• Үнэ ханш

    Т.Төрмандах: Төмсний үнэ 3-4 хоногоос буурах ч гэлээ энэ намар ногооны үнэ өсөлттэй байна

    Сүүлийн үед нийгмийн шуугиант сэдвүүдийн нэг болсон төмсний үнийн өсөлтийн талаар “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандахтай ярилцлаа. Тэрбээр Монголын хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа төмс, хүнсний ногооны хүлээн зөвшөөрөгдсөн экспертийн түвшний хүн гэдгийг онцлон хэлэх нь зөв байх. Учир нь, Төрмандах нь ХААИС-ийг агрономчоор төгссөн цагаасаа өнөөг хүртэл төмс, хүнсний ногооны салбарт тасралтгүй ажиллаж байгаа нэгэн билээ. Түүний удирддаг “Монгол ногоо” төсөл нь Монголын хүнсний ногооны салбарын үйлдвэрлэлд чухал үүрэгтэй оролцдог.

    -Төмсний үнэ яагаад огцом өсөж, нийгэмд шуугиан болоод байна вэ?

    -Зах зээлд өмнөх жилийн ургац буюу Төв аймгийн Жаргалант, Борнуурын ногоочдын нүхэн зоорины төмс тасарсан учраас эрт ургацын төмс хугацаанаасаа арай эрт гарч байна. Ер нь эрт ургацын төмсийг намар хураах ургацынхаа 60 хувьтай тэнцэх үед нь хураадаг. Тэгээд арай өндөр үнээр борлуулж байж намрын ургацынхаа орлогын балансыг барьдаг гэсэн үг. Түүнээс биш, эрт ургацын төмс намрын ургац шиг га-гаас 15-20 тонноор гарахгүй. Сая бол миний харж байгаагаар га-гаас 8-10 тонн гарах түвшинд л хураагаад эхэлчихлээ.

    -Төмс үнэд орох ямар шалтгаан, нөлөөлөл байна вэ?

    -Нэг бус шалтгаан байна. Нэгдүгээрт, хамгийн гол зардал гардаг шатахууны үнэ хоёр дахин өсчихлөө. Өмнөх жилийн энэ үед дизель түлшний бөөний үнэ 1900 төгрөг байсан бол одоо 4000 төгрөг давчихлаа. Дараагийн асуудал, ургамал хамгааллын бодис болон бордооны үнэ 2.5-3 дахин өссөн. Тэгээд олдоц муу. Энэ бүхэн бүтээгдэхүүний өөрийн өртгийг хоёр дахин өсгөчихөж байгаа юм. Гурав дахь үнэд нөлөөлсөн зүйл гэвэл жил бүр төмсний гол нийлүүлэлтийг хийдэг Төв аймгийн Жаргалант, Борнуурын тариаланчдын нүхэн зоорины төмс тасарсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байгаа учраас үнэ өссөн гэсэн үг. Энэ гэхдээ удаан үргэлжлэхгүй.

    -Нүхэн зоорины төмс энэ жил яагаад тасалдсан юм бол?

    -Өнгөрсөн жил төмсний өвчин гараад, Улаанбаатар хотын төмсний гол хангалтыг хийдэг Төв аймгийн Жаргалант сумын 2000-3000 га-гийн ургац өвчилсөн. Үүнээс болоод нүхэн зоорины төмс тасарч, эрт ургацын төмс хугацаанаасаа арай эрт гарч байна. Түүнээс биш, өмнөх жилүүдэд эрт ургацын төмс гарах үед зах зээлд Жаргалант, Борнуурын нүхэн зоорины төмс байдаг байсан учраас хэрэглэгчид эрт ургацын, шинэ төмс гэхээсээ илүү арай хямдыг нь авдаг байсан.


    -Нийслэлийн зах худалдааны төвүүдэд өнөөдөр төмсний жижиглэнгийн үнэ 4500-5000 төгрөгтэй байна. Шинэ ургацын төмсний зах зээлийн нийлүүлэлт хэзээнээс эхэлсэн бол. Нийлүүлэлт жигдрэх үед дээрх үнэ буурах уу?

