• Агробизнес

    Сайн үүлдрийн үхэр импортлох 1.2 сая еврогийн гэрээг үзэглэв

    Манай сэтгүүлч И.Отгонжаргал Франц улсын Клермон Ферран хотоос мэдээлж байна

    Европын мал аж ахуйн хамгийн том үзэсгэлэн болох “Соммет Де Элеваж”-д Монгол Улс “Хүндэт зочин” орноор уригдаж, Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд тэргүүтэй албаны төлөөлөгчид болон хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа билээ. 

    Үзэсгэлэнгийн нээлтийн өдөр буюу 2022 оны аравдугаар сарын 4-ний өдөр Монголын хувийн хэвшлийн төлөөлөл “Нүүдэлчин агро ферм” ХХК Францын “Эважура” компанитай сүү-махны чиглэлийн 320 үхрийг урт хугацаатай, хүүгүй 1.2 сая еврогийн зээлээр авах гэрээг байгууллаа.

    Нээлтийн өдөр Монгол, Франц хоёр улсын Хөдөө аж ахуйн сайд нар хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгуулсаны дараа хоёр улсын хувийн хэвшил хооронд ийм том бодит  хамтын ажиллагаа эхэлж байгаа нь маш чухал ач холбогдолтой зүйл болж байна гэдгийг албаны хүмүүс онцлон тэмдэглэв.


    Энэ үеэр “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Баттөгс хэлэхдээ “Сүүлийн хоёр жил ковид, дайны байдалтай холбоотойгоор хил гаалийн асуудлаас болоод Монгол руу Францаас авах үхрийн импорт гацчихсан байсан. Уг асуудал хоёр орны төр засгийн хэмжээнд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа энэхүү  “Соммет Де Элеваж”-ийн үеэр шийдэгдэж, бидний үйл ажиллагааг дэмжсэнд талархалтай байна” гэв.

    Уг гэрээний хүрээнд нийлүүлэгдэх 320 үхрийн эхний 64-ийг энэ сарын 14-нд Монгол Улс руу ачих юм.

    Хэрвээ хил гаалийн асуудалд хүндрэл үүсвэл хэрхэх вэ гэдэг гарцыг ч “Соммет Дэ Элеваж”-д  оролцож байгаа албаныхан  ярилцаж байна. Монголын МИАТ компани ачааны онгоцтой болсон тул  агаарын тээвэр хийх юм бол богино хугацаанд малын тавлаг байдлыг хангасан тааламжтай байдлаар  тээвэрлэх  боломжтой талаар ч Ж.Баттөгс онцлон хэллээ. 

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...