• Агробизнес

    Мах экспортлогчид Шадар сайд болон Мэргэжлийн хяналтынхныг “хайж байна”

    “ЖҮЖИГ”-ИЙН НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ: 

    Наадмын дараа ажил эхлэнгүүт “Эмээлт”-ийн махны дуулиан шуугианы хөлд чирэгдсэн дулааны аргаар боловсруулсан /ДАБ/ махны экспортын асуудал юу болж байгаад анхаарал хандуулж, асууж сураглалаа. Миний бие өмнө нь энэ талаар хоёр ч удаа нийтлэл бичиж сонин хэвлэлд гаргаж байсан тул барьж авсан сэдвээ  дахин хөндөх нь зүйн хэрэг байх гэж бодож байна.

    Хамгийн гол нь махны экспорт хэвийн явагдаж байх үед өдийд хот, хөдөөгүй мал махны ажил бужигнаж байдаг цаг. Мал мах бэлтгэн нийлүүлэгчдийн ажил ид өрнөж, тээвэр,туувар эхэлж, махны үйлдвэрийнхэн бэлтгэлээ базааж, малчид ч намрын хичээл сургууль, өвс тэжээлийн бэлтгэлд шаардлагатай өрхийн төсвийнхөө тодорхой хэсгийг мал махнаас бүрдүүлчихсэн маадгар суудаг. 

    Гэтэл уг уламжлалт ажил энэ зун хаана хаанаа нам жим. Мал мах бэлтгэлийн талаар дуугарах хүн нэг ч алга. Аргагүй дээ, “Эмээлт”-ийн шуугиант мэдээлэлтэй холбоотойгоор Ерөнхий сайдын 86 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Эмээлт”-д ажилласан эхний хяналт шалгалтынхаа мэдээлэлд үндэслэн Засгийн газрын өнгөрөгч зургадугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаас  дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортыг он дуустал зогсоох тухай  шийдвэр гаргуулсан юм. Шадар сайд С.Амарсайханы яаравчлан гаргуулсан эл шийдвэр нь үнэндээ Засгийн газрын өмнөхөн нь буюу 2022 оны тавдугаар сарын 4-ний өдрийн дулааны аргаар боловсруулсан махны экспортыг эхлүүлэх тухай шийдвэрийг үгүйсгэсэн, ойлгомжгүй шийдвэр болсныг Монголын махны салбарынхан  сайн мэдэж буй.

    Энэ нь БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспорт хийх тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийнхний хувьд тэнгэр нэргэхтэй адил хүнд цохилт болсон юм. Тэдний хувьд шалгалтаар “Манай компанийн “но” маань илэрчих вий дээ” гэж эмээхдээ биш, ковидын улмаас жил гаруйн хугацаанд экспорт нь хориотой байж байж, ашгүй нэг Монголын Засгийн газрын зүгээс экспорт эхлүүлэх шийдвэр гарч, импортлогч талын ковидын нөхцөлд эрсдэлгүй экспорт хийх тухай олон улсын хэмжээнд тавьсан дүрэм журмыг өөрийн болгон буулгаж, мөрдөх маш их бэлтгэл хангаж, том даваа давах нь дээ гэж байсан учраас тэр.

    Шадар сайдын зүтгүүлсэн дээрх шийдвэр хэт өнгөц харж, хөнгөн хөдөлсөн, ардаа багагүй балагтай шийдвэр болсон талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудаар ч өмнө нь нэг бус удаа мэдээлэл гаргасан.

    “ЖҮЖИГ”-ИЙН ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ: 

    Тэгээд юу болсон бэ? Дээрх Монголын Засгийн газрын сар хүрэхгүй хугацаанд өмнөхөөсөө буцсан зөрчилтэй шийдвэр хэр удаан үргэлжлэх бол  гэдэг хачирхалтай асуултын тэмдэг урган гарсан.

    Зургаадугаар сарын дундуур Шадар сайдын ахалсан ажлын хэсэг цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтаас  бүрдсэн маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр дахин улсын хэмжээнд мал төхөөрөх, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг толгойтой болгонд/аж ахуйн нэгж/ бараг нэгэн зэрэг шахуу шалгалт оруулсан. Дайсныг дарж авах гэж байгаа аятай сүр хүчийг үзүүлсэн сураг дуулдсан. Ковидын хөл хорионд хоёр жил арай ядан гэлдэрсэн хувийн хэвшилдээ шүү. За тэр яах вэ, төрийн зүгээс зөрчил дутагдлыг арилгуулахын тулд уг шалгалтыг хийх ёстой болоод л хийсэн байх гэж бодоё.

