Хүнсээ хүнээс гуйхгүй байх төрийн бодлого
Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний
аюулгүй байдлыг хангах, хүнсээ дотоодоосоо бүрэн хангадаг болох зорилт
дэвшүүлж, зорилтынхоо төлөө ээлж дараатай алхмуудыг хийж байна. Ерөнхийлөгчийн
толгойлдог Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг энэ оны тавдугаар сарын эхээр
хүнсний аюулгүй байдлын асуудлаар яаралтай хуралдуулж, зөвлөмж гарган, “Хүнсний
хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаагаа УИХ-ын
чуулганы танхимд зарласан. Энэ санаачилгыг ажил хэрэг болгох Хүнсний аюулгүй
байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-д
өргөн барьсныг УИХ одоо ид хэлэлцэж байна.
Мөн өөрийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл”
үндэсний зөвлөгөөнийг зургадугаар сарын 7-ны өдөр зохиолоо.
Ерөнхийлөгч
ийнхүү хүнсний аюулгүй байдал, хүнс үйлдвэрлэлийн асуудлыг тэргүүн зэрэгт
гарган тавихтай зэрэгцэн нийслэлчүүдийн махны нийлүүлэлтийг хангадаг Эмээлт зах
дээр хүнсний аюулгүй байдлын ноцтой зөрчил гарч байгаа талаар мэдээлэл
цацагдлаа. Хүнсний аюулгүй байдлын асуудал улс орны аюулгүй байдал болсон
гэдгийг Эмээлтийн махны шуугиан нотолж байна.
Өнөөдрийн
байдлаар монголчууд хүнснийхээ 50 хувийг дотоодоос, үлдсэн 50 хувийг гаднын улс
орнуудаас импортоор авч байна. Мэдээж зонхилох импортлогч нь өмнөд хөрш Хятад
улс. Дэлхийн улс орнуудын худалдаа даяарчлагдаж, өнөөдөр энд ургуулсан,
боловсруулсан хүнсийг маргааш нөгөө улсын иргэний хоолны ширээн дээр харах
энгийн зүйл болсон байсан. Харин Ковид-19-ийн цар тахлын нөхцөл байдал импортыг
чухалчлахаас илүүтэй, дотоодын үйлдвэрлэл чухал болохыг мэдрүүлсэн. Халдварын
улмаас өмнөд хөршийн хил хаагдсанаар дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй байдаг
нарийн ногоо алга болсон нь саяхан.
“Хүнсний хангамж,
аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний гол нэрийн 19 бүтээгдэхүүнийг таван жилийн дотор буюу 2027
он гэхэд дотоодоосоо бүрэн хангадаг байх зорилтыг дэвшүүлж байна. Монголчууд
өнөөдөр мах, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж байгаа нь маш
сайн. Үүн дээр нэмээд өндөг, сүү, хүнсний ногоо гээд 16 төрлийн бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм. Энэ зорилтыг биелүүлэх үүрэг малчид, ногоочид,
тариаланчдын нуруун дээр ирж байна. Хүнсний хангамжаас гадна аюулгүй хүнсний
үйлдвэрлэлийн орчинг бий болгох, үйлдвэрлэгчдийг бизнес эрхлэх эрх зүйн боломжоор
хангах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, стандартыг мөрдөх гээд төр,
хувийн хэвшил, олон нийтийн бүх талын оролцоотойгоор бид хүнсээ хүнээс
гуйхааргүй болж чадах юм.
Эдгээр зорилтод
хэрхэн хүрэх талаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний
зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ дэлгэрэнгүй
тусгалаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Та бүхэнд
Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!
Эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашлаад хүнс экспортлогч
орон болох их үйлсэд оюун ухаан, эрдэм чадал, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж
буй эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хүнс
үйлдвэрлэгчид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар
ирсэн, цаашид ч байх учиртай.
Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал
монгол үндэстэн хүчирхэг байна.
Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний
хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн
хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал юм.
Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах
зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос
экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил- 10 зорилт” хөгжлийн санаачилгыг Монгол
Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн дэвшүүлсэн.
Энэхүү санаачилгын нэг зорилт нь “Хүнсний аюулгүй байдлыг
хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй,
газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч
улс болох” юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг
онцгой анхаарч, өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлийг хуралдуулж, зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганд
дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улс орон даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” эхлүүлсэн.
Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний
бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ
Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах ёстой юм. Үр дүн ч гарах
ёстой.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим
арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг ирэх таван жилийн бодлого, үйл
ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөтэй хамт УИХ-д өргөн барьж, одоо хэлэлцүүлж
байна.
Энэ нь төрийн зүгээс хүнсний талаар баримтлах бодлогоо
шинэчлэн тодорхойлж, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар шийдэмгий
алхмыг эхлүүлж байна. Эх орондоо энэхүү хүнсний хувьсгалыг гардан хийх эгэл
баатрууд бол хүнс үйлдвэрлэгч Та бүхэн билээ.
