• Кластер

    Бүсний “хувьсгал” хийсэн бүсгүй

    Уншигч та Монголд үйлдвэрлэсэн нарийн чамин хийцтэй, өнгө, загварын өргөн сонголттой, чанарын илэрхийлэл болсон олон төрлийн өдөр тутмын болон гоёлын арьсан бүс харж сууна.

    Энэ гэхдээ хэний ч мэдэхгүй бараа биш. Эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн маань  “шунан дурлаж” буй “Mon-Chic” брэндийн бүтээгдэхүүнүүд. 

    Захиалагч бүрийн биед тааруулан хийж, ур хийц, чанарыг эрхэмлэсэн бүснүүдийг цөөнгүй жил төрийн албанд архитектуроор ажилласан Алтнаа бүсгүй мэргэжлийнхээ онцлогийг шингээн загвар дизайныг нь  гаргадаг гэдгээрээ онцлогтой. 

    Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн шилдэг гэр бүлийн эзэгтэй, таван хүүхдийн ээж, архитектур Г.Алтанцэцэг арав гаруй жил ажилласан төрийн ажлаа орхин, 2017 оноос хувийн бизнесийн урлангаа хөгжүүлснээр Монголд арьсан бүсний “хувьсгал” хийсэн байна. 

    Үхрийн шир болон арьсаар монголчууд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ энэ олон жил  ихэнхдээ гутал, цүнх, бээлий, хэтэвч, түлхүүрийн оосорноос хэтрэхгүй шахуу явж ирсэн. Тийм бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрлэл эрхлэгчдийг муу гэж байгаа юм биш, арьсан бүтээгдэхүүний нэр төрөл, төрөлжилтөд төдийлэн өөрчлөлт ороогүй.   

    Тэгвэл Алтнаа бүсгүй хэрхэн арьсан бүсний “хувьсгал” хийснийг сонирхуулъя. Тэрбээр 2015 онд бага хүүхдээ төрүүлчихээд, гэртээ суух хугацаандаа энэхүү бизнесийн санаагаа олж, эхлүүлжээ. Барилгын архитектур хийж дадсан, гарын болон ухааны уртай тэрбээр эхлээд даавуугаар бүс хийж үзсэн бол санаагаа баяжуулан арьсаар хийж эхэлсэн байна.Улмаар түүний нөхөр нь эхнэрийнхээ бизнес болгочих гээд оролдоод буй санааны үнэ цэнийг ойлгож, гайгүй цалин мөнгөтэй барилгын инженерийн ажлаасаа татгалзан, Алтнаадаа тулах багана, өрхийн үйлдвэрлэлдээ технологич инженер нь болохоор сэтгэл шулууджээ. 

    2017 оноос “Мon-Chic” бүр ч хүчээ авч, урлаг соёлынхон болон бусад салбарын бүсгүйчүүд илүүтэй мэдэх болжээ. 

    “Арьс ширээр чанартай, загварлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ” гэсэн амлалттай “Mon-Chic” бэрндийн  бүс анх яаж гарч ирснийг нь уншигч та зураг хараад бараг санах байх. Жүжигчин Ундармаа 2017 оноос эдний body belt бүсээр гангарч, хүмүүсийн харааг булаасан. 

    Цэвэр арьсаар хэрэглэгч бүрийн биед тохирсон, өнгө загварын өргөн сонголттой, олон үйлдэлтэй бүс гаргадаг гэдгээрээ “Mon Chic”-ийнхэн ялгарна. Гэхдээ онцлог нь үүгээр хязгаарлагдахгүй. Манайхны  арьсан эдлэл тухайлбал, өмдний тэлээ, хэтэвч, бүс зэргийг хийхдээ чанар, загварт тийм ч сайн анхаардаггүй дутагдалтай талыг нөхөх сул орон зайг  гоёлын  бүс гэж харжээ. Хэрэглэгчийн өмссөн тансаг ноолуур, үнэтэй торгыг сөртийлгөж муухай болгохгүй, монгол болон европ хувцасны аль алинд нь зохицдог байлгахын тулд бүтээгдэхүүнийхээ үндсэн түүхий эд болох арьсаа зөв сонгох, өнгө будаг нь чанартай байхаас гадна ирмэг, дотор зэрэг детал бүрт маш их анхаардаг аж. 

