• Агробизнес

    МАЛЧИД ЖИЛД 60 САЯ МОД ТАРИХ БОЛОМЖТОЙ

    Төрийн ордонд 2022 оны аравдугаар сарын 25-нд болсон “Хүнсний хангамж, аюулгүй байдал- Мал аж ахуй” үндсэний чуулганд оролцогч Төв аймгийн Эрдэнэсант сумын Улсын сайн  малчин Д.Гомбо-Очир гуайтай  ярилцлаа.

    80 насыг зооглож буй тэрбээр 10 мянган гэрээт малчны ажлын байр бий болгох асуудлыг олон жилийн өмнөөс анхлан санаачилж  байсан билээ 

    ТЭТГЭВЭР, МАЛЫН ОРЛОГОО БИ МОД ТАРИХАД Л ЗАРЦУУЛДАГ

    -Сайхан намаржиж байна уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд малчид хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой вэ?   

    21 аймгийн 330 сумын малчдын төлөөлөл оролцож байгаа энэ удаагийн чуулганд би нэг уриалга гаргая гэж бодож ирсэн. Хүн төрөлхтний оршихуй, эс оршихуйн үндэс нь байгаль. Газрын хөрсөн дээр барьж байгуулсан барилга байгууламж, техник тоног төхөөрөмж юу ч биш. Ер нь хүн төрөлхтөн бүх л амьд амьтны оршин байх хамгийн тансаг орон сууц бол байгаль. Энэ утгаараа хүнсийг эрүүл байлгая гэвэл хөрсийг эрүүл байлгах хэрэгтэй. Хөрсийг эрүүл байлгая гэвэл ойжуулж моджуулж хөрсний шим мандлыг битүү ногоон өвсөн ойн бүрхүүлтэй болгох шинжлэх ухааны үндэс байгаа шүү дээ. Энэ чиглэлд хийх ажлаараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс дэлхийн хүн төрөлхтний өмнө том үүрэг авлаа. Үүнд малчид бид ямар үүрэг оролцоотой байх вэ гэвэл 330 сумын олон мянган малчид малынхаа “А” дансан дээрх тоогоор мод тарьж чадвал 60 сая ширхэг мод тарих боломжтой. Юун “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрээс ч илүү мод тарьж чадна.  Бидний холын зовлон бол бэлчээр усаа алдах аюул. Энэ холын зовлонгоос ангижрах боломж нь малчид бидний гарт байгаа юм. Монголын малчид мод тарьснаар хүн төрөлхтний өмнө түүхэн үүрэг гүйцэтгэж үлдэнэ. Түүнээс өнөөдрийн бидний ярьдаг малын арьс шир, мах сүү үнэгүй байна гэдэг бол жижиг асуудал. Эхлээд байгаль бэлчээр усаа хамгаалсан байхад жижиг асуудлуудын гарцыг олно.

    Малчид өвөлжөө, хаваржаа, намаржаандаа мод тарина гэсэн үг үү?

    Тийм, өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан хаана ч мод тарьж болно. Гол нь сэтгэл гаргах хэрэгтэй. Малчин хүний амьдралын тогтвортой амьжиргааны үндэс нь хөрсөнд бий. Дэлхийн хүн төрөлхтөн үүнийг мэдээд НҮБ-д ярилаа. Хамгийн том асуудлаа алсын хараатай бодохгүй зөвхөн өнөө маргаашийг бодвол байгаль дэлхийгээ сүйтгэчихээд мал ч үгүй юу ч үгүй хоцрох гээд байна. Үүнийг манай улсын  Ерөнхийлөгч маш соргогоор мэдэрлээ.

    -Та бол нэлээд эртнээс мод тарьж эхэлсэн гэл үү?  

    Миний хувьд 1967 оноос хойш нутагтаа мод тарьсан, өнөөдрийг хүртэл жил бүр  нэмж тарьсаар байгаа. Тоолж байгаагүй, манай нутаг шиг модгүй тал хээр газарт бол ой шахуу болсон.  Буддын шашинд дэлхийг амьд гэж үзэх аваас дэлхий “Та над дээр хуруун чинээ мод тариад өгөөч, Таныг би өөр шигээ урт наслуулж, баян байлгая” гэсэн байдаг. Тэр утгаараа би мод тарьдаг учраас ч тэр үү, хамрын ханиад ч хүрэлгүй өдгөө 80 насыг шүргэж явна. Мод тарьсны нэмэр ч байж болох л юм. Тэтгэвэр, малын орлогоо би мод тарихад л зарцуулдаг.

    Малын тооноос чанарт анхаарах тал дээр таны бодлыг сонсоё. Малчид малынхаа чанарт анхаарахын тулд юунаас эхлэх вэ?

