“ҮСТЭЙ БУРХАД”-ТАЙ БОЛОР-ОТГОН БҮСГҮЙ
Г.ГАНЧИМЭГ
Дархан-Уул аймгийн Дархан сумын I багийн иргэн В.Зоригоогийнд зорин очиж аяны дөрөө мултлав. Гэрийн эзэн холын тээвэрт яваад эзгүй. Гэргий, Улсын аварга фермер Г.Болор-Отгон гэж гав шув хийсэн гавшгай дайчин бүсгүй оройн саалийн цаг болж байсан хэдий ч “Эхлээд гэрт орж цай уу, хоол ид. Манайх идшээ хийчихсэн. Үхрийн мах чанасан байгаа” гэсээр угтав. Орсон гарсанд унд хоолтой, олон ажлыг зэрэг амжуулж гаршсан нь нүдэнд илхэн.
Хашаанд орж ирэхээс л нугас, галуу, тахианууд таахаг таахаг алхлан, хаа нэгтээгээс гахай хүржигнээд, таримал моддын навчис намар оройн наранд шижиртээд яагаад ч юм Оросын тосгоны амьдрал шиг ахуй нүдэнд шууд бууж байсан юм. “Их дайчин юм даа, ингэж олон төрлөөр нь тохижуулсан фермер Монголд цөөн дөө” гэх бодол зурсхийх. Байшингийнхаа үүдэн хэсгийн ханыг дагуулан байрлуулсан вандан дээр данхнаас ч том, том шар хулуу хураажээ. Хашаандаа тарьсан аж. Өрхийн хэрэглээндээ зориулан төмс, лууван, манжингаас бусад ногоог тарьдаг юм байна.
“Гайхамшиг үргэлжилсээр” гэдэг шиг дараагийн удаад зочны өрөөний хойморьт эгнүүлэн өрсөн олон цүнх хараа булаав. Ихэр охидын энхэр ягаан үүргэвч содон харагдах юм. Тэсэлгүй л танайх “хэдэн хүүхэдтэй вэ” гээд асууж орхилоо.“Манайх найман хүүхэд, нэг зээтэй. Амьтан хүн намайг долоо, найман хүүхэдтэй гэхэд үнэмшдэггүй. Би асуувал л хэлдэг. Түүнээс биш, би олон хүүхэдтэй гээд яриад, зарлаад байдаггүй. Би өөрөө эцэг эхээс олуулаа. Манайх найман охин, хоёр хүүтэй айл. Охин олонтой өнөр өтгөн айлын хүүхэд болохоор удмаа дагасан юм байлгүй” хэмээн “Алдарт эх”-ийн I, II одонт ижий инээмсэглэв.
Гал тогооны ширээн дээр түүний өөрийн гараар барьсан шинэхэн талх, зөөхий, уураг, төрөл бүрийн дарсан ногоо, салат, бууз алаглан, сэргэлэн болжмор шиг дэрсхэн хүүхдүүд манай сурвалжлах багийг сониучирхан ажиглаж, жижиг өрөөнийхөө хаалгыг байн байн онголзуулна. Гадаа үнээ тугал мөөрөлдөж, алсад хоточ банхар чимээ өгч, нээлттэй салхивчаар үе үе өтөг бууцны үнэр сэнхийх нь галын илчтэй нийлбэл завтай яваа хүнийг бол “давсанд явуулах”-аар тухтай сайхан. Мал сүрэг хотолсон малчны цэнхэр үдэш гэдэг бас л нэг яруу тансаглал юмсанж.
Бүрэн дүүрэн ашиг бух тавихаас эхэлнэ
Болор-Отгон сүү сааль арвин Хар тарлангуудаа “Үстэй бурхад” гэж өхөөрдөх юм. Улсын аварга фермерт энэхүү бизнес, үйлдвэрлэлийн санаа 2008 онд гэртээ хүүхдээ харангаа өөртөө ажлын байр бий болгох бодлоос төржээ. Өргөжин тэлсээр өдгөө 40 саалийн үнээтэй болсон фермийн аж ахуйгаа анх гурван үнээтэй эхэлж байжээ. Сүү үнэтэй өвөл цагаар гурван үнээгээ тугаллуулсан нь цаашид фермээ улам өргөжүүлэхээр санаа шулуудахад нь түлхэц өгчээ. 15 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөсний хүчинд одоо 40 саалийн үнээтэй болж, цэвэр сүүгээр Дархан-Уул аймгийн хэрэглэгчид, сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудыг хангаж байна.
