• Агробизнес

    ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАГЧ, ХЭРЭГЛЭГЧ ХҮН БҮРТ ШИНЭ МЭДЭЭ

    И.Отгонжаргал 
    Төмс, хүнсний ногооны тариалалтын явцын талаар “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандахтай ярилцлаа. Энд энэ жилийн хүнсний ногооны тариалалтын онцлог болон голлох ногооны нэр тариалалтын хэмжээг нэр төрлөөр нь авч үзвэл ирэх намрын шинэ ургацын ногооны хураалтын хэмжээ, хангамж, борлуулалтын үнэ хэрхэн тогтох төлөвтэй байгаа талаар  ч түүнээс асууж тодруулсан юм. Төрмандах агрономчийн хувьд Монгол Улсын газар тариалан тэр дундаа хүнсний ногооны салбарт олон жил томоохон хувь нэмэр оруулж яваа салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эксперт билээ.
     
    -Өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногооны тариалалт хэр явж байна вэ. Бороо хур элбэг, сэрүүхэн байгаа нь хэр нөлөөтэй байгаа бол?
    -Энэ жилийн хавар цаг уурын хувьд онцлогтой байна. Өнгөрсөн дөрөвдүгээр  сард  хоёр ч удаа нойтон цас орсон. Шөнийн температур хасахтай, тавдугаар сард ч ерөнхийдөө сэрүүн,  өдөр нь  бага халж, оройдоо салхилж хүйтэн хонож байна. Тиймээс төмс, хүнсний ногооны тарих үеийн цаг уурын үзүүлэлтийн хувьд энэ жил төмс, хүнсний ногооны тарилт технологийн хугацаанаасаа  7-10 хоног хойшилсон.  
    -Төмс, хүнсний ногооны тариалалт хэднээс эхэлсэн бэ? 
    -Тавдугаар сар гаргаж эхэлсэн. Үрээр тарьдаг хүнсний ногоонуудын тариалалт өнөөдөр  үндсэндээ  дуусах ёстой ч хараахан дуусаагүй байна. Зургадугаар сар гаргаад үрсэлгээгээр тарьдаг ногоонуудын тариалалт эхэлнэ. 
    -Хүнсний ногооны тариалалтыг голлох нэр төрөл, тарьж буй талбайн хэмжээний хувьд авч үзвэл өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хэр байх вэ? 
    -Ерөнхийдөө тариалалт өнгөрсөн жилийн түвшинд хийгдэх болов уу гэсэн бодол байна. Нэр төрлөөр авч үзвэл өнгөрсөн жил луувангийн нийлүүлэлт эрэлтээсээ давсан. Тийм учраас өнгөрсөн намар луувангийн бөөний үнэ 500 төгрөг байсан. Энэ үнэ  хавар болтол  хадгалагдсан хэвээр байна. Тийм учраас энэ жил луувангийн тариалалт ялимгүй багасах болов уу. Энэ нь  дутагдана гэсэн үг биш шүү дээ. Өнгөрсөн жилийн илүүдэл бүтээгдэхүүн гарахгүй гэсэн үг.  Гэхдээ  хүн болгон ингэж сэтгээд луувангийн  тариалалтаа багасгавал  дутагдах асуудал үүснэ. Манайд  нэг ийм л зовлон байдаг. 
    Шар, хүрэн манжин, сонгинын  үнэ  өндөр байсан учраас энэ удаа тарилт түлхүү хийнэ байх. Байцааных мөн ялгаагүй. Байцааны тариалалт өнгөрсөн жил нэлээд нэмэгдсэн ч зах зээлд илүүдэл үүсээгүй. Тиймээс байцааны үнэ огцом өсөөгүй, намар хураалтын дараа бөөний үнэ нэг кг нь 700-800 төгрөгтэй байсан бол он гараад 1200-1300 төгрөгтэй болсон. Үнэ тэр орчимдоо тогтсон. Тэгэхээр байцааны тариалалт өнгөрсөн жилийнхээ хэмжээнд тариалагдана. Харин сонгино, сармисны тариалалт нэлээд нэмэгдэх байх. Энэ бол үрийн хангамжтай  холбоотой. ХХААХҮЯ-наас  энэ жил  сонгино, сармисны үрэнд онцгой анхаарал тавьж, их хэмжээний үр авч,  ногоочдод 80 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Тиймээс  сонгино, сармисны үйлдвэрлэл өсөж, зах зээлийн нийлүүлэлтийн хувьд  тогтвортой болно. 
    -Байцааг  өнгөрсөн жил хэдий хэрийн талбай тариаласан бэ?
