Д.МӨНХЗУЛ: БИД “ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА
Ус сувгийн удирдах газрын Үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Д.Мөнхзултай үйлдвэрийн хаягдал ус болон ахуйн бохир ус яагаад Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн ажиллах ачааллыг өсгөдөг, уг асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох байгууллагуудаас ямар ажил хийж байгаа талаар ярилцлаа.
-Улаанбаатар хотын усан хангамжид танай байгууллага ямар үүрэгтэй оролцдог талаар яриагаа эхэлье.
-Манай байгууллага Улаанбаатар хотын хүн амыг ундны усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үндсэн үүрэгтэй ажилладаг. Хүн ус хэрэглэж л байгаа бол түүний цаана хаягдал ус гардаг. Энэ утгаараа Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн газар, иргэд, хүн ам гээд бүхий л газраас хаягдал ус гардаг гэсэн үг. Энэ бохир усыг цэвэрлэх ажиллагааг Улаанбаатар хотод Төв цэвэрлэх байгууламж болон Морингийн, Дамба, Чингэлтэйн цэвэрлэх байгууламжууд дээр хийдэг. Үйлдвэрийн бохир ус нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрладаг Төв цэвэрлэх байгууламжид цэвэрлэгддэг.
-Улаанбаатар хотын үйлдвэрүүд болон айл өрхийн ахуйн хэрэглээнээс гарч байгаа хаягдал усны бохирдол байх ёстой хэмжээнээсээ хэд дахин хэтэрчихсэн байгаа учраас Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмэгдүүлж, маш хүндрэлтэй байдалд хүргэдэг гэдэг. Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг багасгах хүрээнд хаана хаанаа анхаарч, тодорхой хийж байгаа төлөвлөгөөт ажлууд байдаг. Энэ чиглэлд хийж байгаа ажлуудын хэрэгжилт, үр дүн ямархуу байгаа вэ?
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа есөн чиглэлийн боловсруулах 468 үйлдвэр манай Ус сувгийн удирдах газартай гэрээтэй ажилладаг. Эдгээр үйлдвэрт манайх Засгийн газрын 73-р тогтоолыг 2018 оноос хойш хэрэгжүүлээд ажиллаж байна.Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар 15 арьс ширний үйлдвэр, 14 ноос, ноолуурын үйлдвэр бага оврын цэвэрлэх байгууламжтай болсон байгаа. 35 автомашин угаах төв хэрэглэсэн усаа эргүүлэн ашиглах төхөөрөмжийг суурилуулсан байна.
Үйлдвэрийн хаягдал усны хяналтыг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулах Засгийн газрын 53-р тогтоол гарсан байдаг. Энэ чиглэлд Монголын мянганы сорилтын сангаас томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд үйлдвэрүүдийн хаягдал усыг цэвэрлэх гарын авлага боловсруулах зөвлөх үйлчилгээнүүд хэрэгжсэн. Гарын авлагад туссан заавар зөвлөмж, стандартын талаарх мэдээллийг үйлдвэр, аж ахуйн газруудад зааж сургах Сургагч багш нарыг бэлтгэсэн. Мөн тус төслийн хүрээнд MNS 6561:2024 Төвлөрсөн ариутгах татуургын шугам сүлжээнд нийлүүлэгдэх хаягдал усны чанарын стандартыг шинэчлэн боловсруулсан.
-Энэ сэдвийг жирийн уншигчдад ойлгомжтой байдлаар маш энгийн тайлбарлахыг хичээж байна л даа. Үйлдвэр ч бай, айл өрхөөс ч бай гарч байгаа хаягдал ус Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд яг ямар байдлаар нөлөөлж хүндрэл учруулдаг юм бэ?
-Цэвэрлэх байгууламж дээр хүлээж авч байгаа усны бохирдлын хэмжээ MNS 6561: 2024 стандартаас даруй 3-5 дахин их бохирдолтой ус нийлүүлэгдэж байгаа. Тиймээс өөрийн хүлээж авч байгаа хүчин чадлаас бохирдлын хэмжээгээрээ ч биет хэмжээгээрээ ч илүү бохирдолтой усыг цэвэрлэж байгаа учраас одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжуудын хүчин чадал нь хүрэлцэхгүй хүндрэл үүсээд байгаа юм.
Бид Мянганы сорилтын сан, ЖАЙКА олон улсын байгууллагынхантай хамтраад хаягдал усны бохирдлыг бууруулах чиглэлээр нэлээд ажлыг хийж хэрэгжүүлж байна.
2025 онд манай байгууллагаас бохир усны бохирдлын хэмжээг бууруулах, цэвэрлэх байгууламж дээр ирж байгаа хог хаягдлыг бууруулах зорилт тавьсан. Үүнийхээ хүрээнд бид “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” аяныг эхлүүлээд, тусгай зөвшөөрөл эзэмшигч Орон сууцны хувийн конторуудыг челленжидээ нэгтгээд байна. Мөн “Номин” супермаркетын сүлжээ, CU зэрэг дэлгүүрүүдийг мөн нэгдэхийг уриалсан. Тэд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байгаа.
-Засгийн газрын 73-р тогтоолыг хэрэгжүүлж байгаатай холбоотой арьс ширний 15, ноос, ноолуурын 14 үйлдвэр бага оврын цэвэрлэх байгууламж суурилуулсан гэж байна. Үүнтэй холбоотой хаягдал усны бохирдол бодитой буурч байгааг илэрхийлэх тоо баримт дурдах боломжтой юу?