Дэлхий дахинд өрнөж буй нөхцөл байдал, хүнсний
бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, хүнсний хомсдол ч монголчууд биднийг хүнсний
хувьсгал хийхийг шаардаж байна.
Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой
асуудал гэдгийг Та бүхэн ухааран мэдэж байгаа.
Нөгөө талаар манай улсад алдаж үл болох шинэ боломж нээгдэж
байхыг үгүйсгэхгүй.
Дэлхийн долоон тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг
тойрон амьдарч байна. Цаашид ч дэлхий хүн ам хурдацтай өсөх нь тодорхой бөгөөд
хүнсний асуудал ч хурцаар тавигдах нь ойлгомжтой боллоо.
Бид усан далайд гарцгүй ч, хүн далайд гарцтай ард түмэн. Энэ
бол монголчууд биднийг тойрсон агуу том зах зээл юм. Монголчууд бид энэ зах
зээл рүү гарах ёстой. Ингэж чадвал бид амжилт олно.
Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялгаараа энэ том
зах зээл рүү монголчууд бид гарч, органик хүнс экспортлогч улс болох ёстой.
Бид зөвхөн уул уурхайн салбарыг шүтэн амьдардаг биш, хөдөө
аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, энэ салбараас асар их ашиг олох боломж
байгаа. Үүнийг Та бүхэн мэдэж байгаа. Одоо харин ажил хэрэг болгох явдал чухал
байна. Энэ алтан боломжийг бид бүрэн дүүрэн ашиглах ёстой.
Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг
гадаадаас авдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн 2021 онд гэхэд нэг тэрбум ам.доллартой
тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортолсон байна.
Өнөөдөр бид мах, гурил, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн
хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд Та бүхний олон жилийн нөр их
хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсэж байна.
Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүү,
сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим, загас, будаа, элсэн чихрээ 100
хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл бараг 100 хувь
гаднаас импортоор авч байна.
Олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая
малтай, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц
бололцоотой манай улс өнөөдөр импортын сүүгээр боловсруулсан сүү, сүүн
бүтээгдэхүүн хэрэглэж байна.
Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо
үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байгааг бид
бүгдээрээ мэдэж байгаа.
Алийн болгон бид айлаас гуйж амьдрах вэ.
Өвөг дээдсийн ахуй амьдрал, түүхэн туршлага, социализмын
үеийн он жилүүдээс харахад монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ
хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирснийг илтгэдэг.
Чаддаг байсан зүйлээ чадахгүй болно гэдэг хөгжил, дэвшилээс
ухарсан хэрэг юм. Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засах учиртай.
Хүнсний хангамжаас гадна хүнсний аюулгүй байдалд онцгой
анхаарах шаардлагатай болжээ.
Тухайлбал, хорт хавдрын нас баралтаараа манай улс дэлхийд
тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны
хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж байгааг харуулж байна.
Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх
хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой. Үүнд төр, засаг, ард түмнээрээ анхаарлаа
хандуулцгаая.
Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний
бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс
хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг харуулж байна.
Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн
хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандартаа мөрдүүлж,
хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэлтэй хатуу
тэмцэх ёстой.
Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ард иргэд,
хэрэглэгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас тавьж байгаа хүсэлт, шаардлага,
гомдлыг холбогдох төрийн болон хяналт шалгалтын байгууллагууд цаг тухайд нь
түргэн шуурхай хянан шалгаж, зохих арга хэмжээг авч, алдаа дутагдлыг нь
засуулан, үнэн зөв, бодит мэдээллийг олон нийтэд хүргэж байх зайлшгүй
шаардлагатай. Үүнд холбогдох байгууллага, албан тушаалтнууд онцгой анхаарч
ажиллахыг Төрийн тэргүүн хатуу анхааруулж байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангах, стандартыг мөрдүүлэхэд
төрийн байгууллагаас гадна манай ард иргэд, олон нийтийн хараа хяналт, хэвлэл
мэдээллийн байгууллагуудын үнэн зөв, идэвхтэй үйл ажиллагаа нэн чухал гэдгийг
цохон тэмдэглэхийг хүсэж байна.
Иргэн бүр өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө
анхаарал тавьж, хэрэглэж байгаа хүнсний чанар, аюулгүй байдалд онцгой анхаарч,
мэргэжлийн хяналтын болон бусад холбогдох байгууллагуудтай нягт хамтран
ажиллахыг уриалж байна.
Ардчилсан нийгмийн нэг чухал ололт бол ард түмний хяналт, ил
тод байдал юм шүү.
“Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол хожим нь эмийг хоол шиг
хэрэглэдэг болно” гэсэн үг бий.
Тиймээс ард иргэдийнхээ эрүүл зөв амьдралын хэв маягийг
төлөвшүүлэх, хоол, хүнсний зохистой хэрэглээний талаар боловсрол олгох,
сургалт, сурталчилгаа зохион байгуулах, соён гэгээрүүлэх ажлыг ч орхигдуулж үл
болно.
