АШИГТАЙ БАКТЕРИЙН МЭДЛЭГТ ТАНЬ ОЛОН УЛСЫН ЭРДЭМТДИЙН ҮГИЙГ ДАЙЯ
И.Отгонжаргал
Агаар орчны бохирдлоос болж хүүхэд, хөгшидгүй зунаас бусад улиралд ханиад томуу, элдэв төрлийн харшилд дарлуулаастай явдаг монголчуудад сүүлийн үед эмч нар маань зохих эмний хажуугаар “Ашигтай бактери ууж, дархлаагаа дэмжээрэй. Ашигтай бактерийн Солонгост үйлдвэрлэсэн нь бэлдмэл хэлбэрээр эмийн сангуудад бий” гэж зөвлөдөг болсон. Эмчийнхээ жорыг аваад, бушуухан л тэр ашигтай бактерийг нь авч хэрэглэж, биеэ тордох минь” гээд эмийн сан руу жирийлгэх нь олон. Ажиглаж байхад зарим нь “Энэ их сайн гэсэн. Гэр бүлийнхээ гишүүн бүрт уулгадаг хэрэг” гээд л хайрцаг хайрцгаар нь авч харагддаг. Мөнгөний боломж муутай хэсэг нь эмч зөвлөсөн юм болохоор нэг удаагийн хэрэглээгээр нь хэд гурван ширхэгийг ч авах нь бий.
Тэгвэл Улаанбаатар хотноо энэ сарын 17-18-нд болсон Сүүн хүчлийн бактери судлаачдын холбооны XIII их хуралд сууж, мэдээлэл сонсоод “Манай эмч нар ашигтай бактерийн талаарх мэдлэг, мэдээллээ сайжруулаасай. Хэрвээ монголчууд маань хэрэглэгчийн боловсрол сайтай, хэрсүү хэрэглэгчид байсан бол заавал тэгж импортын эм бэлдмэлд хэтэвчээ хоослоод байх биш, гарын дорх цагаан идээний хэрэглээгээрээ бараг үнэгүй шахуу, маш бага үнээр ашигтай бактерийг биедээ ахиу авч болохыг ойлгов.
Хүний биед ашигтай бичил биетэн болон пробиотик түүний нэгэн төрөл болох сүүн хүчлийн бактерийн олон улсын судлаач, тэргүүлэх эрдэмтэд Чингисийн музейд хоёр өдөр хуралдав. Япон, Солонгос, Америк Тайланд, Хятад, Тайвань, Сингапур, Индонез зэрэг 13 орны 80 орчим гадаадын эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон бусад байгууллагын төлөөлөл оролцож пробиотик, сүүн хүчлийн бактерийн лабораторийн судалгааны үр дүн, дэлхийн чиг хандлагыг ярилцав.
Уг хурлыг Мал эмнэлгийн хүрээлэнгээс БШУЯ, Шинжлэх ухаан технологийн сан, Мал эмнэлгийн ерөнхий газар, ХААИC-ийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Түүнчлэн сүүлийн үед хүний эрүүл мэндэд тустай ашигтай бактерийн найрлагатай сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарах болсон “AПУ дэйри” компани хурлын үеэр нэрийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, хурлын дотоод, гадаадын төлөөлөгчдөд прибиотиктой бүтээгдэхүүнүүдээ амтлуулж, ялангуяа сүүн хүчлийн бактери судлаач гадаадын мэргэжилтнүүдэд гэрийн нөхцөлд хийсэн монгол ааруул цагаан идээг ч сонирхуулсан юм.
Сүүлийн үед дэлхий нийтэд антибиотикийн зохисгүй хэрэглээнээс аль болох татгалзаж, пробиотикийн ашиг тусыг мэдэрч, түүний хэрэглээ эрчимтэй өсөхийн хэрээр энэ чиглэлийн судалгаа, үйлдвэрлэл өргөжин тэлж буй. Манай улсын хувьд Мал эмнэлгийн хүрээлэнд Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторит бараг ерээд оноос Пробиотикийн судалгааны баг ажиллаж эхэлсэн бол өдгөө Пробиотикийн судалгаа-үйлдвэрлэлийн төв, “Гарааны Монбиотик “ компани үйл ажиллагаагаа явуулах хэмжээнд хүрсэн байна. Тус компани лабораторитоо олон жилийн судалгааны үр дүнд технологийг нь боловсруулсан төлийн өвчинтэй тэмцэх зориулалттай “Лактобактерин СТХ”, “Бифидо-лакт” зэрэг цувралууд, эслэг задлагч бактери агуулсан “Целлюлолит” болон преобиотик үйлдэлтэй “Цеопит” зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлээд байна. Тэд эдгээр судалгаа үйлдвэрлэлийн мэдлэг туршлагадаа тулгуурлан салбар дундын судлаачидтай хамтран анагаах ухаан, хүнсний нэмэлтийн зориулалттай “Лактос” пробиотик болон пробиотик үйлдэлтэй хатаамал аарц гаргаж авчээ.