    -Эрт ургацын төмс зах зээлд хоёр газраас л нийлүүлэгддэг. Ховд аймаг болон Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн бригад хоёроос гардаг. Ховдын төмс наадмын үеэр гарч эхэлсэн. Ховдод газар дээрх үнэ нь 2200 төгрөгийн үнэтэй гарч байсан юм билээ. Тэгээд Улаанбаатарт тээврийн зардлаа шингээгээд борлуулж байсан. Гурав хоногийн өмнө буюу долдугаар сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн бригад /Улаанбаатарт нийлүүлэгддэг эртийн болцтой төмсний гол нийлүүлэлт хийгддэг/-ын  төмс гарч эхэлсэн.

    Жилийн жилд үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ ченжид зарах гээд хоорондоо өрсөлдөж үнээ буулгадаг байсан бол энэ удаа ченжүүд ногоочид дээр  очиж, өрсөлдөж үнэ өсгөж авсан /инээв/. Ченжийн авах бөөний үнэ нь 3000 төгрөг байсан бол сүүлдээ 3100 төгрөгөөр ч авсан байна. Ченжээр дамжаад нийслэлийн жижиглэн худалдаан дээр ирэхээрээ 4400-5000 төгрөгийн үнэтэй болчихоод байна. Бидний хувьд бөөний үнэ л ярина. Хэдэн шат дамжсан жижиглэнгийн үнийн өсөлт ногоочдын гарт очиж байгаа орлого биш.

    Нийлүүлэлт нэмэгдэхээр төмсний өнөөдрийн 3000 төгрөгийн бөөний үнэ 3-4 хоногийн дараа шууд буурна. Үйлдвэрлэгчид төмс үнэтэй байна гээд ахиу хураах тул нийлүүлэлт эрэлтээсээ давж эхэлнэ. Долоо хоногийн дотор бөөний үнэ 2000-2500 төгрөг рүү орох болов уу.

    Гэхдээ энэ намар, төмс, хүнсний ногоо, улаан буудай ч ялгаагүй бөөний үнэ нь хамгийн багадаа 50 хувь нэмэгдэнэ. Тэгж байж энэ жилийн үйлдвэрлэлийн өртөг зардалд нөлөөлж байгаа орц материалынхаа үнийн зөрүүг хаах боломжтой.

    -ХХААХҮЯ-наас өнгөрсөн хаврын тариалалтын үеэр 80 хувийн хөнгөлөлттэй өгсөн хүнсний ногооны үр дотор төмснийх байгаагүй юм уу?

    -Төмсний үр байгаагүй, хүнсний ногоо л байсан. Хүнсний ногооны үрийн зардал га-д маш бага хувь эзэлдэг. Манжин гэхэд га-д хоёрхон кг-аар тарина. Манжингийн нэг кг үрийн зах зээлийн үнэ 60 мянган төгрөг байсан. Гэтэл нэг га-гийн төмсний тариалалтад гурван тонн үр ордог. Өнгөрсөн хавар төмсний үр нэг тонн нь дунджаар 750 мянган төгрөгийн үнэтэй байсан. Тэгэхээр төмсний га-гийн үрийн зардал хоёр сая 250 мянган төгрөг болсон гэсэн үг.

    -Төмсний га-гийн үрийн орц маш өндөр байдаг юм байна шүү.

    -Тийм, үрийн зардал хамгийн өндөртэйд төмс, төл сонгино, сармис, гибрид байцааны үр байдаг. Бусад манжин, лууван зэрэг ногооных харьцангуй бага. Тэгэхээр үрийн зардлыг хөнгөлсөн ч гэсэн үйлдвэрлэлд нөлөө үзүүлэх хувь эзлэхгүй байгаа биз.

    -Шатахуун дээр хаврын тариалалтын үед үнийн хөнөглөлт байгаагүй бил үү?

