• Тогтвортой хөгжил

    ӨМНӨГОВЬ АЙМАГ ИНГЭНИЙ СҮҮНЭЭС ЖИЛДЭЭ 60 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖТОЙ

    Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Түмэн тэмээний баяр-2025”  хоёр өдөр үргэлжиллээ. “Түмэн тэмээний баяр” арга хэмжээ нь өвлийн улиралд зохион байгуулдаг хамгийн том эвент гэдгээрээ онцлог. Монгол орны жавар тачигнасан тэсгим хүйтэнд хамгийн тэвчээртэй, улам өнгө зүсээ нэмдэг гайхалтай амьтан бол хорвоод хосгүй хоёр бөхт тэмээ билээ. Иймээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон байр суурь эзэлдэг юм.

     Тус хэлэлцүүлэгт “Түмэн тэмээний баяр”-ын санаачлагч, Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн Х.Түмэндэлгэр “Тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлж аялал жуулчлалын эргэлтэд оруулсан Өмнөговийн загвар”, Монгол тэмээ төслийн судлаач доктор, дэд профессор Ч.Жавзандулам “Монголын ингэний сүү нийлүүлэлт, үйлдвэрлэл, тулгамдаж буй асуудлууд, боломж”, 1.1 сая дагагчтай адал явдалт аяллын контент бүтээгч, сошиал медиа инфлүүнсэр Сальма “Тэмээн соёл, түүнд түшиглэсэн аялал жуулчлал, тэмээн спортыг олон улсын түвшинд хүргэхэд медиа салбараас үзүүлэх боломж, туршлага” сэдвээр илтгэл тавьсан юм.

    Энэ үеэр Монгол тэмээ төслийн судлаач Ч.Жавзандулам “Эрт дээр үеэс ард иргэд ингэний сүүг эмчилгээ, сувиллын зорилгоор хэрэглэж ирсэн. Орчин үед шинжлэх ухааны үндэслэлтэйгээр чихрийн шижин өвчинг анагаадаг, аутизм өвчний шинж тэмдгийг бууруулахад тустай, хүний бие махбодод олон төрлийн витамин, эрдэс, амин хүчил, шим тэжээлийг өгдөг ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн гэж дүгнэсэн” хэмээн ингэний сүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаар мэдээлэл өглөө.

    Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнээс тодруулахад “Монгол тэмээ тогтвортой хөгжлийн боломж хэлэлцүүлгийн гол зорилго нь тэмээ маллаж байгаа иргэд эдийн засгийн боломжийг хэрхэн бий болгох вэ. Мөн орлогын нэр төрлийг хэрхэн нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Говь нутгийн малчин эмэгтэйчүүд их хөдөлмөрч, тиймээс хэлэлцүүлэгт аймгийн 15 сумаас тус бүр 5-8 эмэгтэй оролцож байна.

    Өмнөговь аймаг 148 мянган тэмээтэй. Үүнээс жилдээ сүүний зориулалттай 15-20 мянган ингэ ботголж байна. Одоогийн байдлаар үүний 10 орчим хувийг саалинд хэрэглэдэг. Хэрвээ 50 хувийг нь саалинд ашиглавал аймгийн ингэний сүүний жилийн эргэлт 60 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой  гэж эдийн засагчид үзэж байгаа. Тийм ч учраас бид ингэний сүүгээ экспортод гаргах зорилгоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, хувийн хэвшил Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран өдөрт дөрвөн тонн сүү хуурайшуулах хүчин чадалтай ингэний сүүний үйлдвэрийг ашиглалтад оруулаад ажиллаж байна” гэлээ.

    Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу бригадын малчин Р.Ганцэцэг “Манайх энэ жилийн тооллогоор 170 тэмээ тоолуулсан. Тэмээний ашиг шим их. Манай гэр бүл 2009 оноос хойш Ингэний айрагны баяр-Өмнөговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Үзэсгэлэн худалдаанд 200 гаруй литр ингэний айраг, сүү борлуулдаг. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын малчин М.Цолмон “Манай нутгийн өвлийн улиралд болдог ганц том баяр бол “Түмэн тэмээний баяр. Тэмээний баяраар олон найз, нөхөдтэй уулзаж хөөрөлддөг” хэмээн сонирхууллаа.

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...