Хуралд оролцож байгаа олон улсын эрдэмтэн судлаачдын хувьд сүүн хүчлийн бактерийг дэлхий нийтэд хүнс, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн чиглэлд ашиглаж, судалгаа шинжилгээ нь улам дээшилж буйг харуулсан үр дүнгүүдийг хэлцлэлцэж, эрдэм шинжилгээний илтгэлүүд танилцуулж, харилцан туршлага судалж, ирээдүйн чиг хандлагыг халуухан ярилцав.
Мэдээллийн эхэнд дурдсанчлан Монгол Улс өнөөдөр хүн эмнэлгийн зориулалтаар ашигтай бактери их хэмжээгээр импортолж буй. Гэтэл хуралд оролцогч гадаадын эрдэмтэн, судлаачид Монголын таван хошуу малын сүүгээр хийдэг тараг, айраг, хоормогт сайн чанарын ашигтай бактери болох сүүн хүчлийн бактери хийгээд бусад олон төрлийн ашигтай бактери байдгийг судлан тогтоосноо онцлон тэмдэглэж байна. Тайванийн үндэсний их сургуулийн зочин профессор, доктор Койчи Ватанабэ сүүн хүчлийн бактери монгол айрагт хамгийн их байдгийг онцлов. Японы эрдэмтэн тэрбээр 30 гаруй жилийг сүүн хүчлийн бактерийн судалгаа шинжилгээнд зориулсан бөгөөд айргийг бүр ч их судалсан байна. Тиймээс уламжлалт аргаар исгэдэг монгол гүүний айрагт маш олон төрлийн юутай ч орлуулашгүй үнэт чанартай ашигтай бактери байдгийг судалж тогтоожээ.
Сүүн хүчлийн бактери нь хүн, малын дархлааг дэмжих, эмгэг төрүүлэгч бактерийн эсрэг үйлчлэх, ходоод, гэдэс, элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг зэрэг онцгой ач холбогдолтой. Манай улсын хувьд хүнсний үйлдвэрүүд дундаас “АПУ Дэйри” компани сүүн бүтээгдэхүүн тэр дундаа олон төрлийн тарагны үйлдвэрлэлдээ пробиотик болон ашигтай бактерийг түлхүү хэрэглэж байгаа юм. Тус компани бүтээгдэхүүндээ хэрэглэдэг пробиотикоо импортоор авч ирсэн бол одоо Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх Пробиотикийн судалгааны багийн судалж гаргасан пробиотикийн омгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр туршилт судалгааны ажлаа эхлүүлж байгаа тухай сайн мэдээ дуулгав. “Гарааны Монбиотик” компани нь пробиотикийн мал эмнэлгийн зориулалттай 10-аад, хүнсний нэмэлтийн зориулалтаар 3-4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч шинжлэх ухааны байгууллагын дэргэдэх гарааны компани учраас хязгаарлагдмал хүрээнд үйлдвэрлэдэг байна.
“Сүүн хүчлийн бактери агуулсан пробиотикийн ирээдүйн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурлын зарим зочид төлөөлөгчдийн сэтгэгдлийг хүргэе.
Ш.Дэмбэрэл/Академич/:
Мөн манай Монголын судлаачид
эсэг идээнээс сүүн хүчлийн бактери хэрхэн гаргаж авч, пробиотик бэлдсэн,
түүнийг малын төлийн өвчинтэй тэмцэхэд хэрхэн ашиглах, өсөлтийн физиологит тулгуурласан
эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд пробиоткуудыг яаж хэрэглэх талаарх
судалгаануудаа танилцуулсан. Энэ үеэр залуу судлаачдаа дэмжих зорилгоор
шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулж,
шагнаж урамшуулсан. Түүнчлэн Сүүн хүчлийн бактери судлаачдын холбооны Удирдах
зөвлөлийн гишүүн 26 судлаач ирж Удирдах
зөвлөлийн хурлаа хийлээ.
Ин Чиэх Цай /Сүүн хүчлийн бактерийн холбооны Азийн
нийгмэлэгийн ерөнхийлөгч/:
Г.Оюунсар/“АПУ Дэйри” компанийн Технологийн инженер:
Хамгийн сүүлд гэхэд
Болгар хөрөнгөтэй тараг үйлдвэрлэж зах зээлд
гаргаад, арваад хонож байна. Яагаад Болгар хөрөнгөтэй тараг хийх болсон
бэ гэхээр сүүн хүчлийн бактерийн хамгийн нийтлэг ашиглагддаг бактерийн
хөрөнгийг дэлхийд хамгийн анх Болгар улсад нээж илрүүлсэн. Тиймээс тэр хүний
биед ашигтай бичил биетнийг эх нутгаас нь тухайн улсынх нь албан ёсны патентын
эрхийн зөвшөөрөлтэйгээр авч хэрэглэж
байгаагаараа онцлогтой.