    Монгол Улсын ихэнх нутаг далайн түвшнээс дээш 1200 метр өндөрт, далайгаас их хол овойж тогтсон, салхины хүч ихтэй, хөрс нь эмзэг, нэмэх хасах 40 градус хүрдэг хүнд нөхцөлтэй. Манай улс өргөн уудам нутагтаа тархай бутархай суурьшдаг. 100 км газар яваад ч айлын бараа харагдахгүй нутаг ч бий. Хангайд гэхэд 30 км яваад нэг айл байх жишээтэй. Тиймээс эрчимжүүлнэ гэдэг бол хэдийгээр нэгжээс авах ашиг нь өндөр боловч үндэсний уламжлал, нүүдлийн соёл иргэншлээ авч үлдэхэд төвөгтэй. Нүүдлийн мал аж ахуйг эрчимжүүлэхэд олон жил шаардлагатай, ухаан зарах хэрэгтэй.

    Хүн ам төвлөрсөн суурьшлын бүсээ тойрсон суурин газраа бараадуулж малаа эрчимжүүлэхгүй бол бүгдийг нь эрчимжүүлнэ гэдэг бол дэлхийд байхгүй ганц нүүдлийн соёл иргэншил алга болно. Нөгөө мод тохдог, морь унадаг, үхэр тэрэг, тэмээгээр нүүдэг тэр сайхан уламжлал устана. Тийм учраас сайн муу талаас нь сайн бодож, эрдэмтэн мэргэд шийдэхээс жирийн хонь хариулж, хомоол түүдэг малчин  шийдэхгүй л дээ. Санал ч хэлж чадахгүй байна.

    Малчид гэдэг бол өргөн уудам нутагтаа тархан байрлахдаа эх орон, газар нутгаа хамгаалж байгаа хоёр дахь цэрэг. Тийм учраас нүүдлийн соёл иргэншлийг ад үзэж болохгүй. Дэлхийн том эрдэмтэд Монголын бэлчээрийг, монгол малыг судлаад,  нээгээд байна. Монголын бэлчээрийн жижиг биетэй мал гэдэг бол хэдэн зуун  төрлийн ургамал иддэг, ямар нэгэн хашаанд хашиж эрх чөлөөг нь хязгаарлаж стресс бухимдал суулгадаггүй учраас мах нь “явдаг эм”  байна. Тийм учраас хамгийн эрүүл эко мах байна гэж хэсэг эрдэмтэд хэлж байна. Хашаанд хашсан нэг тонн мах гардаг үхэр нь ухамсаргүй ч гэсэн “энэ хашаанаас гарах юмсан” гэж бодоод л байгаа. Тэр хашаатай малын маханд нь цул стресс бухимдал шингэсэн байдаг байх. Тийм учраас тийм мах хүнсэндээ хэрэглэсэн болоод ч тэр үү зарим оронд хүний ой тойнд буухын аргагүй аймшгийн хэргүүд гарч байна. Гэтэл монгол хүмүүс хэзээ ч хутганы үзүүр хүний өөдөөс харуулж өгдөггүй. Хөдөөний хүүхдүүд хэзээ ч буугаар байлдаж, нуугдаж  тоглодоггүй, муу ер гэж үздэг. Энэ нь ахуйн болон соёл иргэншлийн асар ялгаа байгааг харуулж буй хэрэг. Жишээ нь, миний хувьд уулынхаа мухарт хонины бэлчээрт байна гэдэг бол амар амгалангийн дээд диваажин.

    Танай Төв аймагт бол бэлчээрийн даац хэд дахин хэтэрсэн шүү дээ. Танай  нутаглаж буй газраар бэлчээр ямархуу байдаг вэ?

    Манай Төв аймагт судалгаагаар бэлчээрийн даац 4-5 дахин ихэссэн гэж гарсан. Сүүлийн жилүүдэд улирлаа мэдэхгүй жилийн дөрвөн улиралд нэг аманд байгаад л байдаг малчид олширсон. Миний хувьд малынхаа тоо толгойг тааруулж өсгөдөг, дөрвөн улирлаа ялгаж, отор нүүдэл хийдэг. Мөн томоохон хэмжээний газар тариалан эрхэлдэг. Цаашдаа газар тариалан нүүдлийн мал аж ахуй хосолж хөгжихөөс аргагүй. Байгалийн хүндрэл учрахад газар тариалан эрхэлдэг хүн чинь хэдэн мянгаар нь сүрэл ногоон тэжээл, будаагаа аваад нэмэгдэл тэжээл өгчихнө. Ийм байдлаар амьдарч байна.

    ТАРИАЛАНЧ, МАЛЧИН ХОЁРЫГ ХООРОНД НЬ ХАГАРАЛДУУЛЖ, ДАЙСАГНУУЛДАГ НЬ ТӨРИЙН МУУГИЙНХ

    Газар тариалангийн бүс нутагт малчид нь нүд үзүүрлэгдсэн байдалтай шийдэгдсэн зүйлгүй байгаад байна. Мал аж ахуй, газар тариаланг хамтад нь хөгжүүлэхийн  тулд ямар зохицуулалт хийх ёстой гэж Та бодож байна вэ?

