• Агробизнес

    Төсөвтэй үндэсний хөдөлгөөн

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт нээсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдээр (2022.11.12-13) Өмнөговь, Дундговь аймагт нээлтээ хийлээ. Нээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгууллаа. Уулзалтаар УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, оролцогчдын саналыг сонсов.


    Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж Аймгийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний 60 гаруй үйлдвэр, 350 гаруй иргэн аж ахуйн нэгж хүнсний худалдаа явуулдаг. Нутгийн хишиг хөтөлбөрт хүн амыг аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан. Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимт үйлдвэрлэлийг сайжруулахаар ажиллаж байна” гэв. Тэрбээр, хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжсэн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж буй талаараа ч мөн дуулгав. Өмнөговь аймгийн удирдлагууд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийг дэмжин ажилладаг бөгөөд ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлэх түлхэц болно гэж үзэж буй. Эрүүл хүнс эрүүл иргэнтэй аймаг болж хүнсний хувьсгал хүнсний хөдөлгөөнийг нээж байгаагаа дуулгалаа.

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Өмнөговь аймагт нээх үеэр Ерөнхийлөгчийн хот хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг уншиж танилцуулсан юм.

    МАЛЫН ХАЛДВАРТ ӨВЧИНГҮЙ ТАЙВАН БҮС БОЛНО

    Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг өмнөговьчуууд хэрэгжүүлэхдээ төлөвлөгөөтэй хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Эл хөдөлгөөнөөр нийт хүн амын гурилан бүтээгдэхүүний хэрэглээний 30 хувийг хангах зорилт тавьж буй аж. Түүнчлэн орон нутгийн таван брэндийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ эцсийн бүтээгдэхүүнд шаардлагатай сав баглаа боодлын үйлдвэр байгуулна гэдгээ аймгийн удирдлагууд онцолж байлаа.

    Өмнөговь аймаг уул уурхай түшиглэн өөрийгөө санхүүжүүлэгч хэдий ч жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамлын тариалалтын талбайгаа 70-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Мөн түүнчлэн эрүүл хүнс үйлдвэрлэлд малчдын зөв хандлага чухал байгааг ч тэд онцолсон юм. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд малын халдварт өвчингүй тайван бүс нутаг болж баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх ажээ.

    Өмнөговь аймагт болсон нээлтийн үеэр ХХААХҮЯ-ны Газар тариалангийн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ Нийтийн эрүүл мэнд хүнс, мал аж ахуй, хүний эрүүл мэнд байгаль орчин нэг цогц гэж үзэж байгаа. Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд хүнсний сүлжээний үе шат бүрт зохистой дадал удирдлагын шатанд хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Одоогоор төдийлөн сайн нэвтрээгүй гэж болно. Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол өнгөрсөн зургадугаар сарын17-нд батлагдсан. Хүнсний аюулгүй байдал гэдэг дан ганц үйлдэрлэгчийн асуудал биш. Харин байгалийн ургамал, мал амьтны гаралтай мах, түүхий эд ч эрүүл байх нь чухал. Тиймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ургамлын эрүүл мэндэд ч анхаарал хандуулах учиртай. Учир нь, хүнсний хэрэглээний 80 хувь нь ургамал. Энэ нь зөвхөн монголчуудад хамааралтай асуудал биш. Дэлхий нийтийг хамарч байгаа” хэмээв.

    Монголчууд “махсаг” хэмээн өөрсдийгөө тодорхойлдог. Тэгвэл малчны хотноос ирсэн мах эрүүл гэж хэт өрөөсгөлөөр ойлгож болохгүйг ч мөн салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байлаа. Өөрөөр хэлбэл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүнд ч ургамлын эрүүл мэнд нөлөөлдөг байна. тиймээс Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг батлуулахаар ажиллаж буйгаа Д.Есөн-Эрдэнэ дарга хэллээ.

    ИРЭХ ОНД 252.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛНЭ

    Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол төсөв”-тэйгээ батлагдсан хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хот хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх онцоллоо. Учир нь, тус хөдөлгөөнийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд нийт санхүүжилт нь 1.7 их наяд төгрөг байх аж. Ингэхдээ 48 хувь нь улсын төсвөөс, 34 хувь нь гадаадын зээл тусламж, 13 хувь нь аж ахуйн нэгж, сангаас, таван хувь нь компани, хувь хүүний хандиваар санхүүжүүлэгдэх юм байна.

