Үнэт таримал хөх далан хальс
Бид жимсний таримлыг шимтэн сонирхмоор байна. Мэргэжлийн
хүмүүсээс ам хуурайгүй асууж лавладаг болмоор. Төмс, ногоо, тариа будаагаа
тарьж ургуулдаг шигээ төрөл бүрийн жимсийг ч бас тусгайлан сонирхвол ургуулж
чадна. Ялангуяа бөмбөрцгийн хүмүүст олон зүйл шинээр ойлгуулж буй коронавирус
дэлхий нийтэд дархлаа сайн дэмждэг, амин дэмтэй хоол хүнс хэрэглэх
шаардлагатайг мэдрүүлж байгаа энэ цаг үед жимсний хэрэглээгээ нэмэгдүүлэх нь
монголчуудын өмнө тавигдаж байгаа шаардлага болж байна. Тиймээс төр засгаас “Өрх
бүр хүнсээ бэлдэе” уриалгыг дэвшүүлж буй учраас манай сэтгүүл энэ дугаартаа
жимсний сорт, тарих технологийн тухай мэргэжлийн байгууллагынхны бэлтгэсэн
мэдээллийг хүргэхээс гадна нэг жимсийг онцгойлон танилцуулж, тариаланчид болон
иргэн, аж ахуйн нэгжийг тариалахыг уриалж байна. Энэ бол байгалийн идэвхт
чанарууд ихтэй хөх далан хальс жимс (Lonicera caerulea L) юм. Манайхны мэдэх
байгалийн зэрлэг жимсний нэршил нь “Чонын элэг”. Энэ жимс нь манай орны Алтай,
Хангайн уул нуруудыг даган Хөвсгөл, Булган, Архангай, Завхан зэрэг хангайн
бүсийн уулархаг нутагт түлхүү ургадаг бөгөөд хүнсэнд хэрэглэдэг, хэрэглэдэггүй
гэсэн хоёр төрөл байдаг гэлцдэг.
Тийм болохоор өнөөдрийг болтол нэрс, аньс, чацаргана шиг төдийлэн өргөн хэрэглээнд орж чадаагүй байх талтай. Энэ удаа хөх далан хальс жимсийг хэрхэн тарьж, ургуулах боломжтой талаарх мэдээллийг өгье. Хамгийн гол бидний баярлах зүйл нь уг жимсний суулгацыг худалдан авсан тохиолдолд “ургахгүй байх вий, жимс өгөх болов уу” гэж эргэлзэх зүйл огтхон ч байхгүй, Монгол оронд нутагшсан сорт, ургамлын гарал үүсэл, чанар, технологи, стандарт гээд бүх зүйл нь баталгаажсан байгаад юм. Хөх далан хальсийг ДарханУул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнд сорт сорих, суулгац бойжуулах, тариалалт хийх, жимс хураах, худалдан борлуулах, эцсийн бүтээгдэхүүн хийх бүх ажил хийгдэж байна. Нэг үгээр энэ жимсийг манай орны эрс тэс уур амьсгалд зохицох учиртайг олж мэдэж, тэрхүү сортыг дэлхийгээс хайн олж, нутагшуулсан эрдэмтэн судлаачдын багийн олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон таримал юм. Хөх далан хальс жимс нь найрлагадаа C, A, E, B-гийн төрлийн витамин, кали, калци, магни, төмөр зэрэг эрдэс полифенол, антоциан, филавниод зэрэг эсэлдэлтийн эсрэг бодис ихээр агуулдаг төрөл бүрийн вирус устгах үйлчилгээтэй байгалийн амин дэм ихтэй жимс юм. Тиймээс элэг, бөөр, ходоод, амьсгалын замын халдварт өвчин, экзем, псириоз, мэдрэл, үе мөчний өвчний үед хэрэглэдэг байна. Мөн уг жимс нь хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой болохыг эрдэмтэд судлан тогтоожээ.