    Гэтэл өнөөдөр долдугаар сарын 27. Мөнөөх цуутай шалгалтын талаарх дүгнэлт, шийдвэр хаана байна вэ? Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспорт юу болсон бэ? гээд сураг ажиг тавиад явахад шаварт унасан шарын эзэн гэгчээр хэдэн экспортлогчид нь хөргүүртэй махаа сахиад наадамлаа ч үгүй, амарч ч чадахгүй, Шадар сайдын ажлын алба, МХЕГ, ХХААХҮЯ зэрэг төрийн байгууллага руу дэмий л утас цохин, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу сууна. 

    Харин Шадар сайд Амарсайханы уг асуудлыг хариуцсан ажлын алба болон МХЕГ-ын удирдлагууд утсаа авахгүй, очоод уулзъя гэхээр ажлын байрандаа байхгүй байгаа аж. Монгол Улсын Шадар сайд болон МХЕГ-ынхныг мах экспортлогчид “хайж байна”. 

    Инфляц тэнгэрт тэмүүлж, иргэдийн амьдрал уналтын ёроол руу орж, улсын эдийн засаг хүндэрч байгаа энэ үед гаднаас бага ч гэсэн валют оруулдаг нэг ч гэсэн салбарын бүтээгдэхүүний экспортод төрийн томчууд нь ингээд гох дэгээ тавьчихаад, өөрсдөө амарч зугаалаад явж таарах уу? 

    “ЖҮЖИГ”-ИЙН ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ: 

    Одоо Шадар сайдын ахалсан ажлын хэсгийн сүүлчийн буюу өнгөрөгч  зургаадугаар сарын дундуур цагдаа, тагнуулынхан зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй хийсэн том шалгалтын дүнгийн талаар олж авсан мэдээллийн хүрээнд зарим тоо баримт, дүгнэлт мэдээллийг хүргэе. Энэ тухай гэхдээ өнөөдрийг хүртэл албан ёсны битгий хэл, албан бус ч нэг ширхэг мэдээ мэдээлэл цухуйгаагүй байгаа гэдгийг онцлон тэмдэглэе. Нөгөө “Эмээлт”-ийн махны асуудлыг эхэлж хөндсөн вэб сайтууд хаачсан бэ. Яагаад Шадар сайдын ахалсан шалгалтын үр дүнг өдий болтол сонирхсонгүй вэ? Тэр тийм чухал биш үү. 

    Уг ажлын хэсгийн шалгалтаар улсын хэмжээнд мал төхөөрөх болон дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагаа явуулдаг 56 аж ахуйн нэгжийг хамруулан шалгалт хийжээ. 

    Үүнээс дулааны аргаар боловсруулсан махны стандартын шаардлага хангаж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор нийт 22 аж ахуйн нэгжээс 25 дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтээр 13 дээжийн 1981.18 тонн, аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтээр дөрвөн дээжийн 220 тонн мах шаардлага хангаагүй гарчээ. Ангилж савласан адууны махны стандартын шаардлага хангасан эсэхэд найман аж ахуйн нэгжийн есөн дээж авч, шинжлүүлэхэд нэг дээжийн мах шаардлага хангаагүй гарсан байна. Мах хадгалж байсан 43 аж ахуйн нэгжийн 20 аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, 11 аж ахуйн нэгжид 25.5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлэн долоон аж ахуйн нэгжийн эрхийг хаах нэмэлт шийтгэл ногдуулсан тухай мэдээлэл байна. 

    Харин дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 13 үйлдвэрийн хувьд шалгалтыг амжилттай давжээ гэж үзэж болох нь. 

    Мөн онцолж хэлэх нэг зүйл бий нь дээрх экспортын эрхтэй 13 үйлдвэрийн нэгд нь ч экспортын эрхээ хасуулах хэмжээний ноцтой зөрчил илрээгүй байгааг та бүхэн харж байна. Харин дээрх шалгалтын материалд долоон ч аж ахуйн нэгжийн эрхийг хаасан тухай дурдагдсан. Өөрөөр хэлбэл, тэдний дотор дулааны аргаар боловсруулсан махны экспортын зөвшөөрөлгүй хэрнээ үйл ажиллагаа явуулж байсан газрууд байжээ. Шалгалттай холбоотой зарим тоон мэдээллийг дурдахад ийм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох газруудаас нь тодруулж дахин мэдээлэх болно. 