    2023 оны Монгол Улсын нэгдсэн төсөв өнгөрсөн баасан гаригт батлагдсан. Энэ төсөвт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд зарцуулахаар 252.9 тэрбум төгрөг тусгасан бөгөөд үүнээс 62.7 тэрбумыг хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн хөнгөлөлтөд, 51.5 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зарцуулахаар тусгажээ. Түүнээс гадна ирэх жил 190.2 тэрбум төгрөгийг гадаадын зээл тусламжаар, 22.9 тэрбумыг хандиваар, 55 тэрбум төгрөгийг сангаас санхүүжүүлэх юм байна.

    Энэ хөдөлгөөний хүрээнд мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот  зах зээийг хөгжүүлэх, бэлтгэн нийлүүлэлт, анхан шатны боловсруулалт, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох чиглэлээр анхаарал хандуулж ажиллах аж. Тиймээс мал аж ахуйн салбарынхан ч энэ хөдөлгөөний хүрээнд дорвитой ажлуудыг хийж хэрэгжүүлэн эдийн засгийн эргэлтийг сайжруулах боломжийг алдахгүй байх нь чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. Мал эмнэлэгийн ерөнхий газрын малын эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль 2017 онд батлагдсан. Нэг аж ахуйн нэгжид 48.1 мянган мал ногдож байгаа. Олон улсын дунджаас тав дахин өндөр ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр манай салбар боловсон хүчний дутагдалтай. Хамгийн наад зах нь малын эмч нарын насжилт өндөр байна. Энэ нь салбарт чин сэтгэлээсээ зүтгэж ирсэн тэдний залгамж халааг бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарсныг илтгэж байгаа юм. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангагч, экспортыг дэмжигч байгууллагын хувьд боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна” гэлээ. Тэрбээр, мал эмнэлгийн салбарт нийгмийн дэмжлэг хангалтгүй байдаг талаар хуралд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ онцолсон. Түүнчлэн мал эмнэлгийн ажил үйлчилгээний үнэ тариф зах зээлийн зарчмаар нэмэгдэж эдийн засгийн хөшүүрэг болохгүй байгааг дуулгалаа.

    Мал аж ахуйн салбарт малын халдварт өвчин онцгой анхаарал шаарддаг. Энэ нь зөвхөн малчинд хамааралтай асуудал биш. Цаашилбал, манай улсын экспортод ч нөлөөлдөг. Тиймээс мал эмнэлгийн салбарынхан өвчингүй тайван байдлын статусаа хамгаалж үлдэх хэрэгтэй гэдгийг говийн аймгийнханд сануулж байлаа. Манай улс малын халдварт өвчингүй тайван бүс болох боломжтой байсан хэдий ч зүүн, баруун бүсээр халдварт өвчин орж ирсэнээс улбаалан эрүүл болохыг баталгаажуулах ажил хүлээлтийн байдалд шилжжээ. Дашрамд дурдахад, өмнөговьчууд бруцеллёзгүй аймаг болсноо баталгажуулсан байна.

    ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАГЧ, ХЭРЭГЛЭГЧ БАЙХЫГ УРИАЛЛАА

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өнгөрсөн ням гаригт Дундговь аймагт нээсэн юм. Монгол хүний эрүүл аюулгүй таатай орчныг бүрдүүлэх суурь орчин нь хүнсний аюулгүй байдал, нийлүүлэлтийг нэмэх явдал. Хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд тогтвортой хангах нь чухал. Мал аж ахуй, хөдөө аж ахуй газар тариалангаа хөгжүүлж ашиг шим үр өгөөж хүртэх боломжтой хэмээн дундговьчууд ярьж байна. “Хүнсний боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шинээр төлөвлөгөө гаргах шаардлагатай болж байна. Үүнд мэргэжлийн холбоо, малчид, үйлдвэрлэгчид, бизнесийнхний хамтын ажиллагаа онцгой чухал үүрэгтэй. Хөдөлгөөнийг дэмжиж хамтран ажиллахын зэрэгцээ эх оронч худалдан авагч, хэрэглэгч байхыг уриалж байна” хэмээн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн юм.

    Дундговь аймаг 1312 аж ахуйн нэгжтэй 597 идэвхтэй ажилладаг аж. Үүнээс 23 аж ахуйн нэгж  хүнсний чиглэлээр ажилладаг. Энэ онд хүнсний үйлдвэрлэлийн салбарт 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Орон нутгийн махны хэрэглээний 50-60 хувийг дотоодоосоо хангах боломжтой. Тиймээс махны үйлдвэрлэл хөгжүүлэх орон зай бий хэмээн хуралд оролцогчид хэлж байв. Тус аймаг жилд 1682.2 тонн мах хэрэглэх тооцоолол байдаг аж. Мөн сүү сүүн бүтээгдэхүүний 2244.3 тонн гэвэл эрэлт хэрэгцээ бий. Өөрт байгаа малын тоогоос харвал нөөц нь дотоодын хэрэгцээгээ хангаж болно. Гэхдээ улирлын чанар болон өрхийн аргаар боловсруулдаг зэргээс шалтгаалах асуудал бий хэмээн аймгийн Засаг дарга онцолсон юм.

