• Агробизнес

    Д.ДАВААНЯМ: “AGRO EXPO 2024” НЬ ХУДАЛДАА ТҮНШЛЭЛ, БИЗНЕСИЙН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТОМООХОН БОЛОМЖ

           Монголын газар тариалангийн салбарт тэр дундаа хүлэмжийн аж ахуй, хүнсний ногоо, мод үржүүлгийн  салбарт дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх үйл ажиллагаагаараа хэдийнэ танил  болсон "Мөнх ногоон тал" ХХК нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамгийн том “Agro Expo 2024” олон улсын үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр хоёр дахь жилээ оролцож байна. Тиймээс энэ удаад "Agro Expo 2024- ийн эргэн тойронд” газар тариалангийн салбарт 20 гаруй жилийн түүхийг бүтээсэн “Мөнх ногоон тал” компанийн захирал Д.Даваанямыг урин ярилцлаа.

    -Монголын хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэн “Agro Expo 2024”-ын ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?

    -“Agro Expo 2024” нь Монголын хөдөө аж ахуйн салбарт олон улсын хөрш зэргэлдээ улс орнуудын сүлжээг бэхжүүлэх, мөн худалдаа, бизнесийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх томоохон боломж гэж үзэж байна. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард бид “Ехро Mongolia” компанитай хамтран зохион байгуулсан “Agro Expo 2023” үзэсгэлэнгийн үр дүн, туршлага ба үүссэн сүлжээгээ улам бататгах боломж юм. Тиймээс манай компани хоёр дахь жилдээ олон улсын энэхүү үзэсгэлэнд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.

    -Танай компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүнүүд танилцуулж оролцохоор бэлтгэл базааж байна вэ?

    -Манайх 50 гаруй шинэлэг бүтээгдэхүүн танилцуулна. Мөн манай зарим техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Хятад, Солонгосын түншлэгч  компанийн төлөөлөл ирж, оролцоно.

    -Та “Agro Expo-ийн дотоод, гадаадын оролцогчдод хандаж эндээс ямар үр өгөөжийг хүртэх боломжтой талаар хэлэхгүй юу?

    -Монголын хөдөө аж ахуйн салбарынхны хувьд үр тариа, төмс, хүнсний ногооныхоо дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой байдгаас гадна өөр гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээтэй танилцаж, бүтээгдэхүүнээ экспортлох алсын зорилготой ажилладаг юм. Тиймээс энэ арга хэмжээнд олон орны төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, өөрсдийн үйлдвэрлэлийн хэтийн зорилго, өнөөгийн төлөв байдлаа сайжруулах хэрэгтэй санаа сэдлүүд авах боломжтой. Түүнчлэн Монголын эрүүл, шимтэй хөрсөнд  ургуулсан тариа, ногоо, жимс жимсгэнийг худалдан авч хэрэглэх хөрш зэргэлдээ зах зээл бидний дэргэд ойрхон байна. Тэгэхээр энэ үзэсгэлэнд оролцогчдын хувьд дэлхийн зах зээлийн чиг хандлагыг мэдэрч, шинэ харилцагч түншүүдтэй болно гэж найдаж байна.

    -Та механикжуулалтыг хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалт, мод үржүүлгийн ажилд нэвтрүүлсэн өөрийн туршлагаасаа сонирхуулж болох уу?

    -Ер нь зах зээлд нэг шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд холбоо хамааралтай бусад бүтээгдэхүүнийг татаад аваад ирдэг. Тухайлбал, нийлэг хальсан хүлэмж оруулж ирэхээр тоноглол, дуслын усалгааны систем, хүлэмжийн доторх хөрс боловсруулах төхөөрөмжүүд гэх мэтчилэн хамааралтай багаж, бага оврын техникүүд цогцоороо хэрэг болж байгаа юм. Тэр бүгдийг бага үнэтэй ч юм уу, цөөхөн хэрэглэгддэг гэж үзэлгүй бүгдийг нь харилцагчиддаа зайлшгүй нийлүүлж үйлчлэх шаардлагатайг харгалзан гадаад, дотоод харилцааны чанар, уялдаа холбоог чухалчилж ирсэн.

