• Агробизнес

    ЕРӨНХИЙЛӨГЧ ЮУНЫ УЧИР ХААИС-Д ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨВ

    Түүний тус сургуулийн нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

     

                  Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутан залуус, ажилтан албан хаагчид аа, 

    Эрхэм хүндэт зочид оо,

     

    Та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

    “Эрдэмт хүн улсын чимэг, Зүтгэлт хүн төрийн чимэг” хэмээх ардын сайхан үг байдаг.

     

    Эрдэм номд шамдан суралцаж байгаа оюутан залуус, эрдмийн цагаан буяныг түгээн дэлгэрүүлж буй эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид Та бүхэн урам зориг, хүсэл эрмэлзэл дүүрэн хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгаад баяртай байна.


    Нүүдэлчин монголчууд бидний олон мянган жилийн аж амьдрал, өв соёлын үндэс, эх ундарга болсон, байгаль эхийн буян хишиг, хүмүүн бидний хүч хөдөлмөрөөр бүтдэг, өсөн үржиж, урган төлждөг манай ард түмний үндэсний баялаг бол буянт мал сүрэг, газар тариалан, хөдөө аж ахуйн салбар билээ.

    Хүнс, хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа, хүн ардын маань аж амьдралын эх үндэс юм.

    Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжил дэвшлийн гол уламжлалт салбар болох хүнс, хөдөө аж ахуйн салбарыг улам эрчимжүүлэн хөгжүүлэх нь Монгол төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой.

    Ялангуяа, сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөнд тохиож буй аюулт цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэрэг нь дэлхийн улс орон бүрийг хүнс, хөдөө аж ахуйн салбартаа онцгой анхаарч, хүн ардынхаа хүнсний хангамж, аюулгүй байдлыг ханган бэхжүүлэх томоохон сорилтыг бий болгож байна.

    Нэн ялангуяа далайд гарцгүй манай улсын хувьд дээрх хүндрэл бэрхшээл илүү хүчтэй мэдрэгдсэн билээ. 

    Энэхүү нөхцөл байдал нь монголчууд биднийг хүнс, хөдөө аж ахуйн салбараа улам эрчимтэй хөгжүүлж, хүнсний хувьсгал хийхийг шаардаж байна.

    Монголчууд бид усан далайд гарцгүй ч, хүн далайд гарцтай ард түмэн.

    Дэлхийн найман тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Энэ бол монголчууд бидний хувьд асар том зах зээл, бас боломж юм.

    Тиймээс бид энэ боломж, зах зээлийг бүрэн ашиглах ёстой.

    Цаашид ч дэлхийн хүн ам хурдацтай өсөх нь тодорхой бөгөөд хүнсний хангамжийнн асуудал ч хурцаар тавигдах нь ойлгомжтой боллоо.

    Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялгаараа монголчууд бид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ, хүнс экспортлогч улс болж, дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдалд өөрсдийн хувь нэмрийг оруулах ёстой.

    Энэ их үйлсийг бүтээхэд хүнс, хөдөө аж ахуйн салбарын уураг тархи болсон эрдэмтэн мэргэд, багш, оюутан залуус Та бүхний хувь нэмэр, үүрэг хариуцлага, манлайлал, харилцаа, хамтын ажиллагаа онцгой чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

    Төрийн тэргүүн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан улс орон даяар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү үйл хэргийг ажил хэрэг болгоход тус сургуулийн эрдэмтэн судлаач, багш, оюутан залуус Та бүхэн бүх талаар дэмжин хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.

    Улс орны хөгжил дэвшил, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх явдал туйлын чухал юм.

    Түүнчлэн өрх бүрийн өдөр тутмын хэрэглээ, эрүүл амьдрах үндэс болсон мах, сүү, тариа, ногоо, жимс жимсгэнийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог шинэчлэн сайжруулах, хүнс, хөдөө аж ахуйн түүхий эдээ бүрэн гүйцэд боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг томоохон зорилтуудыг шийдвэрлэх шаардлагатай байна.

