro Expo” үзэсгэлэн нь анх зохион байгуулагдахдаа 2019 онд “Атрын 60 жил”-ийн ойн үеэр Сүхбаатарын талбайд, 2023 онд “Намрын ногоон өдрүүд” ургацын баярын үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д тус тус болж байсан бол энэ жил Улаанбаатар хотын баруун зах руу “Буянт-Ухаа” спортын ордонд болж байгаа нь олон улсын чанартай үзэсгэлэн гэдэг утгаараа дотоод, гадаадын гол оролцогчдын хөдөө аж ахуйн том техникүүдийг гадна талбайд олноор байршуулах, үзэсгэлэнгийн дотоод тохижилт засал чигмэглэлийг олон улсын түвшинд ойртуулж хийхэд нь тун тохиромжтой болжээ.

    Эрхэм уншигч та бүхэн хөдөө аж ахуйн олон улсын үзэгэлэн “Agro Expo 2024”-ийг зорьж очиж үзээрэй.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...