    Яг одоо талбайгаар нь санахгүй байна. 2021 онд 25-26 мянган тонн байцаа хураан авсан. 2022 оны дүнгээр 39 мянган тн-ыг хураан авсан. Тэгэхээр үйлдвэрлэл бараг 50 хувиар нэмэгдсэн гэж үзэж болно. 
    -Сонгино, сармисны талаар  ярьсан болохоор нийгэмд гарсан нэг шуугиантай холбоотой танаас асууя гэж бодлоо. ХХААХҮЯ-ыг дотоодод нэг зг нь 5000 төгрөгөөр зарагдаж байгаа  сонгинын  үрийг хэд дахин  өндөр үнээр худалдан авсан байна гэсэн шүүмжлэл гарсан. Та тэр талаар юу хэлэх  вэ?  
    -Би хөдөөгүүр явсан учраас  тэр талаар  сонсоогүй. Зүгээр тендерээр авдаг хүнсний ногооны үрийн тухайд мэдэх хэмжээндээ хэлье. Тухайн жилийн тендэрээр авах төл сонгины үрийг өнгөрсөн жилийн үнэ дээр тулгуурлаж хийдэг. Өнгөрсөн жил гэхэд 10-аад мянган төгрөгт нийлүүлэгдсэн юм байна лээ. Тэгэхээр энэ орчимдоо л үнээ тогтоож гэж ойлгосон. Хоёрдугаарт, тендэр нэгдүгээр сард зарлагддаг. Нэг, хоёрдугаар  сард орж ирэх үнэ өөр. Тендэрт орж байгаа газрууд тэр үеийн үнээр нь гэрээ хийнэ. Оруулж ирсэн ногооны үрээ  чанарыг нь алдагдуулахгүйн тулд хаврын тариалалт хүртэл дахиад 2-3 сар хөргөлттэй зооринд хадгалдаг. Сая бид орон нутагт ажиллаж байхад энэ жилийн тендерээр тараагдсан төл сонгино тарьж байгаа ногоочидтой таарсан. Ямар нэгэн соёололт байхгүй, их л аятайхан сонгино харагдаж  байна лээ. Маргаан үүсгэсэн улс ямар нөхцөлөөр хэлснийг би мэдэхгүй. Гуравдугаар сард орон нутгаар явж байхад Орхон суманд тендерийн биш төл сонгинын үр нэг кг нь 10 мянган төгрөгөөр зарагдаж байсан. Гэтэл одоо бол үнийн асуудал өөр. Тариалалт явагдсан учраас  илүүдэл сонгиноо зарж  байж болно, үнэ унасан байж болно. Тиймээс тендерийн үнэтэй өнөөгийн нөхцөлөөр харьцуулах боломжгүй. 

    -Өнгөрсөн жилээс хүнсний ногооны борлуулалтад анх удаа урамшуулал олгож эхэлсэн. Ногоочид нэ урамшууллаа Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн мэдээллийн цахим бүртгэл, хяналтын системд бүртгэл үүсгэж байж авах ёстой болсон. Ногоочид цахим бүртгэлээ хийлгэж, урамшуулалд хэр хамрагдсан бол? 
    -Өнгөрсөн жилийн дүнгээс харахад 15 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгоно гэсэн ч энэ  ажил тийм ч сайн байсангүй. Үүнд бүртгэлийн асуудал болон ХХААХҮЯ талаас шалтгаалсан зүйл огт байхгүй. Яам сайн ажилласан. Харин ногоочид тариалангийн цахим мэдээллийн нэгдсэн сан www.plant.mofa.gov.mn-д мэдээллээ оруулж бүртгүүлэх ажлаа тааруу хийсэн, бүртгэлд оруулах шаардлагатай талбайгаа  улсын бүртгэлд оруулаагүй,  газрын албанаас код авах  зэрэг нь бэлэн биш байсан зэрэгтэй холбоотой  хүнсний ногооны урамшуулалд бага хамрагдсан талтай. Одоогийн байдлаар нийт ногоочид  5.6 тэрбум төгрөгийн урамшуулал авсан дүнтэй байна. Энэ бол цаашдаа жигдрээд явчих зүйл. 
    -Та тариалангийн нэгдсэн мэдээллийн сан буюу цахим мэдээллийн системийг мэргэжлийн хүний хувьд хэр үр дүнтэй гэж  харж байна вэ?
    -Энэ бол маш зөв  ажил болсон. Ойрын 2-3 жилдээ  жигдэрчих байх. Хамгийн гол олзуурхууштай үр дүн гэвэл газар тариалангийн салбарын статистик дүн мэдээ үүгээр дамжиж үнэн зөв гарна. Цахим мэдээллийн нэгдсэн сангаас бүх таримлын тариалсан талбай, хураасан ургацын хэмжээ тодорхой харагдах учраас хүсний ногоон дээр гэхэд тухайн жилд зах зээлд аль бүтээгдэхүүн нь хүрэлцээтэй, дутагдалтай байх нь тодорхой болно гэсэн үг. Үүнээс хамаараад дараа жилийнхээ тарилтыг төлөвлөхөд тариаланчдад чухал нөлөөтэй. Цахим мэдээллийн нэгдсэн сантай болсон нь нэг ёсондоо тариаланчдад очиж байгаа тонн тутмын 100 мянган төгрөгийн урамшууллаасаа илүү нийгмийн ач холбогдол өндөртэй зүйл болсон. 