    Үүний зэрэгцээ өвөг дээдсийн буян хишиг, заяагдмал сайхан газар нутаг, байгаль орчин, мал аж ахуйд суурилсан мянга мянган жилийн нүүдлийн соёл иргэншилдээ тулгуурлан Монголчууд бид цэнгэг ус, цэвэр агаар, эрүүл хөрс, ариун дагшин газар нутгаа хайрлан хамгаалж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх учиртай.

    Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна.

    Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой юм.

    Хөрсөө хамгаална гэдэг бол тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалж байгаатай утга нэг юм.

    Ийм учраас дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө улам бүр эрчимжиж, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан газрын хөрс доройтож, цөлжилт, шороон шуурга нэмэгдэж буй энэ цаг үед хүнс, хөдөө аж ахуйн салбарыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжих чиглэлд шинжлэх ухаанчаар хөгжүүлэх явдал нэн чухал байна.

    Энэ хүрээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулж, хөрсний доройтол, цөлжилтөөс улс орноо хамгаалахад энэ салбарын эрдэмтэн багш, оюутан залуус Та бүхэн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүрх, хичээл зүтгэлээрээ ард түмнээ манлайлан ажиллах учиртайг онцлон тэмдэглэж байна.

        

               Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутан залуус аа,

     

    Монголчууд бид байгалийн баялаг, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд эхний 18-д жагсдаг бөгөөд нэг хүнд ноогдох мал сүргийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг.

    Тиймээс 70 гаруй сая малынхаа ашиг шимийг бүрэн гүйцэд авч, хүн ардынхаа хоол хүнс, аж амьдрал, улс орныхоо хөгжил дэвшлийг тэтгэхэд  бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг зөв зүйтэй хослуулан, мал аж ахуйн салбар, малчдынхаа мэдлэг боловсрол, ур чадвар, арга ухааныг сайжруулахад энэхүү эрдмийн уурхай болсон ХААИС-ийн үүрэг хариуцлага үлэмж их юм.  

    Ялангуяа, залуу малчдыг бэлтгэх, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн салбарт хоршиж ажиллах, малыг шилж сонгож үржүүлэх, малын тэжээл үйлдвэрлэх, мал маллагааны арга технологи, бэлчээрийн менежмент зэргийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна.

    Цаашлаад орон нутаг бүр өөрийн онцлогтоо тохирсон хөдөө аж ахуйн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сум дундын төвүүдэд түшиглэсэн түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, боловсон хүчний нөөцийг бэлтгэх, давтан сургах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэхэд энэ салбарын эрдмийн их өргөө болсон ХААИС манлайлан ажиллах учиртай.

    Мөн эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, оюутан залуус Та бүхний эрдэм шинжилгээ, судалгааны ажил, шинэ санал, санаачилга Монголын ард түмний хүнсний хангамж, аюулгүй байдал, цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдалд  онцгой чухал ач холбогдолтой юм.

    Энэ дашрамд хэлэхэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухаанд тулгуурлан, амьдралд бүтээлчээр үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын Эрдэмтдийн Зөвлөл”-ийг байгуулан ажиллах шийдвэр гарсныг Та бүхэнд дуулгахад таатай байна.

     

    Улс орны хөгжил дэвшил, тогтвортой хөгжлийн амин чухал салбар болох хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх ариун үйлсийн төлөө шамдан суралцаж буй нийт оюутан залуус, эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагч нар Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг дахин өргөн дэвшүүлж, эрдмийн их ажилд нь өндөр амжилт хүсье.

    Мөн энэ сургуулийг төгсөж эх орныхоо өнцөг булан бүрд хүн ардынхаа хүнсний хангамж, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж байгаа хүнс, хөдөө аж ахуйн салбарын нийт ажилтан албан хаагч, баялаг бүтээгчдэдээ ажлын өндөр амжилт хүсэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

     

    Эх орон, ард түмнээ эрүүл хүнсээр хангаж, бүс нутагтаа хүнс экспортлогч улс болохын төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе!

     

    Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!

     

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...