ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ЦОЙЛСОН ӨСӨЛТТЭЙ ГАРАВ
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар хөдөө аж ахуйн салбар 35.6 хувиар өссөн нь өмнөх оны -28.7 хувийн уналтаасаа эрс сэргэжээ. Монгол Улсын эдийн засгийн нийт өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 хувьтай гарсан бол хөдөө аж ахуйн салбар ганцаараа 35.6 хувийн өсөлт үзүүлэв. ДНБ-ий 2.4 хувийн өсөлтийн нэг хувийг хөдөө аж ахуйн салбар дангаараа эзэлж байгаа.
Монголын эдийн засгийн голлох салбар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналттай тэр дундаа нүүрсний экспорт эрс багасаж, төсөв алдагдалтай байгаа энэ үед хөдөө аж ахуйн салбар ганцаараа өсөлттэй гарсан нь “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, "Шинэ хоршоо", “Атрын IV аян”-ы хэрэгжилт, бодлогын үр дүн гарч байна гэж албаныхан үзэж байна.
Тус салбарт өнөөдөр 600 мянга орчим хүн ажиллаж байгаа нь Монголын нийт ажиллах хүчний гуравны нэгтэй тэнцэх тоо юм.
2025 оны эхний улиралд хөдөлмөрийн зах зээл өмнөх оны мөн үеэс 48 мянгаар өссөнөөс 37 мянган хүн хөдөө аж ахуйн салбарт шинээр нэмэгдсэн байна.
Тухайлбал, 2024 оны байдлаар тус салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 31.7, экспортын орлогын 5.0 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 45.3 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, орон нутгийн эдийн засгийн 85.0 хувийг эзэлж байна. Зөвхөн мал аж ахуйн салбарт гэхэд 308.7 мянган малчин байгаа нь хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг гэсэн үг.
Энэ нь хөдөө аж ахуй эдийн засгийн тулгуур салбар гэдгийг баталж байгаа юм.