• Хүнсний аюулгүй байдал

    Өнгөрсөн жил дэлхийн хүнсний зах зээлд ямар өөрчлөлт гарсан бэ?

    Р.ЧИМГЭЭ

    АНУ

    Уур амьсгалын өөрчлөлт эрчимжихийн хэрээр цаашид урт удаан хугацаанд тогтвортой үйлдвэрлэгдэх хүнс болон COVID-19-ийн нөлөөгөөр дархлааг сайжруулах эрүүл хоол хүнс хэрэглэхийг илүүд үзэх болсон. Ялангуяа байгальд ээлтэй ургамлын гаралтай уураг, сүүн бүтээгдэхүүн, хүнсний хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэгчид анхаарлаа хандуулав.

    Түүнчлэн сүүн хөрөнгөөр исгэсэн айраг, пробиотик агуулсан хүнс нь дархлааг бэхжүүлэхэд тустай гэдгийг хүлээн зөвшөөрөхийн хэрээр энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байна. Мөн энэ эрэлт хэрэгцээг дагаж пробиотик агуулсан хүнсний шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд төрөл бүрээр үйлдвэрлэгдэх болжээ. Хойд Америкийн пробиотик нэмэлт агуулсан бүтээгдэхүүний зах зээл 2022 онд 1,029.2 сая долларт хүрсэн бол 2027 он хүртэлх таван жилийн хугацаанд 7.9%-иар өсөх төлөвтэй байна.

    Европ

    Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ёс зүйн удирдлагаар манлайлан ажилладаг компаниудын бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хэрэглээний шинэ стандарт болж, ESG(Environmental, Social, and Governance) менежмент нь хүнсний компаниудын чиг хандлагыг тодорхойлох болсон. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр оруулах, байгальд ээлтэй хүнс үйлдвэрлэгчдийг дэмжсэн шинэ шийдэл болж байна. Ерөнхийдөө байгаль орчинд сөрөг нөлөө багатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хандлага өргөжиж байгаа бөгөөд малын сүүн бүтээгдэхүүн, махнаас бага нүүрстөрөгч ялгаруулдаг хүнсний ногоо, цагаан идээ, мах орлуулагч бүтээгдэхүүний зах зээл энэ чиг хандлагыг даган өргөжиж байна.

    Япон

    2022 оны 4-р сард Корона 19-ийн тархалтаас болж уналтад орсон рестораны зах зээл дахин сэргэхтэй зэрэгцэн амт нь ижил боловч гадуур хооллохоос хямд үнээр, амт чанартай гэрийн хоол хийхийг илүүд үзэх болсон байна. Үүнээс гадна гоо сайхан, эрүүл мэндэд тустай ундааны зах зээл өргөжин тэлэх болжээ. Ялангуяа цуутай ундааг цусны даралтыг бууруулж, ядаргаа тайлах, жин хасахад тустай хэмээн танилцуулж байгаа бөгөөд 2022 оны байдлаар ундаанд хэрэглэгдэж буй цууны зах зээлд томоохон эргэлт болсон байна. 

    Хятад

    Хорио цээрийн бодлогыг бүс нутаг бүрд удаан хугацаагаар хэрэгжүүлснээр хялбархан хэрэглэж, удаан хугацаагаар хадгалах боломжтой хоол түгээмэл болжээ. Түүнчлэн гадуур хооллохыг хязгаарласнаар удаан хадгалагдах хугацаатай, харьцангуй энгийн хоолны жор, гадуур хооллосон мэт мэдрэмж, амтыг бий болгох хоолны багц бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтэрсэн байна.  

    АСЕАН

    Дархлаа бэхжүүлэх исгэлэн ундааны эрэлт нэмэгдэхийн хэрээр амархан ууж болох пробиотик агуулсан исгэсэн ундааны төрөл нэмэгдсэн. Түүнчлэн Z үеийнхэнд тохирох хүнсний орц найрлага бүхий шинэ хэрэглээний стандартууд нэмэгдснээр элсэн чихэр, давс, нүүрс ус багатай хүнсний бүтээгдэхүүн анхаарал татах болсон.

    Эх сурвалж: The food & beverage news

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...