МОНГОЛ УЛС ХОЁР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ГУРАВ ДАХЬ ХӨРШ ОРОНТОЙ ХИЙЛЭЭ
2025.01.17.11:40 цаг. Төрийн ордон. Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц улсын “Орано майнинг” компанитай ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Т.Доржханд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэл захирал С.Наранцогт, Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартай, "Орона" группийн гүйцэтгэх захирал Никола Мас, “Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард нар оролцож, Оюутолгой төслийн дараа орох хоёр дахь түүхэн гэрээг үзэглэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэрээ зурах үеэр хэлсэн үгэндээ “Энэ бол Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтарсан Засгийн газрын хөдөлгөж буй гурав дахь мега төсөл юм.Төсөл Монголын эдийн засагт 5 орчим тэрбум ам.долларын ашиг авчрах бөгөөд Баялгийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зарцуулах боломж бүрдэнэ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төслийн үр ашиг төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрч эхэлнэ” хэмээн онцлов.
Мөн энэ үеэр Франц улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартай “Франц Улс Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно. Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх танай хүлээлтэд нийцэх болно” гэлээ.
Төслийг Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК, "Орано Майнинг С.А.С" компани хэрэгжүүлнэ.
Дэлхийд уран үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Францын "Орано" компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах Ажлын хэсгийг 2023 оны тавдугаар сард байгуулж, хоёр тал өнгөрсөн хугацаанд нийт 18 удаагийн яриа хэлцэл хийсний үр дүнд гэрээг эцэслэн, ийнхүү үзэглэж байгаа аж.
“Бадрах Энержи” компанийн олборлолт явуулах Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо орд нь дэлхийд илэрсэн 10 том ураны ордын нэг бөгөөд жилд 2500 тонн уран экспортлох тооцоолол бий.
Зөөвч овоо, Дулаан уулын ордод 2025-2028 онуудад бүтээн байгуулалт хийгдэж, 2028-2060 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж, 2060-2070 онуудад уурхайн хаалт, мониторингийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
Төсөл хэрэгжсэнээр жилд дунджаар 2500 тн уран олборлож, уурхайн хаалт, нөхөн сэргээлтэд 329.06 сая ам.доллар, нийт 795 ажлын байр бий болгож, төслийн хугацаанд 1.67 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, улс, орон нутгийн төсөвт 4.6 тэрбум ам.долларыг төвлөрүүлэх юм.
Уг төсөл нь Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм.