• Тогтвортой хөгжил

    СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ДОЛООН АЙ САВЫН 362 ӨВИЙГ НЭГ ДОР ДЭЛГЭВ

    Г.ГАНЧИМЭГ

    “Нүүдэлчин-2023” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 18-20-нд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших байгалийн үзэсгэлэнт газар Тайж хайрхны өвөр бэлд амжилттай зохион байгууллаа.

    Энэ удаагийн өв соёлын наадамд Монгол орны өнцөг булан бүрээс буюу 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн өвлөн уламжлагчид маань ганзага дүүрэн ирж, нүд, сэтгэл баясгасан отгоо байрлуулж, үнэлж баршгүй үнэ цэнтэй өв соёлын “үүц”-ээ задалсан юм. Ахуй соёл нэгтэй ОХУ-ын Буриад, Халимаг, Якут, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчид болон Казахстан, Киргиз, Турк, Солонгос, Унгар  зэрэг 10 гаруй орны төлөөлөгчид болон дипломат төлөөлөгчийн газрууд, ЮНЕСКО-ийн олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон нь өв соёлын наадмыг өргөн дэлгэр болгож байв.

    Улс орон, Монголын угсаатан бүрийн өөр өөрийн гэсэн онцлогтой язгуур урлагийн тоглолт, дуу бүжиг үзэгчдийн мэлмий сонорыг мялааж, нутаг нутгийн зан үйл, ёс заншлыг отог бүр дээр үзүүлэн таниулж, өвлөн уламжлагчдын гар урлалын үзэсгэлэн, уламжлалт идээ ундаа, тоглоом наадгай, нүүдэлчдийн ахуй соёлын үзүүлбэр зэрэг соёлын биет бус өвийн долоон ай савын 362 өвийг нэг дор дэлгэн таниулсан гайхам сайхан арга хэмжээ боллоо.  Магадгүй, та энэ зун тус наадмыг үзэж амжаагүй бол дараагийн удаад үр хүүхэд, гэр бүлээрээ зорьж үзэх хамгийн гайхамшигтай танин мэдэхүйн аялал, өв соёлын наадам байх болно.

    Манай Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг.

    Энэхүү дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулснаар алхам алхмаар алсран одож буй нүүдэлчдийн уламжлалт өв соёл, түүний үнэ цэнээр бахархах, хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болж байна.  

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...