Бичил биетэн бүр өөр өөр
ашигтай талтай. Жишээ нь манай хамгийн анхны шилдэг бүтээгдэхүүн болох Бифидо
тараг байна. Бифидо бактери хортой бичил биетүүдийг усгадаг, стрэссийг
бууруулдаг. Мөн манай “Active”
гээд бүтээгдэхүүн бий. Гэтэл энэ бүтээгдэхүүн дэх бичил
биетэн дархлааг илүү дэмжих жишээтэй.
Өмнө нь манайх гадаадын
ашигтай бактерийг авч хэрэглэглэдэг байсан бол одоо монгол орны эрүүл
байгальдаа бэлчээрлэж, өсөж үржсэн малын гаралтай эсэг бүтээгдэхүүнүүдээс
гаргаж авсан бичил биетнийг илүү ашиглах судалгаанууд хийгдэж байна. Нэг үгээр
хэлбэл, бид дотоодын судлаач, эрдэм шинжилгээний байгууллагынхны хийсэн
лабораторийн судалгаа, үйлдвэрлэл хоёрыг холбох сорилтын өмнө зогсож байна
гэсэн үг л дээ.
Койчи Ватанабэ /Тайванийн үндэсний их сургуулийн зочин
профессор, доктор/: Би сүүн хүчлийн бактерийн
судалгааны чиглэлээр Японд 30 гаруй жил хувийн хэвшилд ажилласан. Тэтгэвэрт
гараад 2015 оноос хойш Тайваньд ажиллаж байна. Монголд өмнө нь 2008, 2015 онд
болж байсан хуралд оролцож байсан. Өмнөх хурлуудтай харьцуулахад судалгааны түвшин
маш дээшилсэн байна. Би олон жил хийсэн сүүн хүчлийн бактерийн судалгаагаа олон
орны олон зүйлтэй харьцуулж үзэхэд хамгийн сайн нь айрагных байдаг. Яагаад
гэвэл цэвэр байгальд уламжлалт аргаар гаргаж авсан монгол гүүний айрагт олон төрлийн ашигтай
бактери бий. Айргийг зарим газарт үйлдвэрлэдэг ч монгол уламжлалаар хийсэн
айрагны ашигтай бактерийг бүрэн орлуулах боломжгүй.
Хүний биед сүүн хүчлийн лактозыг
задалж чаддаггүй перментүүд байдаг. Гэтэл айрагт лактозыг задалдаг перментүүд
бий. Тиймээс айргийг сүүний харшилтай хүн ч хэрэглэж болно.
Х.Орломжав/АПУ ХК-ийн Төслийн менежер/:
Японд ашигтай бактеритай таргийг эмчилгээнд хэрэглэж, үр дүн гаргаж байгаа тухай “Гялс” төвийн захирал Наранбаатар эмч хэдэн сарын өмнө надтай уулзаад нэг сонирхолтой санал тавьсан юм. Тэрбээр “Танай сүүний үйлдвэр янз бүрийн тараг хийгээд байна. Өнөөдөр хеликобактери ходоодны хорт хавдраас авахуулаад олон өвчний суурь болчихсон. Гэтэл дэлхий нийтэд өвчнийг антибиотикоор эмчлэхээс татгалзаад эхэллээ. Юугаар эмчилж байна гэхээр жишээ нь япончууд таргаар эмчилж байна. Тэр таргийг танайд үйлдвэрлэе” гэж ирсэн. Японд өвчтөнүүдэд тараг уулгаад хеликобактергүй болж байгаа судалгаа 80 хувийн үр дүнтэй гарсан юм байна. Японы “Мэжи” гээд сүүний үйлдвэрийн 14 хоногийн хадгалалтын хугацаатай таргийг дээрх судалгаа, эмчилгээнд ашигласан юм билээ.Тэгээд бид энэ асуудлыг яриад, толгойдоо түмэн бодол уралдуулаад явж байтал өнөөдөр Монголд 13 орны сүүн хүчлийн бактери судлаач,тэргүүлэх зэргийн эрдэмтэд цуглан хуралдаж байгаа нь маш олзуурхууштай сайхан хэрэг боллоо. Наранбаатар эмч маань ч энд ирчихсэн сонирхоод явж байна. Хэрвээ бид хөрөнгөө зөв сонгоод, таргаа хийж чадах юм бол Нараа эмч өөрийн өвчтөнүүдэд өгөөд, хеликобактери нь хэр багасаж байна гэдгээр судалгааны ажил хийх юм.
Олон улсын эрдэмтдээс улс орнууд өөр өөрийн үндсэн хоолтойгоо уялдуулаад ямар пробиотикийг ач холбогдол өгч судалж, хэрэглэж байгаа тухай мэдээллийг сонсох тусам бидэнд бодож санаснаа хийх чиглэлд нэг алхам ч гэсэн урагшилна. Үндсэндээ хоёр, гурван сарын турш яриад явж байсан зүйлийнхээ хариуг өнөөдөр энэ хурлаас оллоо.