• Агробизнес

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын түншүүдийн уулзалт болов

    И.Жаргал
    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өнгөрсөн баасан гаригт буюу /2023.03.27/ түншүүдийн уулзалт зохион байгуулав.  
    Уулзалтад НҮБ-ын ХХААБ-ын дотоод, гадаадын түншлэгч болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд энэ үеэр Монгол Улсын мал аж ахуйн үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, байгалийн нөөцийн менежментийн чиглэлд тус байгууллагаас сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн дунд хугацааны хөтөлбөрийн талаар нэгтгэн дүгнэсэн мэдээлэл өгч  мөн 2023 - 2027 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийг танилцуулсан юм. Түүнчлэн ирэх таван жилд хэрэгжүүлэх ажлын  хүлээх  үр дүн, зорилго, бодлого, баримтлах зарчмыг түншүүдийн  хамтаар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.
    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Винод Ахужа нээлтийн илтгэлдээ энэ жил Монгол Улс НҮБ-ын ХХААБ-д элссэний 50 жилийн ой тохиож буйг дурдан ирэх таван  жилийн хамтын ажиллагааны зорилго, хамрах хүрээг танилцуулсан юм. Түүнчлэн  түнш байгууллагууддаа уг хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлуудад  санал хүсэлт тусгахад нээлттэй гэдгийг ч хэллээ.
    Мөн тус уулзалтад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун оролцож хэлсэн үгэндээ Монгол Улсын ХХААХҮЯ-ны стратегийн ач холбогдолтой түнш байгууллагуудын нэг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамт олонд энэ онд тохиох  50 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлж, талархлаа илэрхийлсэн юм. 
    Мөн тэрбээр 2023 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс төлөвлөн ажиллаж буй дунд болон урт хугацааны тодорхой ажлуудын талаар  мэдээлэл өгч, Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүсийг баруун, хойд болон зүүн аймгуудад байгуулах, 2023 онд багтаан үхэр сүргийг бүрэн ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хүрээнд  зарим нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнд импортын татвар  оногдуулах ажлыг  үе шаттай авч хэрэгжүүлэх талаар танилцуулсан юм.


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...