    Эмэгтэй, эрэгтэй бүснүүд нь  89.000-199.000 төгрөгийн үнэтэй.  


    Тэд зургаан жилийн өмнө анх бизнесээ эхлэхдээ Улсын их дэлгүүрийн орчимд өөрийн нэрийн дэлгүүр нээж, шоурүүм ажиллуулж, Өвөр Монголд үйлдвэрлэлээ өргөтгөж, экспортын  зах зээл гэж сонгон том зорилготой, эрч хүч дүүрэн хөдөлсөн ч удалгүй ковид гарч, бизнесийн төлөвлөлтөө агшаахаас аргагүйд хүрчээ. 

    Ковидын үед дэлгүүр, шоурүүмээ хаасан ч давагдашгүй хүчин зүйлийг  давуу тал болгож, барилгын инженер нөхөр нь өөрийн байрыг тохижуулж, онлайн захиалгаа идэвхжүүлж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд илүү анхаарчээ. 

      “Mon-Chic” урланд зочлоход ая тухтай, шинэлэг орчин угтана. Арьсан эдлэлийн урланд  эсгүүр, оёдлын  том машинууд огт үгүй. Үйлдвэрлэлдээ технологийн шийдлийг түлхүү ашигласан учраас загвар дизайнаа компьютерын тусгай программаар зурж, гарсан зураг нь автоматаар эсгүүрийн төхөөрөмж рүү шилждэг тул бүсний хэмжээ нэг мм-ын ч алдаагүй гардаг юм. 

    Алтнаагийн бизнесийн үнэ цэнэ нь нийтэд зориулж үйлдвэрлэл эрхэлж, ашиг олохыг урьтал болголгүй, харин  сайн судалгаатай, инноваци шингэсэн, хүн бүрийн хүсэлд нийцэх сонголттой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгт оршино. Байнгын эрэл хайгуул хийж, бүтээгдэхүүнээ шинэлэг, эко, хог хаягдалгүй байлгах талаас анхаардаг. Мөн арьсныхаа өөдсүүдийг ашиглан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ хийж өгөх цаасан уут, савалгаагаа хүртэл хийжээ. Бүсийг төмөр тоноггүйгээр өөрөөр нь уях детал ч бий. Бүсний төрлөө нэмэгдүүлэхийн тулд арьсан урлалын талаарх нэвтэрхий толь уншиж судалдаг тухай тэд сонирхуулав.

    Эднийх хэв загварт баригддаггүй тул бүсний загвар гэхэд хэдэн зуугаараа бий.  Иймд өөрсдөө урлах их авьяастайгаас гадна бизнесээ судалгаатай, монгол өв соёлтойгоо холбож төгөлдөржүүлэх гэсэн хүсэл тэмүүлэл дүүрэн үйлдвэрлэгчид ажээ.

     Г.Алтанцэцэгийн ярилцлагыг товч хүргэе. 

    -Зургаан жилийн хугацаанд бүтээгдэхүүний борлуулалт, үйлдвэрлэл нь хэр өргөжсөн бэ?

    Улсын хэмжээнд арьсан түүхий эдийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг том, жижиг нийлсэн 200 гаруй аж ахуйн нэгж, хувь хүн байдаг. Тэдний дийлэнх нь савхин хувцас, үслэг  эдлэл, гутал, цүнх хийдэг. Харин манайх Body belt буюу биеийн бүсийг 2016 онд Монголд үйлдвэрлэсэн хамгийн анхны урлан, дэлгүүрийг нээж, энэ урсгалыг эх орондоо  хөгжүүлж байгаадаа баяртай байдаг.

