• Хүнсний аюулгүй байдал

    Эрүүл хооллолт: ҮНЭН ба ХУДАЛ

    Өнөө цагт эрүүл, зөв хооллохыг хүмүүс эрхэмлэж байна. Эрүүл хооллолт гэж юу вэ, ямар хүнс хэрэглэвэл эрүүл хооллосон гэж үзэх вэ гэдэг тал дээр хүмүүс өөр өөр бодолтой байдаг. Эдгээрийн аль нь үнэн, аль нь худал вэ?

    ХУДАЛ: Төмс, талх, гоймон таргалуулдаг

    ҮНЭН: Төмс илчлэг ихтэй нь үнэн боловч төмс идсэнээр таргална гэдэг ойлголт буруу. Бүхэл үрийн талханд олон шим тэжээлт бодис агуулагддаг төдийгүй биеийн жин бууруулах нөлөөтэй. Гоймон дангаараа илчлэг өндөртэй биш, харин гоймонтой хольж иддэг мах, хиам, соус, цөцгий, майонез нь илчлэг өндөртэй.

    ХУДАЛ: Хөлдөөсөн ногоо ямар ч шим тэжээлгүй

    ҮНЭН: Харин ч эсрэгээрээ. Ногоог гол төлөв ид ургацын үед буюу хураагаад удаагүй, шим тэжээлээ алдаагүй байхад хөлдөөдөг учраас амин дэм, шим тэжээлээ хадгалж байдаг.

    ХУДАЛ: Өндөг холестерин ихтэй учраас татгалзах хэрэгтэй

    ҮНЭН: Өндөгний шард багагүй хэмжээний холестерин агуулагддаг. Гэсэн ч өндөгний шард мөн багагүй хэмжээгээр агуулагддаг лецитин нь холестериний тэнцвэрийг барьж байдаг. Өндөг бол олон төрлийн амин дэм агуулдаг хүнс, өндөгний цагаан нь шим тэжээл ихтэй. Эрүүл хүн долоо хоногт 3-4 өндөг идэх нь ямар ч асуудал дагуулахгүй.

    ХУДАЛ: Мах таргалуулдаг

    ҮНЭН: Өөхтэй маханд холестерин ихээр агуулагддаг учраас биеийн жинг нэмэгдүүлж, улмаар зүрхний хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлөх өндөр магадлалтай. Тиймээс хонь, үхэр, гахайн махны нэг долоо хоногийн хэрэглээг 500 граммаас хэтрүүлэхгүй байхад энэ эрсдэлээс сэргийлж чадна. Харин өөх багатай махыг жигнэж, эсвэл шарж идвэл бие организмд шаардлагатай уураг, төмрийн хэрэглээг нөхдөг.

    ХУДАЛ: Оройн 20.00 цагаас хойш хооллоход таргалдаг

    ҮНЭН: Ер нь хэзээ идэх вэ гэдэг чухал биш, харин хэдий хэмжээгээр идэх вэ гэдэг чухал. Хоол хүнс, ууж байгаа зүйлсээр авч байгаа илчлэгийн хэмжээ зарцуулж байгаа энергиэс их үед л жин нэмж, таргалдаг. Гэхдээ орой, унтахынхаа өмнө их идэх нь эрүүл мэндэд сайн биш, идсэн хоолыг боловсруулах гэж ходоод ажиллаж, тайван нойрсоход саад болдог. Мөн унтахаасаа өмнө хүмүүс хөдөлгөөн багатай гэр зуур байж байгаад унтдаг учраас орой идсэн сахар, цардуул шууд өөх болон хуримтлагддаг.

    ХУДАЛ: Зарим хүнс өөх шатаадаг

    ҮНЭН: Харамсалтай нь өөх шатаадаг хүнс гэж байхгүй. Кофейн агуулсан хүнс бодисын солилцоог түргэсгэдэг ч энэ үйлчлэл нь богино хугацаанд байдаг учраас өөх шатааж амждаггүй.

