• Агробизнес

    БИО АЮУЛГҮЙН БАТАЛГААТ БАЙДАЛ БҮРЭН ХАНГАГДАХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

         2024.04.30. Зайсан дахь Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн хэсэгт уг салбарын судлаач, шинжээч, эрдэмтэн, профессоруудын төлөөлөл баяр хөөр дүүрэн багтаж ядан цуглажээ. Улавч, нэг удаагийн ногоон нөмрөгтэй зочдын дотор олон япон хүн буйг анзаарлаа. Тэдний баяртай царайг ажваас цаанаа нэг сэтгэл хангалуун байгаа нь илт.

    Монголчууд болон япончуудыг юу ийн баяр хөөртэй болгов гэж үү. Монголд бараг байдаггүй шахуу био аюулгүй байдлын 3-р зэрэглэлийн иж бүрэн лабораторийн нээлтийн ёслол хийсэн нь энэ.

    Хүн болон мал эмнэлэгт гоц халдварт өвчин, зооноз өвчний үүсгэгч, онц аюултай бичил биетнийг илрүүлэх, нарийвчлан судлах, оношилж шинжлэхэд нэгдүгээрт лабораторийн техник технологийн дэвшил, хоёрдугаарт  тэнд ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн, судлаач шинжээчдийн эрүүл мэнд, аюулгүйн баталгаа бүрэн хангагдаж чаддаггүй. Гэтэл өндөр хөгжилтэй оронд энэ хоёр асуудлыг бидний өнөөдөр танилцаж байгаа био аюулгүйн өндөр зэрэглэлийн лабораториор бүрэн шийдсэн байдаг. Тиймээс шинжилгээ судалгаа нь бат найдвартай, эмч мэргэжилтнүүдийн аюулгүй байдал бүрэн баталгаатай байдаг гэсэн үг.

    Тэгвэл Монгол Улсын  шинжлэх ухааны салбарт анх удаа био аюулгүй байдлын 3-р зэрэглэлийн иж бүрэн лабораторийг Монгол-Японы хамтарсан “Сүрьеэ, ям өвчний хяналт” шинжлэх ухаан, технологийн төсөл (САТРЕПС)-өөр Мал эмнэлгийн хүрээлэнд суурилууллаа. 

    Уг төслийг Японы олон улсын техникийн хамтын ажиллагааны багууллага(JICA), Японы эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн агентлаг (AMED), Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газрын санхүүжилтээр Японы Хаккайдогийн их сургуулийн Зоонозын хяналтын олон улсын хүрээлэн, Сүрьеэ судлалын хүрээлэн, Монголын Халдвар өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй.

    Монголд өмнө био аюулгүй байдлын 3-р зэрэглэлийн лаборатори 20 гаруй жилийн өмнө  Мал эмнэлгийн төв лабораторит  БНСУ-ынхыг байгуулж байжээ. Тус лаборатори нь малын халдварт болон гоц халдварт өвчний өдөр тутмын оношлогоонд хэрэглэгддэг учир судалгаа шинжилгээ хийх орон зай, цаггүй аж. Харин Мал эмнэлгийн хүрээлэнд сурилуулсан энэ удаагийн био аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори нь зуун хувь судалгаа шинжилгээний зориулалттай. Тиймээс Монгол Улсын шинжлэх ухааны салбарт байгуулагдаж байгаа анхны био аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори гэж үзэж болох юм.

    Дээрх лабораторийн талаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Б.Батцэцэг хэлэхдээ “Энэ лаборатори маань жижгэвтэр боловч өндөр хүчин чадалтай био аюулгүйн 3-р зэрэглэлийн лабораторит байх ёстой сүүлийн үеийн бүх шаардлага хангасан өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжүүд суурилагдсан байгаагаараа онцлогтой. Ийм лабораторитой болсноор малаас хүнд халдах эсвэл хүнд онц ноцтой өвчин үүсгэдэг бактериудтай бид биечлэн ажиллах боломж бүрдэж байна. Аюулгүй ажиллагааны технологи маш өндөр хэмжээнд хамгаалагдсан. Энд ажиллаж байгаа хүн өвчний халдвар авахгүй нөхцөлийг бүрэн хангахын сацуу лабораториос гадагшаа халдвар алдахгүй байх хамгаалагдсан системтэй. Түүнчлэн ям, сүрьеэ зэрэг зоонозын өвчний үүсгэгчийг геномийн бүрэн дараалал тогтоох хэмжээнд хүрч байна гэсэн үг. Цаашдаа төслийн хүрээнд түргэвчилсэн оношлууруудыг бий болгоно гээд олон ажил хийгдэнэ” гэв.

    Лабораторийн нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, ЖАЙКА –ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, САТРЕПС удирдагч, Хоккайдогийн их сургуулийн профессор Такаши Камура, Хоккайдогийн их сургуулийн Зоонозын хяналтын олон улсн хүрээнлэнгийн профессор Ясукихо Сузуки, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга, САТРЕПС төслийн захирал Д.Баярболд, ХААИС-ийн захирал Б.Баасансүх, Халдвар өвчин судлалын үндэсний төвийн захирал Ж.Байгальмаа, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл, МЭЕГ-ын дарга А.Нарантуяа зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Япон талын төлөөлөгчид энэ төсөл ковид цар тахлын үед хэрэгжиж эхэлсэн учраас төсөлд оролцогч Японы Их сургуулийн профессор, шинжээч, техникийн зөвлөгөө өгч, сургалт хийх хүмүүс Монголд ирэхэд хүндрэл гарч байсан ч төсөл сааталгүй сайн хэрэгжсэн талаар онцлон тэмдэглэж байлаа.

    Төслийн хүрээнд Монголын 16 судлаач Японд очиж өндөр технологи эзэмших чиглэлд мэргэжил дээшлүүлсэн бол Японоос профессорууд ирж ажлын байрны сургалт болон хамтарсан судалгаа шинжилгээ хийж байгаа аж.

    Төслийн нийт санхүүжилт 300 сая иэн бөгөөд санхүүжилтийн бараг тал хувь нь лабораторит зарцуулагдаж буй юм.

    Төслийн хүрэх үр дүн:

    Халдварт зооноз өвчнийг оношлох шинэ үеийн технологид суурилсан хуурай ЛАМП(dry LAMP), Иммунохроматаграфийн тест(ICT) зэрэг түргэвчилсэн оношлуурыг зохион бүтээж Mycobacterium bovis ба Burkholderia mallei-ийн халдварыг илрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх замаар Монголын одоогийн хэрэглэж байгаа сүрьеэ, ям өвчнийг оношлох аргыг шинэчилнэ.

    Адууны ям, үхрийн сүрьеэ зэрэг зоонозын өвчний тархалт, халдварлалтын бодит нөхцөл байдлыг ийлдэс судлал, млекул биологийн судлалаар тогтооно.

    Нэг эрүүл мэнд(OH) үзэл баримтлалд тулгуурласан зооноз халдварт өвчнийг хянах платформыг бий болгох.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...