• Агробизнес

    Экспортлогч болон кластерийнханд дуулгах сайн мэдээ

    Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд онцгой нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгодог. Тэгвэл энэ оноос уг төсөл Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран ажиллаж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан “Түншлэлийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон тухай холбогдох газруудын зүгээс хоёр хоногийн өмнө хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.
    Төслийн зүгээс өмнө нь 24 сарын хугацаатай, жилийн 150 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байх гэсэн шалгуур тавьдаг байсан бол энэ оноос жижиг, дунд бизнес эрхлэгчдийг түлхүү хамруулах үүднээс нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж болгон өөрчилсөн байна.
    Ингэхдээ нэг аж ахуйн нэгж 20-300 сая, кластерын нэгдэл бол 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой. Санхүүгийн дэмжлэгээр экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлдэг байна.
    САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ
    Танай компанийн экспортын чиглэлд хийх ажилд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тэрхүү нийт хөрөнгийнхөө 50 хувийн санхүүгийн дэмжлэгийг дээрх төслөөс хүсэх боломжтой гэсэн үг.
    Хэрвээ танай хүсэлт Экспортыг дэмжих төслийн зүгээс тавих шалгуурыг хангасан тохиолдолд авах санхүүгийн дэмжлэг эргэн төлөгдөх нөхцөлгүй олгогдохоороо онцгой онцлогтой.
    Хүсэлт гаргах аж ахуйн нэгжүүдийн хувьд хэдийнэ экспортлогч болсон хийгээд болохыг зорьж байгаа компани байх бөгөөд хэрвээ кластерын нэгдэл бол 500 хүртэл сая төгрөгийн дэмжлэг авах боломжтой гэдгийг хэлье.
    Кластерт олгох санхүүгийн дэмжлэг өмнө нь 300 хүртэл сая төгрөг байсныг энэ онд 500 сая болгож нэмэгдүүлсэн байна.
    Түүнчлэн Экспортыг дэмжих төслийн зүгээс өмнө нь жилд гурван удаа төсөл хүлээн авах цонх нээдэг байсан бол энэ оноос жилийн турш хүсэлт хүлээн авахаар болжээ.
    Экспортыг дэмжих төсөл нь 2016 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2023 онд дуусна.
    Төслийн өнгөрсөн хугацааны болон энэ онд олгох санхүүгийн дэмжлэгийг графикаар үзүүлснийг сонирхоорой.
    Экспортыг дэмжих төсөлд хэрхэн хүсэлтээ гаргах, ямар шалгуур тавигдах зэрэг холбогдох мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү. https://mofa.gov.mn/exp/article/entry/2628
    МАРГААШ ЦАХИМ УУЛЗАЛТАД ХАМРАГДААРАЙ
    Мөн дээрх төслийн мэдээллийг хүргэсэнтэй холбоотой Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Түншлэлийн хөтөлбөрт” хамрагдахаар бэлдэж буй аж ахуйн нэгжүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор маргааш /2022.02.25/ 15:00 цагаас цахим уулзалт, сургалт хийхээр болсон байна. Та бүхэн тус агентлагийн https://www.facebook.com/SMEs.agency хаяг руу орж бүртүүлэх боломжтой юм.
    Манай редакцын зүгээс өнгөрсөн хугацаанд уг төслөөс санхүүгийн дэмжлэг авч, хамтран ажилласан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл болгож зарим үйлдвэрлэгчдээс тодруулга авсныг маргааш та бүхэнд хүргэх болно.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...