    Түүнчлэн газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг хангах “Шинэ хөдөө”, “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” төсөл санаачлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд орон нутгийн төсвийн санхүүжилтээр 1.1 тэрбум төгрөгөөр 1200 ам метр талбай бүхий “Өвлийн хүлэмж” байгуулжээ. Энэ жишгээр сумдад ч хүлэмж байгуулсан байна. Хүн амынхаа 40 хувийг төмс хүнсний ногоогоор хангах зорилго дэвшүүлсэн. Одоогийн байдлаар 19 хувийг хангаж байгаагаа Дундговь  аймгийн удирдлагууд ярьж байлаа.

    Дундговь аймаг нийт 3.2 сая толгой малтай. Бэлчээрийн даац 50 орчим хувь хэтэрсэн. Тиймээс Сайнцагаан хонины омогт Суффолк үүлдрийн хээлтүүлэгчээс үр авсан байна. Ингэснээр ашиг орлого нэмэх, бэлчээрийн даацад дарамт бага үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн үхэр сүргийн махны гарцыг нэмэхээр Дорнод аймгийн Халх голоос мухар улаан үүлдрийн 10 бухан бяруу авч 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. цаашид тооноос чанарт илүү анхаарч ажиллахаа аймгийн удирдлагууд хэлэв.

    Дундговьчууд бруцеллёзгүй аймаг болохоор зорьж байгаа. Ирэх оноос бруцеллёзоос урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын дагуу ажиллаж 2028 он гэхэд тайван бүс болгохыг зорьж байгаа хэдий ч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хугацааг нь наашлуулах боломжтой гэдгээ илэрхийлэв.

    Дашрамд дурдахад, Дундговь аймаг энэ жил 15 төсөлд 920 сая төгрөгийн зээл олгож шинээр таван үйлдвэр, 32 ажлын байрыг бий болгожээ.

    Ерөнхийлөгчийн хот хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.БУЯННЭМЭХ: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОН ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХӨНГӨЛӨЛТӨД 114.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА


    Хөрсний үржил шимийг сайжруулах тухай асуудалд УИХ-ын 36-р тогтоолд тусгагдсан. Ямар ногоо, мод тарихыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийнэ. Салбарын эрдэмтэн докторуудыг урьж хамтарч ажиллах хэрэгтэй. Хөрсний үржил шимийг сайжруулах тал дээр хурдтай ажиллан, хамгаалах боломжтой.

    Нөгөөтэйгүүр нутгийн онцлогт тохирсон брэнд бүтээгдэхүүнийг бий болгоно. Нутгийн удирдлага ямар бүтээгдэхүүнээ брэнд болгох вэ гэдгийг шийднэ. Харин мал зүйчдийн ажиллах орчин нөхцлийг сайжруулах, урамшуулал олгох ажлыг хийхээр 41.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Энэ ажил 2023 оноос хийгдэж эхэлнэ.

    Махны үйлдвэр байгуулах асуудал орон нутгийн төлөвлөгөөнд тусгагдана. Гар дээрээс мах бэлтгэхийг хориглож байгаа. Тиймээс  эрүүл малын мах хэрэглэх учраас үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг хүнсэндээ хэрэглэх юм. Ирэх жилээс төр хувийн хэвшлийн түншлэлээр үүнийг хэрэгжүүлнэ. Мөн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 114.2 тэрбум төгрөг зарцуулахаар Монгол Улсын ирэх оны төсөвт тусгасан.

    ХХААХҮЯ-ны газар тариалангийн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.ЕСӨН-ЭРДЭНЭ: ӨВЛИЙН ХҮЛЭМЖ БАЙГУУЛВАЛ ЗЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ


