• Хүнсний аюулгүй байдал

    Махны экспортыг зогсоосон нь малын түүхий эд, малчдын хөдөлмөр аль алиныг нь үнэгүйдүүлж байна

    Мал, мах бэлтгэлийн Эмээлт захад хүнсний аюулгүй байдал ноцтой зөрчигдөж байгаа асуудал гараад сар гаруй болж байна. Асуудлыг анх олон нийтэд ил болгосноос үүдэн хүнсний аюулгүй байдалтай холбоотой төрийн шат шатны байгууллага анхаарал хандуулж, зохих шалгалтуудыг хийсэн. Асуудлыг цэгцэлж дуустал буюу энэ 2022 оны дуустал дулааны аргаар боловсруулсан махны экспортыг түр хориглох шийдвэрийг Засгийн газар гаргасан.

    Гэвч Засгийн газрын энэ шийдвэр экспортын зориулалтын мах бэлтгэдэг компаниуд, цаашлаад мах нийлүүлэгч малчдад хохиролтой байгаа юм. Махны экспортыг зогсоосон нь ямар хохиролтой байгаа талаар Хэнтий аймгийн малчид ярьж байна. Тэд нийслэл Улаанбаатар хотыг зорин ирж, долдугаар сарын сарын 6-нд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн юм.

    Засгийн газрын энэхүү шийдвэр нь малын түүхий эд, малчны хөдөлмөр аль алиныг үнэгүйдүүлж байна гэж тэд хэллээ.

    "Махны үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдийг шаардлага хангаагүй шалтгаанаар экспортод гаргахгүй байгаатай зэрэгцэн дотоодод махны үнэ буурч, шатахууны үнэ тэнгэрт хадаад байна. Банкууд зээл олгохгүй байгаагаас малчдын амьдрал хүндэрч, хүүхдийн сургалтын төлбөр, мал тэжээлийн бэлтгэл хангах боломжгүй болж, улмаар намар хүндрэх төлөвтэй байна.

    Малын түүхий эдийн үнэ өнөөдөр 500 төгрөгөөс 90 мянган төгрөгт хэлбэлзэж байгаа ч шатахуун үнийн өсөлт тээвэрлэх зардалд шууд нөлөөлж байна. Малын мах, сүү, ноос, арьс шир үнэгүй шахам, амьжиргаанд хүрэлцэхгүй учир малчид малын тоогоо олшруулж, улмаар бэлчээр нутгаа талхлахад хүрлээ.

    Цар тахлын хоёр жилд махны экспорт бүрэн зогсож энэ салбар уналтад орлоо. Ямаа, адууны махыг Хятад улс руу боловсруулсан бүтээгдэхүүн болгож гаргаж байсан нь Засгийн газрын шийдвэрээр зогссон нь энэ чиглэлийн үйлдвэр эрхлэгчдэд хүнд цохилт өгч байна.

    Дотоодын болон гадаадын, тэр дундаа Хятадын хөрөнгө оруулалттай олон үйлдвэрийн нөөцөлсөн мах ямар ч хэрэгцээгүй болж, үйлдвэрүүд дампуурч эхэллээ. Адуу, ямааны махыг монголчууд улирлын чанартай иддэг. Адууг өвлийн тэсгим хүйтэнд, ямааг яргуйн цагаар иддэг. Эдгээр махыг боловсруулснаар авдаг ганц улс бол БНХАУ. Эрээний зах дээр гэхэд боловсруулсан нэг кг ямааны мах 100 юань байх жишээтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд өнөөдөр хэдэн тэрбум төгрөгөөр шатахад бэлэн болсон байна. Араб, Иран манайхаас мах авахдаа хурга болон төлөгний махыг сүүлгүй авдаг нь сүргийн бүтцэд нэн хохиролтой.

    Харин монголчууд хөгшин, онд орж чадахааргүй, эсвэл өөх ихтэй, 4-5 насны малын махыг иддэг онцлогтой. Махны экспортын асуудалд төр засаг шуурхай арга хэмжээ авахгүй бол махны үйлдвэрүүд Засгийн газрын ордны өмнө зооринд байгаа махаа овоолоод суулт зарлахад бэлэн боллоо.

    Махны экспорт, үйлдвэрлэлд улс төр хутгалдаад байгаад малчид бид маш их харамсаж байна. Хор уршиг нь малчны хотонд, ард түмэнд ирж байна. Ухдаг биш, өсдөг алтныхаа үйлдвэрлэлийг дэмжье гэж уриалах байна" хэмээн Хэнтийн малчид ярилаа.

    Хэрвээ Засгийн газар хохирол дагуулсан шийдвэрээ эргэн харахгүй бол нөөцөлсөн зоорины махаа овоолж суулт зарлахад бэлэн гэлээ.

    ХХААХҮЯ-ны шийдвэрээр экспортын эрхтэй аж ахуйн нэгжүүдэд 2020 оны арванхоёрдугаар  сард өвөлжилт хүндэрч, зудын аюул нүүрлэсэн аймгуудаас мал, мах бэлтгэж, 40 мянган тонн дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл олгосон. Аж ахуйн нэгжүүд 2020 оны өвөл, 2021 оны эхээр зудын эрсдэлтэй зургаан аймгаас 1.0 сая гаруй толгой эцэнхий богийн мах бэлтгэн мөн ондоо 6015 тонн дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь одоо болтол экспорт хүлээсээр байгаа юм.

    Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг дотоод зах зээлд огт хэрэглэдэггүй, бүрэн чанаж, хөлдөөсөн махыг зах, худалдааны газраас худалдан авч хооллох соёл манай хэрэглэгчдэд үгүй. Экспортод гарахаар бэлтгэсэн 6015 тонн дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг 2021 онд нэгэнт үйлдвэрлэсэн тул дотоодын зах зээлийн зээлийн махны үнийн өсөлтөд ямар ч нөлөөгүй. 2021 оны ковидын нөхцөл байдлын улмаас БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортолж чадаагүй тул дээр дурьдсан өвөлжилт хүндэрсэн аймгуудаас бэлтгэсэн махны зарим өр төлбөрийг одоо ч бүрэн барагдуулаагүй10 гаруй тэрбум төгрөгийн өглөг малчдад очих боломжгүй болох аж. 2022 оныг дуустал экспортыг түдгэлзүүлсэн тохиолдолд дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлогч 11 аж ахуйн нэгжийн 1100 орчим хүн ажлын байргүй болно. Сав баглаа боодол ханган нийлүүлэгч, мал бэлтгэгч, гадаад, дотоод тээвэрлэгч зэрэг шууд бус хамааралтай олон бизнес зогсоно. Мал бэлтгэлийн шинэ улиралд хонь, сарлаг, ямаа голдуу худалдан авахаар төлөвлөсөн 200 гаруй тэрбум төгрөгийн орлого малчдын гарт очих боломжгүй болж байгаа юм.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...