“Berry Blue” нутагшсан сортын 100 грамм бүтэгэдэхүүний найрлагад гэхэд л ичлэг- 53 ккал, уураг-1,6 грамм, хүнсний эслэг -6,7 грамм, Витамин С-12,1 мг, Витамин B1- 0.16 мг, Калци -24.5 мг, Кали211 мг, Төмөр- 0.27 мг агуулагддаг байна. Ялангуяа одоогийн коронавирус мэтийн вирусын гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх бэлэн “байгалийн эм” монголчуудын гарт байна гээд бод доо. Тийм ч учраас вирусын эсрэг олон төрлийн эмийн найрлагад ордог байна. Зөвхөн жимсээр зогсохгүй цэцэг, навч, иш, бутны холтос зэргийг нь ч төрөл бүрийн өвчнийг анагаах зориулалтаар ашигладаг байна. Уг таримлын үнэт чанарыг дэлхий мэдэх учраас манайд өргөн тариалж ургуулахад дотооддоо ач тустай төдийгүй импортыг орлох, экспортын чиглэлтэй үйлдвэрлэл болох талаар хөх далан хальсыг Монголд тариалахаар судлан тогтоож, сорт сорин нутагшуулж, тарих технологийн зөвлөмж, суулгац болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа үр дүнг баг хамт олонтойгоо хийж буй хүн бол Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Ургамлын генетик нөөцийн секторын эрхлэгч, доктор Т.Атарсайхан юм. Тэрбээр 2007 оноос хөх далан хальсны судалгааг хийж эхэлсэн бөгөөд энэ сэдвээр дотоод, гадаадад магистр, доктор хамгаалж, үе шаттай олон төслийг удирдаж, өнөөдрийн үр дүнг үзээд байгаа юм. Тэрбээр 2016-2018 онд БСШУСЯны захиалгаар “Хөх далан хальсны сортын эх цэцэрлэг байгуулах, суулгац үйлдвэрлэх” инновацийн төсөл, 2018- 2019 онд БСШУСЯ-ны докторын дараах судалгааны инновацийн төсөл зэргийг баг хамт олонтойгоо хэрэгжүүлжээ. ЯАГААД ХӨХ ДАЛАН ХАЛЬС ГЭЖ? Уншигч таны толгойд ийм асуулт зурсхийх биз. Хариулт нь тодорхой. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтдийн 10 гаруй жилийн судалгааны үр дүнд шалгарсан Канадын “Berry Blue” сортыг 2018 онд Улсын сорт сорилтын зөвлөлөөр Монгол оронд нутагшсан сортоор батламжилсан байна. Өнгөрсөн онд гэхэд хөх далан хальс жимсгэнийг тариалах болон үржүүлэх технологийн зөвлөмжийг ч гаргасан байна.
"Манай орны хувьд жимс жимсгэнийн тариалалтад хамгийн
асуудалтай зүйл нь хүйтнийг тэсвэрлэх чанар байдаг аж. Тэгвэл хөх далан хальс
-46 градус хүртэл хүйтнийг тэсвэрлэх чадвартай, эртийн болцтойгоороо бусад
жимснээс онцлогтой."