       Body belt-ийг  гурван жил хөгжүүлж,  2017 оны Цагаан сараар зах зээлд гаргасан. Монголчууд арьсаар бүтээгдэхүүн хийдэг мөртлөө өдөр тутмын болон гоёлын бүс, гоёл чимэглэл байдаггүй. Тийм болохоор манайх зөвхөн бүс гэхгүйгээр сүүлийн үед арьсан гоёл чимэглэл үйлдвэрлэх чиглэлд ажиллаж байна. 

    -Бүтээгдэхүүнийхээ онцлогийг та өөрийн үгээр хэлэхгүй юү?

    “Моn-Chic” нэрний хувьд монгол гоёл, дэгжин монгол гэсэн утгыг илэрхийлдэг. Гоёлын бүс болон дагалдах хэрэгслийн хийц загвар, ашиглалтын ая тухыг  захиалагчийнхаа хүсэлтээр биеийн онцлогт нь тааруулж, ямар нэгэн хэв загвар, хэмжээ, эсгүүрт баригдахгүй, орчин үеийн программ ашиглаж хийдэг маань миний ажлын ноу хау юм даа. Бүсээ гоёлын болон өдөр тутмынх гэж гаргадаг. Судалгаагаар манай захиалагчдын 93 хувь нь 25-44 насны эмэгтэйчүүд байдаг.

    Мөн зөвхөн бүс гэхгүй байгууллагууд захиалгаар арьсан эдлэл дээр компанийнхаа логог тавиулж, нэр бичүүлэх зэрэг үйлчилгээ  авдаг.  

    -Бүсээ хаанахын ямар арьсаар түлхүү хийдэг вэ? 

    Арьсан эдлэлийн хамгийн гол нь түүхий эд. Манайх ихэнхдээ Итали арьс ашигладаг. Мэдээж захиалагчдаа сонголт үлдээнэ. Монгол, Орос, Солонгос, Хятадын сайн чанарын  арьс бий. Мэдээж үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа бид аль болох монгол арьсаа авахыг бодно. Манайд  “Булигар”, “Их эргэлт”, “Мон Ирээдүй” зэрэг өөр өөрийн онцлогтой, сайн чанарын арьс үйлдвэрлэгчид бий. Юу хийх гэж байгаагаасаа хамаараад бүгдтэй нь хамтран ажилладаг. Арьсны сонголтод ургамлын болон байгалийн гаралтай идээлгээр боловсруулсан арьс ч бий. 

    Танайх бүтээгдэхүүнээ хийхдээ үйлдвэрийн арьсыг дахин боловсруулалт хийдэг гэж байсан? 

     “Арьс ширэн материалаар чанартай, загварлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ” гэсэн уриатай. Тийм болохоор чанар чанар бас дахин чанар. Манайх бүс хийхийн тулд дахин боловсруулалт хийж, зарим тохиолдолд арьсны өнгийг нь хүртэл өөрчилдөг. Ялангуяа бүсний дотор, ирмэг зэргийг чанартай, гоё байлгахад анхаардаг. Манай бүсний ирмэгний өнгө их биетэйгээ адилхан байдаг. Тэрийг тусад нь будгаар дахин будах жишээтэй. Үүнд архитектур мэргэжлийн онцлог их хэрэг болдог. Үндсэндээ урлан маань бидний судалгааны талбар юм.

    -Бүсийг маш олон төрлөөр үйлдвэрлэж байгаагийн учир юу вэ? 

    Монголчууд Хубилай хааны үеэс “Ээл ихт хүнд бүс” хэмээн үзэж, төрийн есөн их бэлгэдлийн долоодугаарт  бүсийг оруулан, хүндэтгэсээр иржээ.

    “Бүтэх төрийн бүс” гэдэг дээ. Монголчуудад бүсний маш олон төрөл бий. Биеийн бүс, хормойн боолт, гоёл, дайн байлдааны, морины чөдөр, ногт, хазаар гээд арьсаар хөгжүүлж хийх үндэсний онцлогтой зүйл их. Түүнчлэн манай уул уурхай, барилгынханд  багажаа хийдэг бат бөх, загварлаг, биед эвтэйхэн арьсан ажлын цүнх дутмаг. Иймд манайх биед тээргүй, багажаа хийгээд авч явахад амар хялбар байхаар “инноваци” шингэсэн, инженерчлэгдсэн даацын бүс хийж байгаа. Үүнийг  гадаадад барилга, уул уурхайд ажиллаж байгаа монгол залуус ихээр захиалах болсон.