“Үстэй бурхад”-ынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн хүртье гэвэл бух тавихаас эхлээд малынхаа үүлдэр угсаанд маш их анхаарах шаардлагатайг Болор-Отгон фермтэй болох сонирхолтой хүмүүст зөвлөж байна. Сүүний гарцын тухайд тэрбээр “Зуны үхэр зундаа сайхан, өвлийн үхэр өвөлдөө сайхан” гэв. Зун тугалласан үнээ өвлийнхөөс арай илүү сүүтэй. Дунджаар нэг үнээнээс 10-11 литр сүү саадаг бол намар, өвлийн цагт тугалласан үнээ ногоон ургамал идээгүй байдаг учир 8-9 литр сүү гардаг байна. Тиймээс эднийх нийт үхрийнхээ 50 хувийг өвөл, тал хувийг зун тугаллуулах зорилготой. Учир нь сургууль, цэцэрлэгт нийлүүлэх сүүгээ өвөлдөө таслахгүйн тулд тэр. Бэлчээрийн малын сүүг зун авлаа ч өвөл сааль тасардаг учраас тендерт оролцох боломжгүй. Саалийн үнээний эрчимжсэн фермерийн хувьд энэ нь давуу тал болдог.
Зоригоогийнх Дархан-Уул аймгийнхаа 23, 5, 8, 13, 7, 26 дугаар цэцэрлэгт сүүгээ нийлүүлээд 10 жил болжээ. Үүнээс гадна зах, дэлгүүрүүдэд ч сүүгээ нийлүүлдэг. Тэр битгий хэл, эднийхээс нэг өрх жилийн дөрвөн улирлын туршид сүү авч, цагаан идээ хийн зах зээлд борлуулдаг байна. Дарханд одоогоор нэг литр сүү 2500 төгрөгийн үнэтэй. Ферм цөөн учраас сүү ерөнхийдөө ховор. Нэг, хоёрдугаар сард бүр ховорддог ба энэ үеэр өнгөрсөн жил гэхэд нэг литр сүү 3000 төгрөгт хүрч байжээ. Өвс, тэжээл жилээс жилд үнэд орсоор буй ч Дархан тариалангийн бүс нутаг учраас алслагдсан аймгуудтай харьцуулахад бас ч гэж хямд юм. Тухайлбал, биднийг ажиллах үеэр буюу өнгөрөгч аравдугаар сарын сүүлчээр буудай нэг тонн нь 500 мянган төгрөг, нэг боодол өвс 6000 төгрөгийн үнэтэй байлаа.
Болор-Отгон “Сүүний урамшуулал гээч зүйлийг фермерүүдэд өгдөг гэсэн. Манайх энэ урамшууллыг авч үзээгүй. Авах болзлыг хангадаггүй. Яагаад гэвэл, манайх чинь компаниудад биш цэцэрлэгт сүүгээ өгдөг. Тиймээс манайд энэ урамшуулал оногддоггүй. Хэрэв фермерийг хөгжүүлье гэвэл хуульд заасан шигээ сэрүүний улиралд сүү үйлдвэрлэсэн фермерүүдээ дэмжээд явбал бид ч гэсэн илүү хөгжөөд, илүү их сүү үйлдвэрлэхийг төлөө хичээх болно шүү дээ” гэв. Харин тэрбээр энэ жил Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээл авч үр бүтээлтэй зарцуулжээ. Өмнө нь хадлангаа байнга худалдаж авдаг байсан бол энэ жил тоног төхөөрөмж авч өөрсдөө хадлангаа бэлтгэсэн байна. Өвлийг өнтэй давахын тулд 3000 боодол өвс бэлтгэжээ.