    ХУДАЛ: Өөх төс биед маш муу учраас огт идэх хэрэггүй

    ҮНЭН: Эсрэгээрээ. Өөх тос бол хүний бие организмд зайлшгүй хэрэгцээтэй. Гагцхүү хэрэглэж байгаа хоол хүнснийхээ өөх тосны хэмжээг анхаарах хэрэгтэй. Хоол хүнснээс авч байгаа илчлэгийн 10%-ийг өөх тосноос авах нь хамгийн зөв. Энэ хэмжээнээс хэтэрвэл цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэж, зүрх судсанд ачаалал өгч, цаашлаад хавдрын өвчлөлд хүргэх эрсдэлтэй.

    ХУДАЛ: Шоколад таргалуулдаг

    ҮНЭН: Үнэн бас худал. Шоколад идэх тусам бүсэлхийн хэмжээ бүдүүрнэ гэж ойлгож болох ч 70%-ийн какао агуулсан хар шоколадыг өдөрт бага хэмжээгээр идвэл зүрх судасны ажиллагааг дэмждэг.

    ХУДАЛ: Түргэн хоол бол хор

    ҮНЭН: Өөх тос, сахар, давс, амтлагч ихээр агуулсан ямар ч хоолыг байнга хэрэглэвэл хор идэж байгаагаас ялгаагүй. Харин хааяа нэг гамбургер идэх нь хор болохгүй. Ер нь бол гамбургер дангаараа тийм ч аюултай биш, харин дагалдаж ирдэг шарсан төмс, хүйтэн ундаа эрүүл мэндэд илүү хортой.

    ХУДАЛ: Спортоор хичээллэж байгаа бол хүссэнээ идэж болно

    ҮНЭН: Харьцангуй ойлголт. Спортоор хичээллэснээр та энерги их зарцуулна, гэхдээ тэр хэмжээгээр хоолны дуршил нэмэгдэнэ. Спортоор хичээллэдэг гээд бэлтгэлийн дараа дандаа шоколад иддэг бол турна гэж найдсаны хэрэггүй.

    ХУДАЛ: Сахар ихэдвэл чихрийн шижинд хүргэдэг

    ҮНЭН: Чихрийн шижин үүсэх нэг гол нөхцөл нь илүүдэл жин, харин энэ илүүдэл жин ямар төрлийн хүнснээс үүдэлтэй нь хамаагүй. Чихрийн шижинтэй хүн зөвхөн сахар төдийгүй нүүрс ус агуулсан бүхий л хүнсний хэрэглээгээ хянах учиртай. Чихрийн шижингүй бол сахар хэрэглэх нь аюултай биш.  

    ХУДАЛ: Өдөрт 8 аяга ус уух ёстой

    ҮНЭН: Хэт халуун цаг ууртай газар амьдардаггүй л бол хүний өдөрт уух шингэний хэмжээ ойролцоогоор 2,5 литр. Үүний 1,5 литр орчмыг шингэн хэлбэрээр буюу ус, цай, ундаанаас авч болох бол үлдсэнийг бусад хоол хүнснээс авч болно. Ялангуяа ус ихээр агуулдаг жимс хангалттай иддэг бол заавал 8 аяга ус уух шаардлагагүй. Спортоор хичээллэх, биеийн хүчний ажил хийдэг бол шингэнээ сайн нөхөх хэрэгтэй.

    ХУДАЛ: Энергийн ундаа энерги нөхдөг

    ҮНЭН: Энергийн ундаа гэж нэрлэгддэг ундаанууд нь бусад ундааны нэгэн адил сахар агуулдаг. Сахараас гадна кофейн зэрэг богино хугацаанд тархи сэргээх бодис агуулдаг. Тиймээс ядарсан биеэ сэргээх гэж байгаа бол энергийн ундаа их уух биш тайван амарч, унтах хэрэгтэй. Энергийн ундааг өдөрт хагас литрээс илүү уух хэрэггүй. Бага насны хүүхдэд энергийн ундаа өгөхгүй байх нь зөв.

    Эх сурвалж: toitumine.ee

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...