• Агробизнес

    Монгол яагаад Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэнд оролцох ёстой вэ

    И.Отгонжаргал

    Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн Sommet Del elevage гэж юу вэ?

    Давосын дэлхийн эдийн засгийн чуулган, Канадын PDAC уул уурхайн салбарын олон улсын хурал шиг олон улсад хөдөө аж ахуйн салбарын нэр хүндтэй, зохион байгуулалт өндөртэй томоохон хурал, үзэсгэлэнгүүд бий. Тэдний нэг нь Европын мал аж ахуйн тэргүүлэх олон улсын үзэсгэлэн болох Sommet Del elevage. Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт болдог уламжлалтай. 

    Дэлхийн 80 гаруй орны 100 мянга хүн зочилж, үзэж сонирхдог уг үзэсгэлэн нь  Францын төв хэсэгт орших мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй сайн үүлдрийн мал аж ахуйн бүс нутаг гэгдэх Клэрмон-Ферран хотод болдгоороо онцлогтой.


    Яагаад Sommet Del elevage-ийг сонирхох ёстой вэ гэвэл Францын тус бүс нутагт дэлхийн хамгийн өндөр ашиг шимтэй мал сүргийг үе дамжин өсгөн үржүүлдэг ард түмэн буюу “жинхэнэ” фермерүүд байдаг гэсэн үг. Тийм учраас Францын дээрх уулархаг муж нь мах, сүү, сүү-махны хосолмол ашиг шимтэй үхэр, хонь, ямааны үүлдрийн буюу мах үйлдвэрлэлийн өлгий нутаг аж. Тиймээс мал аж ахуй эрхлэгчид болон мэргэжлийн холбоод нь сайн үүлдрийн малаа үндэсний үйлдвэрлэл, бахархал болгож чадаж. Тийм ч учраас энэхүү мал аж ахуйн том үзэсгэлэн худалдааг Европын төдийгүй дэлхийд нэртэй олон улсын арга хэмжээ болгон хөгжүүлжээ.

    Уг үзэсгэлэн нь 180 мянган ам.метр талбайг хамардаг бөгөөд 70 үүлдрийн 2000 толгой өндөр ашиг шимтэй малыг оролцуулж, шилдгийн шилдгийг нь шалгаруулах уралдаан тэмцээн, үзүүлэх тоглолт болдог байна. Энэ жил гэхэд дээрх 70 үүлдрийн 2000 толгой малын дотор 21 үүлдрийн 300 адуу, 26 үүлдрийн 400 орчим хонь, 53 үүлдрийн 1300 үхэр танилцуулах аж. Тухайлбал, Лимүзин, Салерс, Грефорд, Ангус, Убрак зэрэг махны үүлдрийн үхэрний танилцуулга, Шароле үүлдрийн 400 үхрийн дуудлага худалдаа, Суфолк, Техел, Ил де франц, Роман үүлдрийн хонь, сүүний чиглэлийн Алпин, Санен үүлдрийн ямааны танилцуулга, сүүний үхрийн Холштейн, Монбелиард, Семинтал, Бруне, Абондас, Тарантез, Жерсиез, Норманд  үүлдрийн танилцуулга, Бруне үүлдрийн гунжны дуудлага худалдаа, адууны Першерон, Арденез үүлдрийн үзүүлэх тоглолт болох нь байна. 


    Гадаадын 30 орны 1500 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд талбай аван, зорьж, зохион байгуулалттай оролцдог бол үзэсгэлэнг үзэж байгаа хүний тоо нь 85 орны зочин гийчин байдаг аж. Үүний дотор 4500 мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд байдаг гэсэн тоог гаргажээ. 

    Дөрвөн өдөр үргэлжилдэг уг үзэсгэлэн зөвхөн мал сонирхуулах биш, энэ үеэр дэлхийн мал аж ахуйн салбарт тулгамдаад буй асуудал ирээдүйн чиг хандлагын талаар үндсэн том хэлэлцүүлэг болохоос гадна том, жижиг нийлсэн 100 гаруй хурал, уузалт болдог байна.

