• Агробизнес

    Т.МӨНХТӨР:МАНАЙ МАХ ТУН УДАХГҮЙ ХОЙД АМЕРИКИЙН МАХНЫ ЧАНАРТ ОЙРТНО

    И.Отгонжаргал

    “Метагро” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Мөнхтөрөөс Монголын хөдөө аж ахуйн салбарт хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийнх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.

    -Танайх Монгол Улcын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүндтэй цом, ХХААХҮ-ийн сайдын өргөмжлөлийг гардан авлаа. Та өөрийнхөө үйлдвэрлэлийн талаар товч танилцуулана уу?

    -“Метагро” компанийг хоёр жилийн өмнө үүсгэн байгуулсан. Хэнтий аймгийн Чандаганын талд 10 мянган га газартай. Манайх байгуулагдаад хоёрхон жил болж байгаа ч гэсэн Монголын хөдөө аж ахуйн салбарт аль болох давшилтэт  олон улсын технологиудыг нэвтрүүлээд ажиллаж байна. Эрчимжсэн мал аж ахуй, ухаалаг газар тариалан, хамгаалагдсан аж ахуйн эхлэлийг тавиад байна.

    -Эрчимжсэн мал аж ахуй, ухаалаг газар тариаланд дэлхийн ямар технологиудыг нэвтрүүлж байна вэ. Танай аж ахуйн хувьд хөрөнгө, хүч шаардсан дэлхийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж байгаагаараа онцлог байгаа шүү дээ?

    -Газар тариаланд гэхэд тэг элдэншүүлэг буюу хөрсөө хамгаалах технологи туршиж байна. Үхэр бордох аж ахуйдаа Канадын технологийг нэвтрүүлээд явж байна. Мал төхөөрөх үйлдвэрээ ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулах ч гэлээ төхөөрөх үйлдвэрээ хүлээлгүйгээр гуравдагч талтай гэрээлэн энэ оны тавдугаар сараас махаа үйлдвэрлэж, эрүүл, гарал үүсэл нь тодорхой малын махыг дотоодын зах зээлд гаргаад эхэлсэн. Яваандаа экспортод гарна гэсэн зорилготой. Тиймээс ухаалаг газар тариаланг хөгжүүлж байна. Малын тэжээлээ олон төрлөөр, чанартай сайн тариалаад, түүгээрээ 70 сая малаасаа  бордоод, малдаа өвчин халдаахгүй, хамгаалалттай орчныг аж ахуйдаа  бүрдүүлнэ. 

    Ингэснээр эрүүл тэжээлтэй, эрүүл малаас эрүүл чанартай мах үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. Тэгж байж бид монгол малын махыг олон улсын зах зээлд өндөр үнэтэй, өндөр зэрэглэлийнхээр гаргах боломж нээгдэх юм. Тэгэхийн тулд ХХААХҮЯ-наас  хамгаалалттай аж ахуйн нэгжийн стандарт, дүрэм журмыг боловсруулж батлаад, бид био хамгааллынхаа аргачлалыг гаргаад ажиллах ёстой. Үүнийг гаргаснаар зөвхөн манай аж ахуй төдийгүй Монголын бусад аж ахуйн нэгж эрүүл мал бордож, түүнийгээ дэлхийн зээлд гаргах боломж бүрэн дүүрэн бүрдэнэ. Энэ нь зөвхөн мал аж ахуй төдийгүй газар тариалангийн салбарыг зэрэг аваад явах болмжтой.

    -Одоогийн байдлаар танай мал бордох, мах  үйлдвэрлэл хэр зэрэг явна. Жилдээ хэчнээн толгой үхэр бордож, хэчнээн тонн мах зах зээлд нийлүүлэх вэ?

    -Манайх энэ жилийн нэгдүгээр сараас үхэр бордож эхэлсэн. Тавдугаар сараас махаа ресторануудад нийлүүлж, өнгөрөгч аравдугаар сараас супермаркетуудаар борлуулж эхэлсэн. Одоогоор манай аж ахуй 5000 үхэр бордож байна. Манай махны үйлдвэрлэл ирэх жил бүрэн хүчин чадалдаа хүрнэ гэж тооцоолж байна. Тэгэх юм бол жилдээ 12.000 гаруй  үхэр бордож, 3000 орчим тонн мах зах зээлд нийлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Цаашид мал төхөөрөх үйлдвэрээ өргөтгөж, жилдээ 40 мянган толгой мал төхөөрөх хүчин чадалд хүргэнэ.

    -Танай мал бордох үйл ажиллагаа нэлээд онцлогтой шүү дээ. Энэ талаараа та уншигчдад тодорхой хэлж өгч болох уу?

    -Мал бордох тэр дундаа үхэр бордох технологи анх АНУ-аас гаралтай. Манайх Хойд Америкт нэвтэрсэн мал бордох хамгийн дэвшилтэт технологиор борддог. Ингэхдээ Канад улсаас зөвлөх үйлчилгээ авдаг. Тэд манай бордох аж ахуйн зураг төслийг гаргаж өгсөн. Тиймээс манай махны чанар тун удахгүй Хойд Америкийн махны чанарт ойртно.

    -“Метагро” компани хэчнээн ажилтантай вэ?

    -Нийт 120-иод ажилтантай. Мал бордох талбар дээр 70-80 хүн байнга ажилладаг.

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...