    -Ирэх жилээс урт хугацаатайгаар зорилтот байдлаар хүлэмж, зоорийн аж ахуй руу чиглэж гарна. Банкны шаардлагыг хангах хэрэгтэй. Төрөөс хүүгийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Хүнсний ногооны үрийг өнгөрсөн жил 80 хувийн хөнгөлөлтэй үнээр олгосон. Ингэхдээ лабораториор стандартын шаардлага хангасан үр нийлүүлэгдсэн. Дундговь аймаг бол тариаланг их хэмжээгээр хийх боломжгүй хөрстэй. Гэхдээ хөрсний үржил шимийн судалгааг таван жилийн давтамжтайгаар хийлгэх хэрэгтэй. Ийм жишиг бий. Хамгаалагдсан хөрсний болон ойн зурвас бүхий газар тариалан хийх боломжтой. Ялангуяа хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх боломжтой. Дулааны баланс бусад газруудаас 4-5 градусаар илүү нь давуу тал. Тиймээс хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд илүү дэмжлэг үзүүлнэ. Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулбал зээлийн дэмжлэг үзүүлнэ. Өрхийн аж ахуй эрхэлвэл лизингийн зээлийн дэмжлэг байж болно. Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаатай холбож өгөх боломжтой.

    Хяналтын тогтолцоо салбарын яамд дээр ирж байгаа. Ингэснээр зөвлөн туслалцаа үзүүлдэг болно. Сумын хөдөө аж ахуйн  мэргэжилтэнд байцаагчийн эрх өгөхөөр яригдаж байгаа. Тэгэхээр анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчид нь мэдлэгтэй байх хэрэгтэй. Түүүнээс гадна хөдөө аж ахуйн зохистой дадлыг бий болгох учиртай. Энэ чиглэлээр сургалт, зөвлөгөө хийгдэнэ.

    Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сурталчлах таниулах үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг. Цаашид өргөжинэ. Сүүлийн жилүүдэд “Идэш” арга хэмжээг зохион байгуулж байгаа. Аймаг бүрт түншлэл гэж зохион байгуулдаг. Бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд цаашид олон улсын түвшинд зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.

     

    Мал эмнэлэгийн ерөнхий газын малын эрүүл мэндийн газрын дарга Т.ТУНГАЛАГ: ЦАХИМ СИСТЕМИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО


    -Ивомек малчин бүр өөрийн дураар хэрэглэж байгаа. Эмийн хэрэглээн дээр малчны хүлээх үүрэг, мал эмнэлгийн байгууллагатай хамтарч ажиллах тухай заалт хуульд бий. Мөн чанартаа эмийг малчдад хамаагүй зарж болохгүй. Гэвч алслагдсан газар нутгийн онцлогыг бодолцох зайлшгүй шаардлага гардаг. Тиймээс малын эмчийн зааврын дагуу хэрэглэж байгаа гэж бодож байна. Нийтлэг байдлаар малчид зах болон эмийн сангаас дураараа авч хэрэглэдэг. Цаашид малын эмчийн жороор бичдэг болно. Хэрэв малчин өөрөө дураараа ивомек тарьвал гарал үүслийн гэрчилгээг өгөхгүй. Ингэснээр тухайн малын мах борлуулагдахгүй байх төдийгүй хариуцлага хүлээнэ. Хүмүүсийн хэлж заншсанаар цагаан тарианы үйлчлэл 28-32 хоногийн дараа бүрэн гадагшилна. Хамгийн гол нь малчид мал нь халдварт өвчин тусахаар малын хашаа хороогоо ариутгал хийдэггүй. Энэ нь малын өвчлөлд нөлөөлж дахин дахин сэдрэх эрсдэл үүснэ. Үүнийг тооцоолохгүйгээр ивомекийг хэтрүүлсэн тунгаар тарьж байна. тиймээс малын эмч нар малчдад зөвлөгөө, эмийн талаарх ойлголтыг сайн өгөх хэрэгтэй. Эмийн хадгалах горим хангагдахгүй бол сөрөг нөлөө гарна. Цаашид мал эмнэлгийн цахим системээр бүхий л мэдээллийг оруулж нээлттэй болгоно. Ингэснээр эмийн үйлчлэл гадагшилсан эсэхийг хянах боломж бүрдэх юм. Хэрэв эмийн үйлчлэл гадагшлаагүй малын махыг борлуулах болвол гарал үүслийн гэрчилгээ гарахгүй.

    Дундговь аймгийн иргэн С.БЯМБАА: ТАВАН ХОШУУУ МАЛЫН ИДЭЭГ ТӨРӨЛ БҮРЭЭР БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ


    -Хүнсний аюулгүй байдалд анхаарч аян өрнүүлж малчид хөдөлмөрчдөө идэвхижүүлж байгаад баярлалаа. Малчид цагаан идээгээ боловсруулж, борлуулдаг байхын тулд дэмжлэг хэрэгтэй. Цагаан идээний үйлдвэрт хөдөөгийн малчид сүүгээ өгөх боломж бий. Сайнцагаан сум 80 жилийн хугацаанд зун цагаан идээ, өвөл мах идээгээр тэжээдэг онцгой сум шүү. Цагаан идээг зөв хадгалж чадвал урт хугацаатай. Эрт дээр үеэс хүнсэндээ хэрэглэсэн. Хууччуул тараг Автайсайн хаан бурхны орноос залж ирсэн дээд тэнгэрийн идээ гэдэг байсан. Хөрөнгөтэй идээ гэлцдэг. Үүнд айраг, тараг байдаг юм шүү, хүүхдүүдээ.

