• Агробизнес

    МАЛ ЭМНЭЛГИЙГ ДЭМЖИХ САН МАЛЫН ЭМЧЭЭР СУРАХ ОЮУТНУУДАД ЗУУН ХУВИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХООР БОЛОВ

    Мал эмнэлгийн салбарын бизнес эрхлэгчдийн үүсгэн байгуулсан

    Мал эмнэлгийг дэмжих сан (МЭДC) мал эмнэлгийн салбарын тогтвортой хөгжлийг баталгаажуулах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

     

    Хамтын ажиллагааны хүрээнд энэ  оноос эхлэн тодорхой шаардлага хангасан буюу мэргэжлийн ЭЕШ (ЭЕШ-1; биологи, математик, ЭЕШ-2; хими, нийгэм судлал)-д 650-иас дээш оноо авч Мал эмнэлгийн сургуудьд малын эмч  мэргэжлээр элсэж буй 50 хүртэлх оюутанд эхний хичээлийн жилд 100 хувийн  сургалтын төлбөрийн тэтгэлэг жил бүр олгохоор болжээ.

     

    Мөн тэтгэлэгт хамрагдсан шинэ элсэгчид тус сангийн шаардлагыг хангасан тохиолдолд таван  жилийн турш зуун  хувь хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах боломжтойгоос  гадна 2 - 5-р ангийн бусад оюутнуудад ч ирэх  оноос эхлэн уг тэтгэлэгт хамрагдах боломж нээгдэх юм байна.

     

    Тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг үүсэж хөгжсний 100 жилийн ойгоор эхлүүлж байгаа нь дараагийн шинэ зууны мал эмнэлэг, малын эмч нарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чухал арга хэмжээ болно гэдэгт талууд санал нэгджээ.

     

    Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд Мал эмнэлгийг дэмжих сан (МЭД сан)-ийн Тэргүүн Д.Ууганбаяр, Удирдах зөвлөлийн гишүүд, үүсгэн байгуулагчдын төлөөллийн  хамт, Мал эмнэлгийн сургуулийн захирал Ц.Эрдэнэ-Очиртой  нар байлаа.

     

    Мал эмнэлгийг дэмжих сангийн үүсгэн байгуулагч компаниудад Агроматико”, Глобал бизнес линк, Мал эмнэлгүүдийн дундын хоршоо, Монветмед, Монгол вет нет, Монгол экүстрэн, Сорлог сүрэг, Төхөм хайрхан”, Тэнүүн хишиг”, Чандмань-идэр, Эрдэнэт мал сүрэг зэрэг компани, байгууллагууд багтжээ.

     

    Эх сурвалж: ХААИС

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...