    -Хаврын тариалалтын шатахууныг зүгээр 50 хувийн урьдчилгаагаар л өгдөг. Түүнээс ямар нэгэн үнийн хөнгөлөлт байхгүй. Хавар тариалалтын үед 50 хувийн урьдчилгаа төлж шаардлагатай шатахуунаа авлаа. Намрын ургацаасаа бүрэн төлдөг. Гэхдээ энэ нь зөвхөн үр тарианы үйлдвэрлэгчдэд л үйлчилдэг. Төмс, хүнсний ногоонд хөнгөлөлттэй битгий хэл, урьдчилгаатай шатахуун ч байгаагүй.

    -Тэгвэл саяын Засгийн газрын хуралдааны ургац хураалтын үед дизель түлшний үнийг өнгөрсөн хаврын түвшинд байлгах шийдвэр төмс, хүнсний ногоонд үйлчлэх үү?

    -Үйлчилнэ. Энэ бол маш зөв шийдвэр. Бүтээгдэхүүний үнэ дахин өсөх нөхцөлийг бууруулна гэсэн үг.

    -Өнгөрсөн жил эрт ургацын төмсний бөөний үнэ хэд байсан бэ?

    -Ноднин бөөний үнэ 1500 төгрөгөөс дээш гараагүй. Эрт ургацын төмс гаргасан ногоочид үндсэндээ шатсан. Дээр нь төмсний өвчин гарсан, ургац бага байсан. Тиймээс энэ жил ховордсон үед үнэ нь бага зэрэг өсөж байна. Ирэх жил төмсний үнэ ингэж огцом өсөхгүй. Яагаад гэхээр энэ жил ургацаа гайгүй үнээр борлуулсан ногоочид үрээ эртнээс аваад дараа жил тарилт нэмэгдээд л явчихна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиараа л явна гэсэн үг.

    -Эрт ургацын төмсний үр хэр хүрэлцээтэй, олдоцтой байдаг вэ?

    -“Солист” гээд сорт байдаг. Үр нь тийм ч элбэг биш. Манай “Монгол ногоо” төслөөс элит үр гаргаж байгаа. Эртийн дараа дундын болцтой төмсний ургац залгадаг.  

    -Дундын болцтой төмс хэдийгээр хураалт эхлэх үү?

    -Наймдугаар сарын дундаас түүвэр хураалт эхэлнэ. Нийлүүлэлт ихсэх энэ үеэс төмсний үнэ огцом буурдаг. Ес, аравдугаар сард ногооны үнэ шалдаа буурдаг. Тэр үед сэтгүүлчид болон хэрэглэгчдийн зүгээс ногооны үнэ хэд дахин хямдарч гэж хэн нь хэлдэггүй. Уг нь бол сэтгүүлчид үнэ өндөр байгааг бичээд байгаа шигээ хямдарсныг нь бас бичдэг байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ чинь дотоодын үйлдвэрлэл учраас нийлүүлэлт жигдэрсэн үед буцаад буурдаг.

    -Эрт ургацын төмсний онцлог юу байдаг вэ?

    -Хальс сайн суугаагүй байдаг учраас хураагаад хадгалалтын орчинд байлгаж байгаад шууд борлуулахгүй бол лангуун дээр 2-3  хоног болохоороо өнгөнөөсөө муудаад эхэлдэг. Тээвэрлэлтийн явцад механик гэмтэл авах нь амархан. Хальсгүй шахуу, чийгтэй учраас их эмзэг. Түүнээс амт чанар нь дундын болон орой ургацын төмстэй адилхан. Мэдээж хүнсний ногоо шинэ тусмаа сайн.

    -Төмс, хүнсний ногооны хураалтад хүн хүч их шаарддаг шүү дээ. Гэтэл ажиллах хүчний зардал мөн нэмэгдсэн үү?