Эрчимжсэн аж ахуй учраас “Үстэй бурхад”-аа дулаан газар байлган тэжээж, өвөл тугаллуулж байж сүүний нийлүүлэлт тасрахгүй шүү дээ. Үхрээ арваннэгээс тавдугаар сар хүртэл тэжээдэг. Харин тавдугаар сарын 10-наас хойш намар арваннэгдүгээр сар хүртэл бэлчээрт гаргадаг. Өндөрлөг газар учраас 63 метрээс худаг гарсан. Хужир марзаа байнга, жилийн дөрвөн улиралд үхэртээ тавьж өгдөг. Болор-Отгон ашиггүй мал гэж байдаггүй. Малыг хайрлан арчилж байж ашиг шимийг нь хүртэнэ гэдэг философитой. Тэрбээр “Малд цагт нь тарга хүч авахуулж, тэрийг нь алдуулахгүй байлгаж чадах юм бол үнэд хүрдэг. Тиймээс хөгшин үнээгээ ч хүнд зарах дургүй. Сааль авангаа шахаад хавар нь зах зээлд нийлүүлэхэд гурван сая төгрөг болно” гэв. Нэг туслах малчинтай. Үхрийнхээ баасыг ойрхон буудай тарьдаг хүмүүстэй ярьж тохироод тариан талбайд нь бордоо байдлаар асгачихдаг гэх мэтээр саалийн үеэр өрнөсөн яриа аж ахуй талдаа.
“Өөхтэй боов”-нд дургүй хүүхдүүд
Хашаандаа нарс, гацуур, агч, голт бор, гүйлс, буйлс зэрэг гоёлын, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, улаалзгана, тэхийг шээг, өрөл, давжаа алим, хар интоор, чавга зэрэг жимсний гээд 100 гаруй мод тарьжээ. Намартаа хашаанаасаа арваад төрлийн жимс идэж байна. Хүлэмжинд өргөст хэмх, гадна талбайд улаан лооль, хулуу, чинжүү тарьдаг. Зун зургадугаар сарын 20-доос эхлээд өргөст хэмхээ, наймдугаар сараас улаан лоолио идээд эхэлдэг. Дэлгүүрээс гурилан бүтээгдэхүүн огт авдаггүй. Тахиа, галууныхаа өндгөөр гурилаа зуураад талх, нарийн боовоо өөрсдөө хийдэг. Хүүхдүүд нь энд тэнд очихоороо тосонд хайрсан боорцог амсч үзээд “Ээж ээ, “өөхтэй боов” идмээргүй байна” гэдэг байна.
Болор-Отгон гахайн маханд дуртай. Гахай үржүүлээд гурван жил болж байна. Хүүхдүүд нь гадуур солонгос хоолонд орохоос илүү ээжийнхээ хийсэн гахайн махтай хоолонд дуртай гэнэ. Хүүхдүүддээ аль болох эрүүл, сайн хүнс хэрэглүүлэхийг чухалчилдаг ээжийн бодол, хүч хөдөлмөр энэ гэр бүлд зөв зуршил, эрхэм нандин үнэ цэнийг бүтээжээ.
Тэрбээр “Хүүхдүүдээ бие, сэтгэл, боловсрол гээд бүх талаар зөв, сайн хүн болгохыг алхам тутамдаа хичээдэг. Зарим хүн олон хүүхэдтэй болохоор анхаарал халамж суларна гэж боддог байж магадгүй. Үгүй юм билээ. Ээж хүн хүүхдээ олон байсан ч хайрлана, цөөн ч байсан хайрлана” хэмээн “хатан ухаан”-аасаа хуваалцан зөвлөв. Түүнчлэн наснаасаа харьцангуй залуу, жавхаатай харагдаж байгаа нууцаа хэлэхдээ “Би энэ олон гүнж нарын дунд биеэ муухай авч явбал нүдэнд нь дасчихна. Эмэгтэй хүн биеэ зөв, сайхан авч явбал үр хүүхдүүд нь дууриадаг. Энэ бол манай гэрийн хүмүүжил. Аав ээж маань хөдөлмөрч, амьдралдаа арчаатай, ганган хээнцэр, цэвэр цэмцгэр, сайхан хүмүүс байсан. Бид бүгд дууриасан. Би малчин, эсвэл олон хүүхэдтэй гээд үс гэзэг нь сэгсийгээд, хормойгоо чирээд явахыг хүсдэггүй” гэв.
“Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян” гэдэг шиг ажил хөдөлмөр ундарч, амжилт бүтээл бялхсан тэгш дүүрэн фермер айлын босгыг даван орсноо ийнхүү тэмдэглэн уншигч танаа хүргэлээ.
“Шинэ малчин” сэтгүүлийн Дархан-Уул аймгийн ХХААГ-тай хамтран бэлтгэсэн Тусгай дугаар.2023.11 сар.