-15 арьс шир,14 ноос, ноолуурын үйлдвэр бага оврын цэвэрлэх байгууламж суурилуулсан нэмэгдээд мах, сүүний, нарийн боовны зэрэг хүнсний үйлдвэрүүд эхнээсээ цэвэрлэх байгууламжтай болж эхэлж байна. Үүнийг нэг алхам урагшилж, бидэнд дэвшил гарч байна гэж үзэж болно. Үйлдвэрүүд цэвэрлэх байгууламжаа суурилуулсан ч тэрийгээ ажилуулах хүний нөөц дутмаг. Тэгэхээр бага оврын цэвэрлэх байгууламжтай болсон үйлдвэрүүдийн бохирдол мэдэгдэхүйц буурчихсан гэж хэлэхэд бас эрт байна. Гэхдээ өмнөх маш өндөр бохирдолтой ус нийлүүлдэг байсан үеэ бодоход бохирдлын хэмжээ харьцангуй буурсан үр дүнгүүд эхнээсээ гарч байна.
-Үйлдвэрүүдэд урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах гарын авлагыг өргөн хүрээнд ашиглах боломж нь хэр вэ?
-Үйлдвэрийн усны бохирдлыг бууруулах гарын авлагыг манайх байгууллагынхаа вэб сайт дээр бүтнээр байршуулсан байгаа. Мөн бидний бэлтгэсэн сургагч багш нар үйлдвэр, аж ахуйн газруудыг оролцуулан сургалтууд хийх талаар энэ оны ажлын төлөвлөгөөндөө тусгасан. Төлөвлөсөн хугацаанд нь хийгээд явна. Гарын авлагад үйлдвэрүүдийг чиглэлээс нь хамаараад усны бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх дээд агууламж нь ийм байна, бохир усны хэмжээгээ ийм стандартад бариулна гээд заагаад өгчихсөн. Түүнчлэн аль чиглэлийн үйлдвэр хэрэглэж байгаа усны хэмжээнээсээ хамаараад ямар төрлийн тоног төхөөрөмж, цэвэрлэх байгууламж суурилуулахыг ч гарын авлагад заачихсан. Тиймээс сургагч багш нар маань гарын авлагад заасан зүйлсийг л заана. Түүнээс биш, технологи ажиллагаа нарийвчилж орохгүй.
-Хаягдал усны бохирдлыг 2013 оны түвшинд аваачна гэсэн зорилт хэрэгжүүлэгч байгууллагуудын дунд байна. Яагаад бохирдол бууруулах ажил хийгдээд байгаа хэрнээ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Төв цэвэрлэхэд очиж байгаа бохирдол улам ихсээд байгаа юм бол. Учир шалтгаан нь юунд байна вэ?
-Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд болон Шинэ цэвэрлэх байгууламж баригдаж байгаа. Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад ороход хүлээн авч байгаа бохир усны бохирдлын хэмжээ 2013 оныхтой дүйцэхүйц болж буурсан байх ёстой. Энэ хүрээнд шат шатандаа ажлууд хэрэгжүүлж байна. Гэхдээ цэвэрлэх дээр ирж байгаа бохирдлыг бууруулахын тулд эх үүсвэр буюу тухайн аж ахуйн нэгж байгууллага л анхаарал хандуулах хэрэгтэй. Эх үүсвэрээс ирж буй бохирдол стандартаа хангаж байж л цэвэрлэхийн бохирдлын хэмжээ буурах юм.
Цэвэрлэх байгууламжид химийн хэрэгцээт хүчилтөрөгч болон умбуур бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж өндөртэй бохир их хэмжээгээр нийлүүлэгдэж байгаа. Яагаад бохирдлын хэмжээ 2013 оныхоо түвшингээс их болоод байна вэ гэхээр сүүлийн жилүүдэд химийн бодисын хэрэглээ эрс нэмэгдсэн. Боловсруулах чиглэлийн үйлдвэрүүд технологи ажиллагаандаа хүчтэй химийн бодисууд их хэрэглэж байна. Ахуйн хэрэглээнд мөн айл өрхүүд угаалгын төрөл бүрийн бодис хэрэглэдэг болсон. Энэ мэт шалтгаануудын улмаас бохирдлын хэмжээ хэд дахин нэмэгдчихээд байгаа юм. Мөн бохир зөөврийн машинуудаар зөөгдөж ирж байгаа бохирдлын хэмжээ ихэссэн. Тиймээс энэ чиглэлд 53-р тогтоолын хүрээнд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлээд явж байна.
-Үйлдвэрүүдийн хаягдал усны хэмжээг бууруулах ажлын хэрэгжилт дээр хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Манайд үйлдвэрийн бохир усны хяналт хариуцсан таван инженер ажилладаг. Манай тав дээр ариутгах татуургын хяналтын инженерүүд нэмэгдэнэ. Энэ баг бохирдол бууруулах чиглэлийн төлөвлөгөөнүүдээ гаргаад явдаг.
-Хаягдал усны бохирдлыг бууруулахын тулд дан ганц үйлдвэр аж ахуйн газрууд төдийгүй иргэн, аж ахуйн нэгжүүд хийгээд ус хэрэглэдэг болгоны үүрэг, оролцоо чухал юм байна шүү дээ?
-Үйлдвэр, аж ахуйн газрууд болон айл өрх, иргэн бүр бохирын шугам хоолойгоор дамжиж байгаа болон бохир усны бохирдлыг бага байлгах чиглэлд идэвх оролцоотой, ухамсраараа “үүрэг хариуцлагыг өөр дээрээ хүлээж ажиллах ёстой юм байна” гэдэг үүргээ сайн ухамсарлах чухал. Дээрээс нь хувь хүнийхээ хувьд үнэхээр үүргээ хэрэгжүүлээгүй бол авах арга хэмжээ, хариуцлага хэрэгждэг болж байж энэ үр дүнд хүрэх болов уу гэж хардаг.