    -Өмнө нь ногоо хураахад нэг хүнийг өдөрт 25 мянган төгрөгийн үнээр ажиллуулдаг байсан бол өнөөдөр 50 мянган төгрөгөөр ч ажиллах хүн олдохгүй байна. Төмс, хүнсний ногооны хоёр дахь гол зардал нь хүн хүчинд байдаг. Үр тариа бол комбайн техникээр хураачихна. Үтрэм дээр цөөхөн хүн ажиллана. Нэг га-д төмс, хүнсний ногоо тариалахад  хамгийн багадаа 15-20 хүн авч, 14-20 хоног ажиллуулж байж хураалтаа хийдэг. Энэ жил төмс, хүнсний ногооны үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 50-60 хувиас багагүйгээр нэмэгдэнэ. Гэхдээ энэ нэмэгдэл биш. Бид чинь өнөөдрийг болтол дэлхийн зах зээлээс даруй 5-6 дахин хямд төмс, ногоо хэрэглэж ирсэн. Гэтэл бусад оронд нэг кг ногооны бөөний үнэ 1-1.2 ам.доллар байна. Тэгэхээр энэ жил ногооны үнэ жаахан өснө. Өсөхөөс өөр аргагүй.

    Би мэргэжлийн хүний хувьд төмс, хүнсний ногооны үнийн тэсрэлт нь болж байна ойлгож байна. Намар хэт үнэ нь унаж, өөрийн өртгөөсөө доошоо орж олон жил явсан. Үүний үр дүнд  ногоочин хүнд хоёр сонголт үлдэнэ. Нэг бол тарихаа болино. Эсвэл тариад үнэтэй бүтээгдэхүүн гаргана. Дээр нь шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо, хүн хүчний зардал өндөр хувь эзэлдэг.

    -Өнгөрсөн жил шинэ ургац гарах үеэр луувангийн үнэ өндөр байна гээд шуугиж байсан. Бас л учир шалтгаан байсан шүү дээ.

    -Өнгөрсөн жил мөн луувангийн үйлдвэрлэлд гол нөлөөтэй Сэлэнгийн Орхон сумын нийт луувангийн талбайн бараг талаас илүү нь үерт автсан. Орхон нь сумын дунджаар жилдээ 600 мянган га талбайд лууван тариалж, 20-30 мянган тонныг хураан авдаг. Тэгэхээр улсын тариалангийн үйлдвэрлэлд ахиу жин дардаг нэг сумын тарималд өвчин гарч, нэг голын нутагт байгалийн давагдашгүй хүчин зүйл болоход л зах зээлд хомсдол үүсэж байгаа юм.

    -Эцэст нь би танаас нэг зүйл асууя гэж бодоод явдаг юм. Өнгөрсөн жилээс Монголбанк, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагаас инфляцийн өсөлтөд төмс, хүнсний ногооны үнийн өсөлт их хувь эзэлж байна гээд зарлаад байгаа. Гэхдээ тэр мэргэжлийн байгууллагынхан яагаад үнэ нь өссөн цаад шалтгааныг нь танайх шиг мэргэжлийн байгууллагад хандаад бас сайн судалж мэдэх хэрэгтэй биш үү? 

    -Өнгөрсөн жилээс төмс, хүнсний ногоо инфляцид хамгийн их нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний тоонд ордог болсон. Гэхдээ тухайн бүтээгдэхүүний инфляцид тооцож оруулж байгаа үнийг авахдаа өмнөх сартай нь биш өмнөх жилийн мөн үетэй нь харьцуулж гаргаж баймаар байгаа юм. Тэгсэн тохиолдолд бодитой тоо гарна. Тэгэхгүй өмнөх сартай нь харьцуулж гаргах нь буруу. Тэгээд ч төмс, хүснний ногооны үнийн өсөлтийн нийт инфляцид нөлөөлөх нөлөөлөл маш бага. 0.01-ээс ч доошоо орно. Яагаад гэхээр өргөн хэрэглээний сагсан дахь өрхийн худалдаж авч байгаа хэмжээ нь тийм бага гэсэн үг. Тиймээс 2.4 дахин өслөө энэ тэр гэж нэг их сүржигнээд байх зүйл биш л дээ, уг нь. Хэдийгээр үнэтэй байсан ч инфляцид нөлөөлөх нөлөөллөөрөө маш бага. Зөв тоог нь тавих ёстой.

    И.ОТГОНЖАРГАЛ 

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...