Харин бусад жимсний мод бутыг тавдугаар сарын 15-ны дотор тариалах шаардлагатай бол хөх далан хальсыг дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд тариалдаг. Намар арваас арваннэгдүгээр сард өвөлжих таримлыг тариалах боломжтой. Улмаар зургадугаар сарын 2-ноос 20-ны хооронд ургацаа өгдөг байна. Одоогоор Монголд хамгийн эрт ургацаа өгдөг ганц таримал. Мөн манай орны хаврын сүүлчийн цочир хүйтрэл -3 градус хүрч, зарим жимс энэ үеэр хөлддөг бол дээрх хүйтрэл нь хөх далан хальс жимсний ид цэцэглэлтийн үед таардаг ч -7 градусыг тэсвэрлэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Энэ нь жимс тариалагчийн хувьд айх аюулгүй байх нь. Тэрбитгий хэл өвөл хучих шаардлагагүй гэж мэргэжилтнүүдийн зөвлөмжид байна лээ. Суулгац нь ямар үнэтэй, ямар технолгиор тарих бол гэдэг манайхны дараагийн асуулт байна байх. Ургамал газар тариалангийн хүрээлэнд “Хөх далан хальс жимсний сортын эх цэцэрлэг байгуулах, суулгац үржүүлэх” төсөл хэрэгжсэн тухай дээр өгүүлсэн. Тиймээс өнөөдөр тус хүрээлэн жилдээ 1,5 га-д “Berry Blue”, “Cinderella”, “Герда”, “Золушка” зэрэг сортыг ногоон мөчрөөр нь үржүүлж, жилдээ 10 орчим мянган суулгац зах зээлд нийлүүлж байна. 2-3 настай суулгац 8000-10000 төгрөгийн үнэтэй. Нэг га-д 1000- 1500 ширхэг суулгац ордог байна. Га-гийн ургац 36-38 центнер буюу нэг бут 3-5 кг жимс өгдөг байна. Жимсний мод 5-6 настайгаасаа арвин жимс өгч эхэлдэг аж. Уг жимсийг тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн тоо нэмэгдсээр байгаа тухай Атарсайхан доктор онцолсон. Энэ жил гэхэд Төв аймаг, Дархан-Уул, Орхон зэрэг аймгаас суулгац авахаар хандсан байна. Мөн УГТХ жил бүр иргэдэд хөх далан хальс жимсний талаар мэдлэг мэдээлэл олгож, тариалах технологийн танхимын болон талбайн сургалт хийдэг байна.
Манай оронд 2007
оноос хөх далан хальсны 40 гаруй
сортыг Канад, ОХУ, Япон зэрэг орноос интродукци хийж жимсийг тариалах,
нутагшуулах судалгаа шинжилгээ хийсэн байна. Анх
Мөн хөх далан хальс
жимсээр бүтээгдэхүүн хийх төсөл хэрэгжүүлж жимсийг гүн хөлдөөн вакумлаж, жүүс,
чанамал хийж байгаа аж.
ХАЛЬС ТАРИАЛАХ ЗААВАР
Тариалах тогоог 50
см-ийн диаметртэй, 60 см гүн нүхийг гараар эсвэл нүх ухах төхөөрөмжөөр ухна.
Талбайд суулгацыг тарихдаа ургамал хооронд 1.5-2.0м, эгнээ хооронд 3-4 м
зайтайгаар тариална. Бордоо 1. Үндсэн бордоог (шим, кали, фосфор)-оор ихэвчлэн
намар хөрсийг бордоно. 2. Нэмэлт бордоог хавар – зуны хугацаанд 2-3 удаа
хөрсөнд (үндсэнд) эсвэл ургамлыг шүршиж хэрэглэнэ. Микроэлементийн бордоог
ургалтын хугацаанд шүршиж хэрэглэх нь тохиромжтой. 3. Бууцан бордоог 2-3 жил
тутамд намар, түргэн уусагт органик бордоо (бууц, сангасын шингэн бордоо, гумат
г.м)-ыг ургалтын хугацаанд зааврын дагуу шүршиж хэрэглэнэ. Үүнд: 1 м2 тутамд •
3-4 кг бууц, биоялзмаг, • 0,3-0,5 кг сангас эсвэл • органик бордооны нормыг
0,8-1,2 кг/м2 хүртэл бууруулж, эрдэс бүрэн бордоотой хамт хэрэглэж болно.
Усалгаа Эх цэцэрлэгийн талбайд тарилт хийгдсэний дараа заавал усалгааг хийж
өгнө. Ургалтын хугацаанд хөрсийг 200-400 м3/га нормоор дуслын услалтын
системээр, цэнэг усалгааг хавар болон намар 400- 800 м3/га нормоор тооцож, шуудуугаар
тус тус услана. Хавар дөрөвдүгээр сарын дундаас намар аравдугаар сарын сүүл үе
хүртэл 8-9 удаа усална.
/"Шинэ өсөлт" сэтгүүлийн 2020 оны хоёрдугаар улирлын дугаараас нийтлэв./