• Тогтвортой хөгжил

    Алфред Катер: Манай төслийн зорилго Монголын газар тариаланд тогтвортой хөгжихөд туслах юм

    “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан” олон улсын зөвлөгөөний үеэр уг хурлыг санаачлан, зохион байгуулсан Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн удирдагч доктор Алфред Катертай ярилцлаа.

    -Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариаланг хэрхэн эрхлэх талаар дотоод, гадаадын судлаачдын судалгаанд үндэслэсэн илтгэл, хэлэлцүүлэгтэй ийм сургалт манай тариаланчдад маш хэрэгтэй байдаг. Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс цаашид энэ өгөөжтэй сургалтаа тариалангийн бүс нутгуудад, тариаланчдад хэрхэн хийх вэ?

    Бид 2020 онд энэ чиглэлээр тодорхой ажил төлөвлөсөн байгаа. Бидний хамгийн эхний зорилго бол салбарын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон эрдэмтэн судлаачид зэрэг мэдээлэл дамжуулах, мэдлэг түгээх үүрэгтэй байгууллагуудын төлөөллүүдийг аль болох өргөн хамруулж сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Тэдгээрээр дамжуулж цааш нь илүү олон хүнд хүргэх ажлыг хийдэг. Тухайлбал, танай сэтгүүл ч гэсэн манай энэ олон улсын зөвлөгөөний талаар сонирхож, мэдээлэл авч, ярилцаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариаланг хэрхэн эрхлэх талаарх бидний тариаланчдад хүргэхийг хүсч байгаа мэдээллийг илүү олон хүнд түгээхэд тустай гэж үзэж байна.

    -Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан гэсэн энэ сэдвийн хүрээнд танайх цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

     Энэхүү “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан” гэдэг дэд төсөл маань богино хугацаатай,  Холбооны   Хүнс,   хөдөө   аж ахуйн яам/ХХХААЯ/-ны нэмэлт санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл юм. Уг сэдэв нь өөрөө үндсэн төслийн маань тэргүүлэх чиглэлүүд болох “Эрсдэлийн менежмент” болон “Газар тариалангийн зохистой дадал” гэсэн хоёр тэргүүлэх чиглэлтэй уялдаж байгаа учраас цаашдаа төсөл дуустал энэ сэдвээр ажиллана. Уур амьсгалын өөрчлөлт дотроо бид тодорхой сэдвүүд дээр нарийвчлан ажиллана. Тухайлбал, усалгаатай газар тариалан, тариалангийн талбайн хөрс хамгаалал, ургамал хамгааллын зохистой дадал гэсэн гурван сэдвийн хүрээнд түлхүү ажиллахаар төлөвлөж байна. Манай төсөл эрэлтэд суурилсан үйл ажиллагаа хэрэгжүүлдэг учраас монгол талаас хамтарч ажиллаж буй ХХААХҮЯ болон бусад байгууллагын зүгээс тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, тэр хүрээнд бид хамтран хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөдөг.

    -“Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл харьцангуй үр дүнтэй, тогтвортой хэрэгжиж байгаа төсөл.  Ялангуяа газар тариалангийн салбарт хийсэн зүйл их бий. Та манай уншигчдад төслийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

    “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл ХБНГУ-ын ХХХААЯ, Монгол Улсын ХХААХҮЯ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд 2019-2021 онд гуравдугаар үе шатны үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Манай төслийн зорилго нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг, нийгэм, экологийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг бий болгоход туслах, энэ чиглэлээр бодлогын болон бүтэц зохион байгуулалт, технологийн шийдлүүдийг нэвт- рүүлэхэд дэмжих, зөвлөх юм. Төслийн зорилтот бүлэгт газар тариалангийн салбарын төрийн төв ба орон нутгийн захиргаад, мэргэжлийн хяналт, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд багтана. Төслийн үр шимийг шууд бусаар газар тариалангийн салбарын мэргэжлийн холбоод, тариаланчид, хэрэглэгчид хүртэх юм.

    Төсөл гурван үндсэн сэдвийн хүрээнд хэрэгжиж байна. Нэгдүгээрт,  таримал  ургамлын үр сорт, хоёрдугаарт, газар тариалангийн зохистой дадал. Энэ бол нэлээд өргөн сэдэв дотроо ургамал хамгаалал, хөрс хамгаалал, таримлын зохистой сэлгээ гэсэн дэд сэдвүүдийг агуулдаг. Гуравдугаарт, газар тариалангийн эрсдэлийн ме- нежмент зэрэг болно.

    -Мөн танайхыг газар тариалангийн бодлого болон эрх зүйн шинэчлэл хийхэд зөвлөх, мэргэжлийн туслалцаа үзүүлж оролцдог гэж бодож байна. Энэ чиглэлд ямар бодитой ажлууд хийж байгаа вэ?

    Тийм, та маш зөв анзаарсан байна. Энэ хүрээнд манай төсөл зөвлөгөө өгч байгаа гурван хуулийн төсөл байна. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл. Эдгээр гурван хуулийн төслийг боловсруулахад ХХААХҮЯ болон бусад оролцогч талуудад мэргэжлийн зөвлөгөө өгч хамтарч ажиллаж байна.

    Хоёр дахь үйл ажиллагааны чиглэл мэдлэг дамжуулах бөгөөд мэргэжлийн, мэргэшүүлэх сургалтуудыг оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан зохион байгуулдаг. Түүнчлэн салбарын тулгамдсан асуудлуудаар   хэлэлцүүлэг, семинар, хурал зөвлөгөөнийг зохион байгуулж, хэлэлцүүлдэг.

    Гурав дахь үйл ажиллагааны чиглэл маань институцийн зөвлөх үйлчилгээ. Энэ ажлын хүрээнд газар тариалангийн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг төрийн болон төрийн бус байгууллагуудад цаашдын хөгжлийн бодлого, зорилтоо тодорхойлоход, тухайлбал, стратегийн болон бизнесийн төлөвлөгөө боловсруулахад нь мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

    -Танай төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ямар хаягаар холбогдох боломжтой бэ?

    Манай төслийн www.dmknl. de/mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Төслийн хүрээнд хийсэн судал- гааны тайлангууд, сургалтын гарын авлагууд, холбогдох сэдвээр боловсруулсан бодлогын зөвлөмжүүд болон олон нийтэд зориулсан баримтат нэвтрүүлгүүд зэрэг олон мэдээллийг тус цахим хуудсаас авах боломжтой.

    -Төслийнхөө талаар бидэнд танилцуулсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

    Танай сэтгүүлээр дамжуулан нийт тариаланчдадаа эрүүл энх, ажлын амжилт хүсэхийн ялдамд байгаль дэлхий хураа хайрлаж, арвин ургац хураахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...