    Улаан буудай, мах хоёр бол хүн төрөлхтний хүнсний стратегийн бүтээгдэхүүн. Аль аль нь чухал учраас төр засаг холбогчийн үүргийг сайн  гүйцэтгэж оновчтой шийдвэр гаргах ёстой. Тариаланч, малчин хоёр зохицож л амьдрах учиртай. Оновчтой  шийдвэр гаргаж чадахгүйгээс болж, жирийн амьдрах гэж зүтгэж яваа тариаланч, малчин хоёрыг хооронд нь хагаралдуулж дайсагнуулдаг нь төрийн л муугийнх. Үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Төр, засгийн шийдвэр гаргагчид төрийн нэр барьж  бизнес хийж, бэлэг сэлт тараах биш, урт хугацааны оновчтой мэргэн шийдвэр гаргах хэрэгтэй.

    Малын гоц халдварт өвчин нэмэгдэж, малчдын амьдралд ч тусгал нь туссаар  байна. Малчин хүн өөрийнхөө хөрөнгийг хамгаалах тал дээр төрд найдах биш, өөрсдөө мал эмнэлгийн үйлчилгээгээ цаг тухайд нь санаачилгаараа авдаг, малын эрүүл мэндэд шинжлэх ухаанч ханддаг болох ёстой биш үү?  

    Би олон жилийн өмнөөс төрд хар хайрцагны бодлого байх ёстой, мал төрийн хамгаалалтад байгаа л юм бол мал эмнэлгээ төр өөрөө ав, хувийн хэвшилд 100 хувь даатгаж, орхих боломжгүй гэдэг байр суурь идэрхийлж ирсэн. Социализмын үед эдийн засгийн харилцан туслалцах 15 орон гэж байсан. Эдгээр орны хувьд геополитикийн бодлогоор эрүүл мах идэх сонирхол байсан учраас Монголын мал сүргийг бүгдийг эрүүлжүүлсэн. 1990 оноос нийгэм солигдож мал аж ахуйн бодлого үндсэндээ хаягдаж, мал эмнэлгийн үйл ажиллагаа нуран унасан. Харин 2018 оноос Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж, төр мал эмнэлгийг буцаагаад босоо тогтолцоотой болгож чадлаа. Ажил хийгдэхгүй биш, хийж байна. Нөгөө талаас малчин хүн  гэдэг хүн төрөлхтний өмнө хүний эрүүл мэндийг нь хамгаалах үүрэг хүлээдэг, малаа эрүүл байлгах ёстой. Малаа эрүүлжүүлэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг малчин бүр ухамсарлах хэрэгтэй. Мал хэдий хувийн  өмч ч малчин би улсынхаа өмнө хүн амын эрүүл мэндийн төлөө хариуцлагатай  үүрэг хүлээсэн хүн гэж бодож цаг тухайд нь малаа хугацаат тарилга туулгалтад нь хамруулж байх ёстой.

    Мөн мал эмнэлгийн байгууллага хүний оюун санаанд нөлөөлөхүйц соён гэгээрлийн  ажил хийж малчдаа чадавхжуулах, мэдлэгжүүлэх ажил учир дутагдалтай  байна.

    Нүүдлийн мал аж ахуйн залгамж халаа тасрах аюул ойрхон байна. Залуу малчдыг яаж бий болгох вэ?

    Манай улсын хүн ам цөөн. Нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа байх. Түүнийгээ дагаад мах, сүү гээд малын гаралтай түүхий эд нь маш хямд байгаа болохоор малчдын амьжиргаа сайжрахгүй байна. Сүүлийн үед амьдралын шаардлагаар залуучууд хөдөөд гарах хандлага байна. Хотын энэ стрэсстэй амьдралаас залхаад тэр шүү дээ. Гэхдээ төрөөс бодлогоор эдийн засгийн хөшүүрэг хэрэглэж байж гаргахгүй бол их удаашралтай явна. Манай төрд бодлого боловсруулах хүн алга. Ажил, асуудлыг сонгуулиас сонгуулийн хооронд л харж байна шүү дээ. Мал аж ахуйн салбарын бодлого байхгүй. Энэ чуулганаас бодит шийдвэр гарах болов уу гэж  найдаж байна.

    Цаашдаа ер нь малчдын улирлаа даган отор нүүдэл хийж, дуртай газраа малаа бэлчээрлүүлдэг байдал хумигдах нь байна. Бэлчээрийн мал аж ахуйтай хүмүүст байгаа газраа тордож тойглож амьдрах арга барилд  суралцахаас өөр аргагүй болж байх шиг.

    Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ жилд 30 сая мал экспортлоод байвал газар нутаг бэлчээр маань ч цөлжихгүй, хүн ард маань ч бие биенээ хөөгөөд байх эрүүл бус үзэгдэл бий болохгүй. Малчдын орлого сайжирч, цаашлаад мал аж ахуйн эдийн засагт  үзүүлэх эерэг нөлөө нэмэгдэнэ. Хотын төвлөрөл саарч тэр хэрээр хотын түгжрэл, утаа, бохирдол багасна. Малч ухаан гэдэг чинь холч ухаан юм шүү дээ.

    Ж.АЛТАНТУЯА

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...