    Таван хошуу малын цагаан идээг төрөл тус бүрээр боловсруулж хийх хэрэгтэй. Малчныг хүнсний хувьсгалдд өргөн дэлгэр оролцуулах, сумдын малчдыг бүгдийг хамруулаарай. Гадаадаас ирсэн малын эм тариа монгол малд хэр зохицож таардаг бол. Уламжлалт эмчилгээ уламжлалаар эмчилдэг эртний хүмүүс бий. Түүнийг хамтад нь бодох хэрэгтэй. Малын маханд гадаадаас ирсэн эм тариа юу болж юу үлдэж байна. Монгол Улс бүх эм тариагаа өөрийнхөө оронд хийж үйлдвэрлэвэл тун хэрэгтэй. Эрүүл мал хөрс, хүнстэй байсан цагт монгол хүн урт насалж удаан жаргаж болно шүү. Аян дайн, алба өртөө хийх үед хүнс нь цагаан идээ байсан юм шүү. Хүнсний хувьсгалыг малчин айл өрх бүрт хэрэгжүүлэх хэрэгтэй.

    “Мандалговь хүнс” компанийн ерөнхий захирал Д.Мягмар: ХЯНАЛТЫГ ДАРАМТ МАЯГААР ХИЙЖ БОЛОХГҮЙ


    -Хяналтын байгууллагууд яам тамгийн газрын харъяанд очиж байгаа нөхцөлд бусад хууль стандарттай нийцүүлэн малчдын сууриас даамжуулж эцсийн бүтээгдэхүүн гаргахад дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа шүү. Хяналтыг дарамт маягаар хийж болохгүй. Өөрчлөгдөх байх гэж найдаж байна. Үйлдвэрлэл худалдаа хоёрын заагийг гаргах хэрэгтэй. Худалдааны тухай хуулийг нэн дариу гаргах ёстой. Аймгуудын үзэсгэлэн худалдааг хоёр жил тутам хийдэг байгаач ээ. Мөн идэвхтэй сайн оролцсон хүмүүсийг шагнаж урамшуулдаг байвал зүйтэй болов уу. Нөхөрлөл, үйлдвэрлэл, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг уламжлалт технологи, орчин үетэй хамтад нь хэрэгжүүлж байгаа. Энэ зөв. Дэмжиж өгөөч ээ.

    Мөн хүнсний бүтээгдэхүүний нэмэлт түүхий эд материалын чанарын үнэлгээ, шинж чанарыг салбарын яам маш тодорхой хийх хэрэгтэй байна. Чухамдаа тухайн нэмэлт бүтээгдэхүүн хүнснийх эсвэл тэжээлийнх гэдгийг ялгахгүй байгаагаас эрсдэл гарах магадлал бий гэдгийг сануулъя. Тэр ч бүү хэл техникийнхийг нь ч ялгахгүй байгаа нь анзаарагдсаар  байна.

    Нөгөөтэйгүүр бүх талын ажлын уялдааг тун нарийн зохицуулах хэрэгтэй. Чадамжгүй боловсон хүчин дэндүү олон. Төрийн дээд шатны ажлын үр дүн дунд, доод шатанд үнэгүйддэг. Үр дүн гарахгүй учраас ард иргэд, аж ауйн нэгж сэтгэл ханамжгүй байгаа хэрэг. Тиймээс ялгавартай хандаж болохгүй.

    Дундговьчуууд ингэний хоормог, хонины махыг брэнд болгож чадсан. Тиймдээ ч жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцож дээгүүр байранд орж байгаа тухай малчид ярьж байна. Мөн түүнчлэн өндөр ашиг шимтэй малыг бий болгоход мал зүйчид санаачлага гарган ажиллаж байгаа. Хүний нөөц дутагдалтай байгаа учраас анхаарал хандуулах ажил шүү хэмээн хуралд оролцогчид сануулж байсан юм. Ингэний ундаа, гүүний айргийг боловсруулахдаа хөхүүр, домбон хувингаа ашиглаж хуучин уламжлалаа сэргээхийг малчид уриалж байлаа.

     Д.ОЮУНЧИМЭГ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...