    -Экспортод гарах хүсэл сонирхол хэр байгаа вэ? 

    Нэг баяртай мэдээ дуулгахад манайх “Амазон” платформд цахим дэлгүүр нээсэн. Одоогоор  “I watch” цагны оосор гаргахаар ажиллаж байна. Бидний зорилго экспорт. 

    -Танайх урлангаа өргөжүүлүүлж, том үйлдвэрлэл болгох сонирхол бий юү?

    Мэдээж шат ахих хэрэгцээ шаардлага байгаа. Тэгэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Манайх ноолууран болон оёмол хувцасны брэндүүдтэй ч хамтран ажилладаг.

          Энэ ташрамд хэлэхэд өөрийн хүсэл мөрөөдлөө брэнд болгох сонирхолтой хувь хүн болон бусад брэндүүдтэй ажиллахад нээлттэй. Энэ чиглэлд  нэгдэж нийлсэн, нэг нэгнээ дэмжсэн кластерийн хөгжил чухал юм. Үйлдвэр томроод явах юм бол массын байлгаж болно. Оюутан залууст тохирсон  хямд үнэтэй, арьсан бүтээгдэхүүн хийж болно. Төлөвлөгөө төсөл бэлэн бий.

    -Та Азийн сангийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн Бизнес инкубатор хөтөлбөрийн төгсөгч юм байна. Уг хөтөлбөрт хамрагдснаар өөртөө ямар өөрчлөлтийг хийв? 

    Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөр”-ийн анхны 11 оролцогчийн нэг болсондоо баяртай байдаг.

    Энэхүү хөтөлбөрт хамрагдсан зургаан сарын турш көүч, менторуудаас олон талын сургалт, зөвлөгөө авснаар хувь хүний хөгжил, эрхэлж буй бизнес, санхүү, маркетинг гээд  бүхий л талбарт дараагийн шатанд алхах урам зориг, түлхэц болсон. 

    Сурч мэдсэн зүйлээ өөрийн болгож хэрэгжүүлэхийн тулд цаг төлөвлөх, ажлаа эрэмбэлэх /хамгийн чухлыг эхэнд тавих/, бусдад чаддаг зүйлийг нь даалгах, тууштай байх, сэтгэл хөдлөлөө удирдах зэрэг дутуу чадварууд дээрээ ажиллаж байна.  

    Үүнээс гадна хамтран суралцагч 11 бүсгүй, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн өмнөх төгсөгчдөөс суралцах, хамтарч ажиллах боломж нээгдсэн.Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард бизнес хөтөлбөрийн оролцогч стилист, имижмэйкер Цолмонгэрэлтэй хамтран Монголын үндэсний телевизийн "Өглөө хөтөлбөр"-т гоёлын бүсийг биеийн галбирт хэрхэн зохицуулж хэрэглэх талаар зөвлөгөө өгсөн.

    Бизнес хөтөлбөрийн оролцогч дизайнер О.Сугармаатай хамтран "Алтаргана-2022" наадам болон “Дээлтэй монгол” шоунд хамтарсан коллекциор оролцсон. Цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн олон монгол эмэгтэйчүүдийг тэр тусмаа орон нутгийн бүсгүйчүүдийг илүү  хамруулбал нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөдөө орон нутагт хөгжүүлж, Монгол Улсад тулгамдаад байгаа “Эмэгтэй малчин” хүний нөөцгүй болж байгаа асуудлыг шийдэхэд дөхөм болно гэж бодож байна.


    Website: https://mon-chic.ebooking.mn/

    Facebook page: https://www.facebook.com/monchicleatherbelt/

    Instagram: https://www.instagram.com/monchicmongolia/


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...