    Мөн Францын болон үзэсгэлэнд оролцогч гадаадын 30 гаруй орны хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлт, шинэ инновац, технологийн дэвшилтэй танилцах боломжийг бий болгодог. Түүнчлэн зохион байгуулагчид нь “Энэ нь  мал аж ахуйн үзэсгэлэн гэж байгаа боловч маш том олон улсын  бизнес уулзалт болдог юм. Үзэсгэлэнд Францын хөдөө аж ахуйн сайд тогтмол оролцохоос гадна зарим жил манай улсын Ерөнхийлөгч оролцдог. Мөн Францад суугаа гадаадын бүх Элчин сайдын яам болон албаны хүмүүс, олон орны хөрөнгө  оруулагчид, бизнесийнхэн ирдэг” хэмээн онцлов.

    Del elevage-ийн бусад хөдөө аж ахуйн чиглэлийн олон улсын үзэсгэлэн, хурлаас ялгарах нэг давуу тал нь зочид төлөөлөгчдийг хүсвэл эрчимжсэн аж ахуйн нэгжүүдээр аялуулж, танилцуулдаг байна. Үзэсгэлэнг зорьж ирэх олон улсын зочдод чиглэсэн тусгай үйлчилгээ, хөтөлбөртэйгээр ажилладаг бөгөөд зочин орны тухайд тусгайлсан хөтөлбөрүүд байдаг аж.

    Франц улс нийтдээ 18 сая толгой үхэртэй, 1.5 сая тонн мах үйлдвэрлэдэг байна. Европын сүү, махны нийлүүлэлтэд голлох үүрэгтэй оролцдог бөгөөд Герман, Грек, Италид махны экспортоо түлхүү хийхээс гадна Хойд африк, Итали, Испани руу амьд мал нэлээд гаргадаг байна.

    Яагаад Монгол гэж үү?

    31 дэх жилдээ болох гэж буй дээрх мал аж ахуйн олон улсын алдартай үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс энэ жил Монгол Улсыг “Зочин орон”-оор оролцуулахаар болсон. Урилгыг Францын талын зочид 2022 оны зургадугаар сарын 24-нөөс 26-нд Монголд ажиллах үеэрээ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд албан ёсоор гардуулсан юм.  


    Хойд, өмнөд Америк, Европын улс орнууд голдуу оролцдог уг үзэсгэлэнд Монгол Улсыг яагаад зочин орноор урин оролцуулж байгаа талаар Sommet Del elevage-ийн олон улсын менежер Боноет Дэлалоя хэлэхдээ “Монгол Улс бол мал аж ахуйн орон. Газар нутгийн онцлогийн хувьд манай сайн чанарын мал өсгөн үржүүлдэг уулархаг бүс нутгийн байгаль цаг ууртай маш төстэй. Тийм болохоор танай орны хувьд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд Франц улсын өндөр ашиг шимтэй шилмэл үүлдрийн малнаас импортолж, сайжруулагчаар ашиглах болон цөм сүрэг бий болгоход тохиромжтой гэж үзэж байна. Түүнчлэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхтэй холбоотой цэвэр үүлдрийн малны импортод тавигддаг гол шаардлага бол эрүүл бүсээс гарал үүсэл нь баталгаажсан мал авах чухал байдаг. Монгол-Франц улс хөдөө аж ахуйн болон мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, түншлэлээ шинэ шат ахиулах хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Тийм учраас бид энэ жил үзэсгэлэндээ Монгол Улсыг зочин орноор урьсан юм” гэв.

    Зохион байгуулагчдын зүгээс зочин оронд үзэсгэлэнгийн гол байрлалд талбай үнэ төлбөргүй өгдөг бөгөөд өөрийн орны хөдөө аж ахуй болон соёл урлагийг олон улсад таниулан сурталчилах, олон төрлийн эксперт, хөрөнгө оруулагчид болон оролцогчидтой нүүр тулсан уулзалт зохион байгуулж өгөх, үзэх хүсэлтэй эрчимжсэн аж ахуйн аяллыг зохион байгуулж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголыг  сурталчлах, төр засгийн түвшинд хамтын ажиллагаа, түншлэлийг шинэ шатанд гаргах боломжийг олгох зэрэг давуу тал бий болгох аж.

