80.0 МЯНГАН ГА ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙГ ХАШААЖУУЛЖЭЭ
Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор улсын төсвийн 9.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 361.2 мянган ширхэг төмөр бетон шонг нийлүүлж, төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд 80.0 мянган га тариалангийн талбайг хашаажуулах ажлыг гүйцэтгэж байна.
Мөн хөргөлттэй агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх
зорилгоор 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 200-500 тонн багтаамжтай төмс,
хүнсний ногооны зоорины барилга, 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 10 га
талбайд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн газрыг тус тус байгуулж байна.
Газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, үр бордоог дамжуулан борлуулах үйлчилгээг нэвтрүүлэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлснээр дотоодын бизнес эрхлэгчид болон дилер компаниудын үйл ажиллагаа эрчимжиж, энэ оны эхний хагас жилийн байдлаар 5.6 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, 9.7 тэрбум төгрөгийн бордоо, 1.3 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодисыг тариаланчид, фермерүүдэд нийлүүлжээ.
Таримлын сэлгээ болон малын өндөр уурагт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 1600 тонн есөн төрлийн тэжээлийн таримлын үрийн нөөцийг бүрдүүлж, дамжуулан зээлдүүлэх үйлчилгээгээр олгож байна.