БАРУУН АЙМГУУДЫН ГУРИЛЫН ХЭРЭГЦЭЭГ ШИНЭ УРГАЦЫН БУУДАЙН ГУРИЛААР ХАНГАНА
М.БАТТУЛГА
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран, Ургамал хамгааллын газрын дарга Э.Уламбаатар, бусад мэргэжилтнүүд гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Өнгөрсөн долоодугаар сард ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчидтэй уулзалт хийсэн.
Уулзалтаар 2025 оны зургадугаар сарын 25-ны өдөр батлагдсан УИХ-ын 60-р тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах асуудлаар гурил үйлдвэрлэгчид болон ХХААХҮЯ хамтран ажиллахаар зөвшилцөж, баруун таван аймгийн иргэдийг дотоодын гурилаар хангах, тээвэрлэлтийн зардлыг бууруулан хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр өргөн хэрэглээний гурилыг нийлүүлэх асуудлыг тохиролцсон.
Өнөөдрийн уулзалтаар уг хэлэлцээний хэрэгжилтийг гурилын үйлдвэрүүд хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар тодруулж, цаашид борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах, нэгдүгээр гурилын үнийг тогтвортой барих, тээвэрлэлтийн зардал шингээлгүй баруун бүсийн аймгуудад үйлдвэрийн үнээр нийлүүлэх асуудлыг ярилцаж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлд тохиролцов.
Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн иргэд жилд 25000 тонн гурил хэрэглэдэг гэсэн статистик тоон мэдээлэл бий. Уг үзүүлэлтэд тулгуурлан гурил үйлдвэрлэгчид сар бүр 2000 тонн шинэ ургацын буудайн гурилыг баруун таван аймагт тогтмол нийлүүлэх юм.