    Дээр дурдсанчлан Францын Sommet Delelevage үзэсгэлэнгийн гол зохион байгуулагчдын төлөөлөл болон үхэр, хонь, ямааны фермерийн аж ахуй эрхлэгчид, мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 20-иод хүний бүрдэлдэхүүнтэй баг манайд өнгөрсөн долоо хоногт ажиллаад буцсан билээ.


    Тэд ХХААХҮ-ийн сайдаас эхлээд тус яамны холбогдох албаныхантай уулзсанаас гадна Франц улсаас өндөр ашиг шимтэй мал импортолж, өсгөн үржүүлж байгаа манай зарим аж ахуйн нэгжээр орж танилцсан юм.

    Мөн зургадугаар сарын 24-нд ХХААХҮЯ-нд хагас өдөр Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах бизнес уулзалт хийж, хэвлэлийн хурал зохион байгуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

    Энэ үеэр Францын зочид  бидний хувьд зочин орноор оролцож буй Монгол Улсын талаас хүлээлт өндөртэй байгаа. Үзэсгэлэнд Монголын талаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урьсан. Үзэсгэлэнг зохион байгуулахад оролцох Монголын талын ажлын хэсгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид сая мөн хоёр талаасаа зохион байгуулалтын асуудлаа ярилцсан. Эцэст нь бидний энэ хичээл зүтгэлийн үр дүнд  хоёр орон  мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, түншлэл шинэ түвшинд гарна гэсэн хүлээлт байгаа юм” гэлээ. 

    Дээрх мал аж ахуйн салбарт хамтран ажиллах уулзалтын үеэр  Малын удмын сангийн үндэсний төв, “Нүүдэлчин агро ферм”, “Монгол женетэкс” зэрэг компанийн зүгээс хамтын ажиллагааны тодорхой саналууд тавьж, ирэх аравдугаар сард болох үзэсгэлэнгийн үеэр илүү нарийн ярьж, ажил хэрэгч хамтын ажиллагаа эхлүүлнэ гэдгээ хоёр тал тохиролцсон юм.

    Манай улсын хувьд 2012 оноос эхлэн Франц улсаас өндөр ашиг шимтэй сайн үүлдрийн мал импортолж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн зүгээс оруулж ирсэн нийт мах, сүүний чиглэлийн болон хосолмол ашиг шимтэй 760 үхэр, мах, ноосны  560 хонь, тодорхой тооны сүүний ямаа аваад буй аж. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх төдийгүй, өндөр ашиг шимтэй малын генетикийн дарааллыг тогтоох, хадгалалт, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх болон импортын цэвэр мал өсгөн үржүүлэх боловсон хүчин, эрчимжсэн мал аж ахуйд ажиллах малчдыг сургаж бэлтгэх шаардлагатай байгаа билээ. Энэ чиглэлд манай улс  Францтай төр, хувийн хэвшлийн түвшинд идэвхтэй хамтын ажиллагаа хийх боломж бүрдэж байгаа нь энэ юм.

    Ирэх аравдугаар сарын 4-нөөс 7-нд Францад болох Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэнд Монголын талаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцох учраас уг үзэсгэлэнд явахыг хүссэн аж ахуйн нэгж, хувь хүн, малчдын төлөөлөл ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хандаж мэдээлэл авч болох юм.

    Манай хэвлэл мэдээллийн байгууллага уг үзэсгэлэнг очиж сурвалжлах учраас наана нь холбогдох мэдээллүүдийг өгч байх болно.

    Манай оронд ажиллаад буцсан Францын зарим фермер болон үхэр, хонины аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн нарын сонирхолтой ярилцлагыг манай www.usult.mn вэб сайт болон @Шинэ өсөлт пэйжээс удахгүй уншаарай.

     

     

     

     

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...