    Ингээд шалгалтын дүн мэдээллийг зургаадугаар сардаа багтааж бэлэн болгож, баярын өмнө буюу долдугаар сарын 06-нд Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох удирдлагууд ХХААХҮЯ-ны дэргэдэх Махны экспортын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт дээрх шалгалтынхаа дүн мэдээллийг танилцуулж, экспортыг хэрхэн эхлүүлэх талаар хоёр талаасаа ярьж тохиролцсон зүйл ч бий аж. Долдугаар сарын 7-нд МХЕГ-ын дарга Б.Баасандорж ч дээрх яамны ажлын хэсгийнхэнтэй уулзсан байна. Энэ үеэр ажлын хэсгийн зүгээс нэгэнт зөрчил илрээгүй аж ахуйн нэгжүүдийн экспортыг яаралтай, хялбаршуулсан байдлаар шийдэх хэрэгтэй байгаа талаар  санал болгоход “Тэгэлгүй яах вэ, бид экспортыг дэмжиж ажиллана. Шадар сайдад яаралтай танилцуулж, өнөө маргаашгүй шийдэх болно” гэж амлалт өгсөн боловч өнөөдрийг болтол сураг алдарчээ. 

    Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, ХХААХҮЯ-ны дэргэдэх махны экспортын ажлын хэсэг гэдэг нь энэ оны нэгдүгээр сарын 17-нд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар байгуулагдсан ХХААХҮЯ, Гадаад харилцааны яам, МХЕГ, ГЕГ, Монголын махны холбоо зэрэг холбогдох бүх газраас төлөөлөл орсон өргөн бүрэлдэхүүнтэй баг юм. ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаар ахлуулсан энэ ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дулааны аргаар боловсруулсан махны  экспортыг эхлүүлэх талаар багагүй зүйл хийсэн байна. 

    Тэгвэл долдугаар сарын 7-нд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хаяглан хүргүүлсэн албан бичгийг олж үзсэн юм. Уг албан бичигт экспортын эрхтэй аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан махыг БНХАУ-д экспортлох саналтай байна. Иймд дээрх саналыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ. 

    Асуудал ийм байхад эцсийн шийдийг нэг нь уламжилж, нөгөө нь гаргах ёстой МХЕГ-ын удирдлагууд болон Монгол Улсын Шадар сайд экспортод тавьсан гох дэгээгээ үтэр түргэн мултлах гэж яарахгүй, хаачсан бэ? Монгол Улсын Шадар сайдын гэгээн дүрийг улсын баяр наадмаас хойш хэвлэлээр нэг ч харсангүй. Тэгэхээр амралт зугаалга, аймаг, сумын ой дамжин наадамлаж яваа хэрэг үү? Яасан арилчихсан дотортой улс вэ. 

    Цаана чинь дулааны аргаар боловсруулсан махны экспорт хийх гэж үйл тамаа цайж яваа хувийн хэвшлийн хэдэн компанийн захирлууд банкны зээлээ ч төлж чадахгүй өрөнд орж, тог цахилгааны мөнгө өдөр, шөнөгүй урсгаж байгаа хэдэн тонн махтай хөргүүрүүдийнхээ дэргэдээс холдож чадахгүй, 2021 онд бэлтгэсэн махных нь хадгалалтын хугацаа нь дуусчих гээд амь тавих нь холгүй байна. Тэрбитгий хэл, тэд хөргүүрээ манахдаа заримынх нь дотор орж харах ч боломжгүй хий дэмий шавар байшингийн гаднаас харж зогсоо юм билээ. Яасан гэхээр Шадар сайдын ахалсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар дээж авч шинжилгээнд хамруулсан үйлдвэрүүдийн агуулахыг лацдаж түр хугацаагаар битүүмжилсэн тул аж ахуйн нэгжүүд хөргүүрийнхээ температурыг юу болж байгааг ч мэдэх эрхгүй байгаа юм. Энэ бол экспортлогчдын толгойг өнөөдрийн түвшинд өр ширнээс ч илүү зовоосон асуудал болоод буй аж. Үндсэндээ тэдний зарим хөргүүр сар шахуу улсаас тавьсан лацтай байгаа гэсэн үг. 

    Эдийн засаг хүнд байхад ингэж, хувийн хэвшлээ хорлож болдог юм уу? Шадар сайд аа. Тэд тантай өмхийрсөн махтай уулзах вий дээ. Яагаад шалгалтаар асуудалгүй гарсан компаниудын үйл ажиллагааг нэг хоног ч алдахгүй эхлүүлэх байтал өнөөдрийг хүртэл таг бариад байгааг ойлгоход бэрх байна. 


    Энэ дашрамд хэлэхэд, дулааны аргаар боловсруулсан махны экспорттой холбоотой миний өмнө зургаадугаар сарын 13-нд news.mn вэб сайтад бичсэн “Засгийн газар экспорт хаасан эрхээ эргэн харна уу”, “Өдрийн сонин”-д гаргасан “Л.Оюун-Эрдэнэ сайд аа, махны экспортын шийдвэр хувийн хэвшлийг хохироох вий” гэсэн нийтлэлүүд бийг уламжлахад илүүдэхгүй болов уу.  

    И.ОТГОНЖАРГАЛ


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...