    -Танай компанийн ойрын ирээдүйн бизнесийн хөгжлийн төлөвлөгөө юу байгаа вэ?

    -Бид тасралтгүй хөгжил рүү тэмүүлэх, хэрэглэгчдийнхээ тариалан эрхлэлтийн онцлог, үйлдвэрлэлийн төрөл, овор хэмжээнд тохирсон шинэ техник, дэвшилтэт технологийг үргэлжлүүлэн нэвтрүүлнэ. Мөн үндсэн үйл ажиллагаан дээрээ “Lovol” трактор, “Star” төмсний төгс иж бүрдэл, хүнсний ногоо тарих, үрлэх, хураах техник, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгч, найдвартай дилер болж өрсөлдөхүйц үнэ, үйлчилгээг тариалагчдад санал болгох тэмүүлэлтэй ажиллаж байна.

    -Танай компани өнгөрсөн жил 20 жилийн ойгоо тэмдэглэсэн, энэ хүртэлх хугацааг товч дүгнэвэл?

    -Хорин хэдэн жилийн өмнө энэ бизнес рүү орохдоо бид хэрэгцээт шинэ, дэвшилтэт бүхнийг Монголдоо нэвтрүүлэх хүсэл зорилго, тэмүүллээ эхэнд тавьсан. Одоо ч бид бизнестээ энэ философи, зарчмаа барьж байна.

    Тэр үед нарийн ногоо тариалах хүлэмж олдохгүй, цөөн тооны хүн модыг гараараа матаад, сантехникийн турбаг махийлгаад гараар аргаар хүлэмж барьж байсан. Манай анхны  хэрэглэгчид гэх юм бол Шинжлэх ухааны академийн дэргэдэх Ботаник болон Геоэкологийн хүрээлэн, ХХААЯ-ны “Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төв” гээд голдуу судалгааны байгууллагуудын удирдлага, судлаачид шинэлэг бүтээгдэхүүнийг цаг алдалгүй туршиж үзсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар манай хүлэмж Монголын нийт нутаг дэвсгэрт өргөн түгэн дэлгэрээд байна.

    -Танай компани “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” зэрэг үндэсний хөдөлгөөнд ямар оролцоотой байна вэ?

     “Тэрбум мод” хөтөлбөрөөрөө Монгол Улс дэлхийн улсууд болон хүн төрөлхтний өмнө маш том амлалт өгсөн. Тэгэхээр бид энэ хөтөлбөрөө Монгол орныхоо уур амьсгал, хөрсний нөхцөлд уялдуулан үе шаттай, заавал амжилттай хэрэгжүүлэх ёстой. Манай компанийн хувьд тус хөтөлбөрт ус, эрчим хүчний хэмнэлт ба эдийн засгийн өгөөжтэй, хөдөлмөр хөнгөвчилсөн усалгааны системийг суурилуулах, тариаланчдыг сургах, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр санал болгон ажиллаж байна.

    Мөн “Хүнсний хувьсгал” үе шаттай, эрчимтэй явагдаж байгаа нь дэлхий нийтийн хүнсний тогтвортой үйлдвэрлэл ба ханган нийлүүлэлтийн сүлжээ, хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулж байгаатай төгс нийцээд зогсохгүй үндэсний тариаланч, үйлдвэрлэгчдэд түлхэц, дэмжлэг болж буй нь сайшаалтай байна.

    Эцэст нь хэлэхэд, энэ удаагийн “Agro Expo 2024” нь орчин цагийн тариаланч, фермерүүдийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглаж, арвин ургац авах замаар эрүүл, аюулгүй хүнс тариалах эрхэм зорилгыг биелүүлэхэд түлхэц болно гэдэгт би маш их итгэлтэй байна.

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...