Эрхэм хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид ээ,
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үр
дүнтэй хэрэгжүүлэхэд салбарын нөөц, чадавх, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт,
бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг онцгой анхаарах ёстой.
Мөн төр, засгийн бодлого нь баялаг бүтээгч, дотоодын
үйлдвэрлэгчдээ дэмжих, хамгаалах, хөгжүүлэхэд тууштай чиглэгдэх ёстой.
Ялангуяа дараах асуудлуудад төр, хувийн хэвшил тал талдаа
онцгой анхаарч, шаардлагатай бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж
үзэж байна. Үүнд:
Дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжих, баялаг бүтээгчдээ
хамгаалах эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх, шинэчлэх;
Төрийн байгууллагуудын бодлогын уялдаа холбоо, хамтын
ажиллагааг сайжруулж, хүнсний хяналт, зохицуулалтын нэгдсэн тогтолцоог
боловсронгуй болгох;
Хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн
цогцолборуудыг байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон
тээвэр ложистикийн оновчтой сүлжээг хөгжүүлэх;
Хүнс үйлдвэрлэлийн үндэсний стандартаа шинэчлэн тогтоох,
олон улсын стандартад нийцүүлэх, хүнсний сүлжээний үе шат болгонд стандартыг
чанд мөрдүүлэх;
Хүнсний аюулгүй байдлын хяналт, баталгаажуулалтыг
боловсронгуй болгон итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж,
хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болгох;
Төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй
ашиглаж, зах зээлийн зарчимд суурилсан татвар, даатгалын оновчтой, хүртээмжтэй
тогтолцоог бий болгон, эргэлтийн хөрөнгийн болон урт хугацааны хөрөнгө
оруулалтын хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, урамшууллыг олгох, хувийн хэвшлийн
хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах;
Шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлэх, бүтээмжийг
дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн
ажилчдыг үе шаттайгаар бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэхэд
Төрөөс дэмжих;
Хүнсний зориулалтын тусгай тээврийн хэрэгслээр тоноглогдсон
хүнсний тээврийн паркийг шинээр бий болгож, дотоодын болон экспорт, импортын
хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандартад нийцсэн тээврийн хэрэгслээр
тээвэрлэдэг болох;
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандартын шаардлага
хангасан зориулалтын агуулах, зооринд хадгалах, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог
бий болгох, хатаах, хөлдөөх, нөөшлөх бага, дунд оврын тоног төхөөрөмжийн
нийлүүлэлтийг дэмжих, хүнсний сав, баглаа боодлын дотоодын үйлдвэрлэлийг
хөгжүүлэх;
Төрийн худалдан авалтын бодлогыг эх оронч худалдан авалтад
чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг
төлөвшүүлэх;
Үндэсний брэнд хүнсний бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, дэлхийд
танигдсан монгол брэндийг бий болгоход бүх талаар хамтран ажиллах шаардлагатай
байна.
Дээрх зорилтуудыг төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлээр
хэрэгжүүлснээр ард иргэдээ гарал үүсэл нь тодорхой, найдвартай, дотоодын эрүүл
хүнсээр хангахын зэрэгцээ ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар
дээшилж, улмаар манай улс хүнс экспортлогч орон болох боломж бүрдэнэ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нь
“Тэрбум мод” болон “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдтэй нягт
уялдаа холбоотой хэрэгжих ёстой.
Энэ зорилтыг ханган хэрэгжүүлэхэд баялаг бүтээгч
тариаланчид, ногоочид, жимсчид, малчид, хүнсчид, үйлдвэрлэгчид, бизнес
эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд болон нийт ард иргэд Та
бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал ач холбогдолтой. Түүнчлэн,
салбарын эрдэмтэн судлаачид, баялаг бүтээгч үйлдвэрлэгчид, хүнсний
технологичид, инженерүүд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн манлайлал, оролцоо
хүнсний хувьсгалыг амжилттай хийж, хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй болохыг цохон
тэмдэглэж байна.
Харин төр засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар
дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй
байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн
түншлэлийг дээд зэргээр сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой.
Ингэснээр бид улс орон, ард түмнээрээ амжилтад хүрнэ.
Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ
ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний
хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын
зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг
худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг Төрийн тэргүүн ард түмэндээ уриалж
байна.
Энэ бол эх орноо, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн монгол хүний
сэтгэл юм шүү. Энэ бол Та бидний ярьдаг эх оронч үзлийн нэг хэсэг юм. Тийм
учраас эх орноо дэмжье, үйлдвэрлэгчдээ дэмжье, улс орноо хөгжүүлье гэвэл бид
дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг авдаг байх ёстой. Ингэж чадвал бид баялаг бүтээгчдээ бодитоор
дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж бодож байна.
Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч
болох зорилгод төр, засаг, ард түмнээрээ нэгдэж, нэгэн сэтгэлээр хамтран
зүтгэцгээе.
Эх орондоо “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хийцгээе.
Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах
болтугай!”