• Агробизнес

    БЭЛЧЭЭР, ОЙГОО ХАМГААЛАХЫН ТУЛД БИО БЭЛДМЭЛҮҮДИЙГ МАССААР ҮЙЛДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

    И.ЖАРГАЛ
    Өнгөрсөн долоо хоногт ХААИС дээр болсон “AGRI SHOWCASE  TOUR” арга хэмжээний үеэр эрдэмтдийн баг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит инновацын бүтээгдэхүүний 10.0 сая төгрөгийн “Грант”-ын шагнал авсан Ургамал хамгааллын хүрээлэнгийн захирал, доктор, профессор M.Бямбасүрэнтэй ярилцлаа. 
    -“Грант” авсан ургамал хамгааллын бүтээгдэхүүний онцлогийн талаар хэлж өгөөч?
    Ургамал хамгааллын эрдэм шижилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн багийн гаргасан “Грийн” био бэлдмэлээрээ манай эрдэмтдийн баг ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит “Грант”-ын шагнал авлаа. “Грийн” био бэлдмэлийн үндсэн судалгаа 2005 оноос эхэлж хийсэн. 2012 оноос эхлэн лабораторийн түвшинд бага хэмжээгээр 10 жил үйлдвэрлэж байна. Уг бэлдмэл нь бэлчээрийн хөнөөлт царцааны эсрэг сонгомол үйлчилгээтэй. Мөн ойн хөнөөлт хортон шавьж, сибирийн хүр хорхойн эсрэг  үйлчилгээтэй. 

    “Грийн” бэлдмэлийг монгол орны хөрснөөс ашигтай мөөгөнцөрийг ялгаж авч хийсэн. Энэхүү мөөгөнцөр нь тухайн хөнөөлт шавьжтай сонгомолоор үйлчилдэг учраас хүрээлэн буй орчин болон бусад биологийн төрөл зүйлд сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай. 
    Энэ бэлдмэлийн хамгийн том ач холбогдол гэвэл Монгол Улс 1958  оноос эхлэн химийн пестицидийг ургамал хамгааллын  салбарт хэрэглэж байна. Химийн пестицидийг дэлхий нийтэд  хор хөнөөлийг нь мэддэг болсон. Төрөл бүрийн өвчин хортон үүсгэдэг, хөрс, усанд үлдэгдэл ихтэй байдаг. Ургамал хамгааллын химийн бэлдмэлийн хэрэглээг багасгахын тулд манай эрдэмтэд био  бэлдмэлүүдийг судалж, гаргаж байна. Түүнчлэн өнөөдөр монгол орны газар тариалан, ой, бэлчээрт зуун хувь химийн пестицидийг импортоор авч, ашиглаж байна. Тиймээс имортыг орлох бүтээгдэхүүн гаргаж авсан. 
    -Өнөөдөр монгол орны  ой, бэлчээр хортон шавьжид нэрвэгдчихсэн байгаа. Мэргэжлийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд гаргаж авсан ийм сайн бүтээгдэхүүнүүдийг төсвөөс хөрөнгө зарцуулаад хийж байгаа өвчин хортонтой тэмцэх ажилд ахиу авч яагаад болдоггүй юм бол. Зүгээр үзэж танилцаад, шагнаж урамшуулаад өнгөрөх нь шийдэл биш. Илүү бодлогын түвшний ямар арга хэмжээ авч болох вэ? 
    Бидний өнөөдөр төр засгийнханд тавих хамгийн гол асуудал бол улсын хэмжээнд 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа ойн сан маань хэдэн хувь нь хортонд идүүлээд байгаа билээ. 550 гаруй зүйлийн хортон шавьж тарахсан байна. Үүнээс 5-6 зүйл нь гоц хөнөөлтэй. Бэлчээрт 100 гаруй зүйлийн царцаа тархаад, 40 гаруй хувийг нь доройтуулж байна. Бэлчээр, ойгоо хамгаалахын тулд энэ био бэлдмэлүүдийг массаар үйлдвэрлэх хэрэгтэй байна. Малын эмийн Биокомбинат үйлдвэртэй адилхан ургамлын био бэлдмэлийн үйлдвэр барих шаардлагатай гэдгийг хэлэх байна. 

    -Танай хүрээлэн бэлчээрийн хортон шавьжийг устгахад зориулсан хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
    Манайх ургамал хамгааллын эрдэмтэн, судлаачдын сүүлийн 20-иод жилийн судалгааны үр днгээр хөнөөлт шавьжтай тэмцэх дөрвөн төрлийн бэлдмэл гаргасан. Эдгээр нь газар тариалангийн, ойн хөнөөлт болон бэлчээрийн хөнөөлт шавьжийн эсрэг гэсэн тус тусдаа сонгомол үйлчилгээтэй. Хэрэглэгчид ургамлын бүтээгдэхүүнийг лангуун дээр бохирлогдож муудсаныг нь мэддэг ч тарилт, ургалтын үед ямар өвчин гардгийг тэр бүр мэддэггүй. Зөвхөн тариаланчид л энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдээд явдаг. Манайд таримал ургамлын үр ариутгалаас эхлээд ургалт, хадгалалтын үеийн өвчний эсрэг үйлчлэлтэй хоёр бэлдмэл, бэлчээрийн хөнөөлт мэргэчийн эсрэг үйлчилгээтэй нэг бэлдмэл бий. Бид үндсэндээ арваад төрлийн био бэлдмэлийг цувралаар гаргасан. Нэг био цехтэй болчиход эдгээр бэлдмэлийг цогцоор нь үйлдвэрлэх боломжтой. 
    Мэргэчийн асуудал манай оронд үнэхээр тулгамдсан асуудал болсон. 40 гаруй сая га талбайн бэлчээр үлийн цагаан оготно, чүчүүлийн хөнөөлд идэгдэж доройтсон. Бид Монгол Улсын бэлчээрийг хамгаалахын тулд доройтуулагч хүчин зүйл нь юу байна вэ гэдгийг урьдчилж судалдаг. Тиймээс  бэлчээр, ойгоо хамгаалахын тулд экологид ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй технологиудыг судалж, гаргасан. Шинжлэх ухаан  талаасаа эдгээр омог нь бүгд Олон улсын бичил биетний санд бүртгүүлсэн, оюуны өмчийн патентаа авсан, үйлдвэрлэх технологиудыг нь боловсронгуй болгоод гаргачихсан. Одоо ганцхан үйлдвэрлэлд өргөн нэвтрүүлж, улсын хэмжээнд хэрэглэдэг болох нь чухал байна.  
    -Танай хүрээлэн хэчнээн ажилтантай вэ?
     Ургамал хамгааллын эрдэм шижилгээний хүрээлэн 2021 оноос эхлээд 80 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Улсын хэмжээнд ургамал хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц эрдэм шинжилгээний байгууллага. Био бэлдмэлүүд гаргаж авахаас гадна өргөн хэрэглэгдэж байгаа химийн пестицидийн эрсдэлийн судалгаа хийдэг өндөр чанартай лабораториудтай. Манай пестицидийн лаборатори гэхэд сүүлийн үеийн өндөр мэдрэмжит багажнуудын тусламжтайгаар хүнсэнд хэрэглэж байгаа бүх төрөл бүрийн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл байгаа үгүйг шинжилж байна. Импортоор оруулж ирж, ургамал хамгаалалд ашиглаж байгаа пестицидүүдийн үйлчлэх бодис, агууламжуудыг тодорхойлж байна. Лабораторийн түвшин өндөр хэмжээнд хүрсэн, боловсон хүчний хувьд ч бүрэн хангагдсан. 

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...