АДУУТАЙ ХҮН БҮРД ДУУЛГАХ САЙН МЭДЭЭ
Сүүлийн жилүүдэд Монголд нэлээд газар аваад байгаа адууны нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгохоор Японы Засгийн газрын САТРЕПС төслийг Японы Обихирогийн хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургууль, Монголын мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран нэг багаараа хоёр дахь удаагаа хэрэгжүүлэх юм.
ЖАЙКА олон улсын байгууллага болон Японы шинжлэх ухаан, технологийн агентлагийн 4.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх “Адууны нийлүүлгийн өвчин(Dourine)-ийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгох судалгаа” D-core САТРЕПС төслийн нээлт өчигдөр/2025.09.24/ боллоо.
Төслийн нээлтэд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Шинжлэх ухаан, технологийн сан, Мал эмнэлгийн ерөнхий газар, Шинжлэх ухааны академи зэрэг байгууллагын удирдлагууд, ЖАЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Японы шинжлэх ухаан технологийн агентлаг, Обихирогийн хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургууль, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид,төсөл хэрэгжих таван аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
Дээрх Монгол, Японы мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын судалгааны баг өмнө нь САТРЕПС төслийг 2014-2019 онд хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаа багаараа уг төслийг хоёр дахиа хамтран хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой. Эхний төслөөр Монголд адууны нийлүүлгийн өвчин байгааг тогтоож, оношлуур бүтээсэн үр дүн гаргасан бол 2025-2030 онд хэрэгжих төслөөр “Адууны нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгох зорилготой аж. Төсөл Дорнод,Төв, Сэлэнгэ, Булган, Орхон гэсэн таван аймагт хэрэгжинэ.Таван жилийн өмнөх адууны нийлүүлгийн өвчнийг тогтоох, оношлох эхний шатны төсөл ч эдгээр аймгуудад хэрэгжиж байжээ.
Адууны нийлүүлгийн өвчин нь үржлийн замаар халдварладаг учраас тархалт үргэлжилсээр байх аюултай. Одоогоор уг өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин дэлхийд гараагүй тул өвчилсөн адууг эмчлэх боломжгүй юм.
Төслийн Япон талын
удирдагчаар ажиллаж буй Обихирогийн хөдөө аж ахуй, мал эмнэлгийн сургуулийн
Эгэл биетэн судлалын үндэсний төвийн захирал профессор Ноборү Иноүэ
хэлэхдээ“Монгол Улс адууны нийлүүлгийн өвчинтэй хамгийн идэвхтэй тэмцэж байгаа
орон. Бидний өмнөх төслөөр бий болгосон оношлуурыг өнгөрсөн хугацаанд Монголын
малын эмч нар болон адуучид, уяачид шаардлагатай тохиолдолд хэрэглэж үр дүн
үзүүлсэн тул одоогийн хэрэгжүүлэх төсөлд өндөр хүлээлттэй байгаа. Хоёр орны
судлаачид нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгоно” гэв.
Мөн төслийн Монголын талын удирдагч Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг “Хоёр дахь САТРЕПС төслийг зорилтот таван аймагт хэрэгжүүлж, адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүл бүс бий болгох, хяналт, хорио цээр, үржүүлэг, мал эмнэлгийн цогц систем, жишиг загварыг бий болгох, адууны нийлүүлгийн өвчинтэй тэмцэх зааврыг шинэчлэн боловсруулах, орон нутагт адууны зохиомол хээлтүүлэг хийх техникчийг бэлтгэх зэрэг ажлыг хийнэ” хэмээв.
САТРЕПС төслийг дэлхийн хүссэн орон бүр авч хэрэгжүүлээд байж чаддаггүй, маш өндөр нэр хүндтэй төсөл байдаг. Монголд энэ төслийн эхний шатыг хэрэгжүүлэх гэж Мал эмнэлгийн эрдэм шинжигээний хүрээлэнгийн судалгааны баг Японы Засгийн газарт бүтэн долоон жилийн турш тасралтгүй төсөл илгээж байж анхны төслөө 2014 онд авсан байна. Энэ удаа өмнөхөөсөө харьцангуй бага хугацаа зарцуулж амархан тэнцсэн гэдгийг Батцэцэг захирал онцоллоо.
Адууны нийлүүлгийн өвчин монгол орон даяар тарахсан байх магадлалтайг мэргэжлийн байгууллагынхан хэлсэн бөгөөд үүнд хамгийн гол нөлөө үзүүлдэг зүйл нь малын шилжилт хөдөлгөөн, импортын адуу ихэссэн, адуучид болон уяачид үржүүлэгт ашиглах адуугаа байнга оношлогоо шинжилгээнд хамруулахыг зөвлөж байна.