11 АЙМГИЙН 40 СУМ ЗУДТАЙ БАЙНА
Цаг уурын байгууллагаас 2023 оны арванхоёрдугаар сарын
10-нд гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 хувьд их, 25 хувьд нь
дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Зудын
байдалд үнэлгээ хийхэд мөн өдрийн байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12
аймгийн 48 сум, Улаанбаатар хотын алслагдсан нэг дүүрэг зудархуу нөхцөлд байна.
Манай орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний
эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах зэргээр
2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна.
Малчдад
улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулж олгоно
Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулан олгоно. Тэжээлийг оновчтой
хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд
хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123.0 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн боловч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгдэж байна.
Мах,
ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоно
Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум
төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр боллоо.
Зээлийн хугацааг 24 сар, хүүг нь жилийн зургаан хувь, зээлийн хүүгийн
хөнгөлөлтөд улсын төсвөөс олгох татаасыг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан
жилийн 13 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, батлагдсан төсөвт багтаан олгох,
хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Мөн бэлтгэж нөөцлөх махны чанар, аюулгүй байдал хяналт тавьж, нэгдсэн
удирдлагаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 8000 тн
махыг бэлтгэн нөөцлөхөөс гүйцэтгэл 50-70 хувьтай байна.
Түүнчлэн хуралдаанаар гурилын гарц, чанарыг сайжруулах
зорилгоор 100 хүртэл мянган тн улаанбуудай импортоор авахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Засгийн газрын ээлжит хуралдаан, 2023 оны арванхоёрдугаар сарын13.