• Агробизнес

    УВС АЙМАГ 2030 ОН ХҮРТЭЛ “МЯНГАТ МАЛЧИН” ШАЛГАРУУЛАХГҮЙ

    Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотойгоор мал аж ахуйн чиглэлд тодорхой заалтуудтай захирамж гаргажээ.

    Тэрбээр “Манай аймагт бэлчээрийн даац хамгийн багадаа 2.5 дахин зарим газарт дөрөв дахин хэтэрсэн. Энэ бол бидний ”Мянгат малчин” гэдэг цол олгосонтой холбоотой юм байна.  Цагаан сар болохоор Сумын Засаг дарга “Та Мянгат малчин боллоо” гээд тууз зүүж өгч, Баярын бичиг гардуулдаг энэ байдал маш буруу хөшүүрэг байжээ. Үүнтэй холбоотой малчид малынхаа тоон дээр л анхаарч ирсэн. Тухайлбал, 1000 малтай айл өвөлжөөнийхөө өвсийг 14 хоног идэх бол 500 толгой мал нэг сар идэх жишээтэй.

    Тиймээс манай аймаг малын чанарт анхаарахаар өнөөдөр Аймгийн Засаг даргын Захирамж гаргаж байна.

    Захирамж ямар агуулгатай вэ гэхээр нэгдүгээрт, “Мянгат малчин” цолыг 2030 он хүртэл таван жилийн хугацаатайгаар Увс аймгийн нутаг дэвсгэрт зогсоож байна.

    Хоёрдугаарт, Улсын аварга малчин болох тодорхойлолтууд сумдаас ирдэг. Аймаг 700 толгой малаас дээш малтай айл өрхийг Улсын аварга малчны шагналд тодорхойлж явуулахгүй. Яагаад гэвэл чанар биш,тоонд анхаардаг малчныг дэмжихгүй. Өөрөөр хэлбэл, аймгийн зорилтод нийцэхгүй байна гэж үзэж байгаа гэсэн үг.

     Гуравдугаарт, 500 толгойгоос дээш малтай өрхийг Аймгийн аварга болгохгүй. Юун дээр шалгаруулалт хийх вэ гэхээр нэгж малаас гарч байгаа мах, сүү, ноос, ноолуур зэрэг ашиг шимийн үзүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлсэн бэ гэдэг дээр нь анхаарна. Нэгж малаас авах ашиг шимээ сайжруулсан байвал аймгийн зорилттой нийцэж байна гэж үзэж Аймгийн болон Улсын аварга малчинд тодорхойлно гэв.


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...