    -“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотой энэ жилээс ногоочдын худалдаж авсан техникийн үнийн дүнгийн 50 хувийг буцаан олгохоор байгаа. Ер нь дээрх хөдлөгөөний хэрэгжилт  танай салбарт хэр явцтай  байна вэ?
    -Аливаа ажил шинээр эхлэхэд бэлтгэл хангагдаагүй байх асуудал байдаг. Төмс, хүнсний ногоо тариалагчдад  50 хувийн хөнгөлөлттэй үнээр техникийн дэмжлэг үзүүлэх шийдвэр нь маш хэрэгтэй, том дэмжлэг. Гэхдээ ногоочид эхлээд 100 хувь мөнгөө төлж техникээ авсныхаа дараа бичиг баримтаа бүрдүүлээд өгөхөөр 50 хувийг нь буюу төрөөс эргүүлэн 50 хүртэл сая төгрөгийг  буцаан олгоно. Энэ жил хүнсний ногооны техникийн хөнгөлөлтөд  4.0 тэрбум төгрөг тавигдсанаас нийтдээ 600 гаруй сая төгрөгийн эргэн төлөлтийн асуудал шийдэгдсэн байна. Он дуустал ажил явагдах учраас бүрэн ашиглах байх.
    “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хэрэгжилт хүнсний ногооны салбарт  эргэлтийн хөрөнгийн зээл энэ тэр гээд өнгөрсөн жилээс эхэлсэн. Үр дүн эхнээсээ гарсан гэж бодож байна. Үүнийг үйлдвэрлэлийн хэмжээ, тариалсан талбайн хэмжээ хэлээд өгөх байх. 2021 онд 11 мянган га-д хүнсний ногоо тариалаад 118 мянган тонн ургац хураан авсан. 2022 онд 12.3 мян га-д тариалаад 146.8 мянган тонн ургац хураан авсан. Төрөөс үзүүлж байгаа дэмжлэг, урамшуулал энэ бүх зүйл  эцсийн дүндээ хүнсний ногооны  үйлдвэрлэлийг өсгөх нэг  хөшүүрэг болж чадсан гэж хэлнэ. 
    -Сүүлийн жилүүдэд өрхийн хүнсний ногооны үйлдвэрлэл хэр нэмэгдэж байгаа бол. Ковидтой холбоотой ХХААХҮЯ-наас иргэдэд ч гэсэн 80 хувийн хөнгөлөлттэй ногооны үр өгсөн шүү дээ.
    -Бид тайланд оруулах гээд ХХААХҮЯ-наас мэдээлэл авсан. 2022 онд тендэрээр нийлүүлэгдсэн хүнсний ногооны үрийг  аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулж  сумдад хуваарилсан. Аймгуудаас авч, нэгтгэсэн мэдээллээр  10.200  гаруй иргэн, өрх хамрагдсан байна гэсэн  дүн мэдээ гарсан. Тэгэхээр ногооны үрийн  хүртээмж маш сайн байсан гэсэн үг.
    -Төмс, хүнсний ногооны салбар түрүү жилээс төрийн дэмжлэгийг аваад багагүй үр дүн гараад эхэлж. Одоо таны сэтгэлийг зовоосон ямар асуудал байна вэ? 
    -Ковидын үетэй холбоотой хил гаалийн тээврийн асуудлаас болж ипортын ногоо  багассан учраас энэ хооронд дотоодын хүнсний ногооны үнэ бага зэрэг өссөн. Гэхдээ өслөө гээд үнэтэй болсон асуудал биш. Өөрийн өртөг болон  бусад бүтээгдэхүүний үнэтэй харьцуулбал тийм ч их өсчихөөгүй. Цаашдаа хүнсний ногооны үнэ энэ хэмжээндээ тогтоод буурахгүй яваасай гэж бодож байна. Одоо хүнсний бүтээгдэхүн дотроос хамгийн хямд нь ногоо л байгаа шүү дээ. Махнаасаа тав  дахин бага үнэтэй байна. 
    -Хүлэмжийн ногооны  тариалалтын тухайд шийдэл хүлээсэн ямар асуудал байна вэ. Өнөөдрийн нарийн ногооны тодорхой хангалтыг хийж байгаа Улаанбаатар хот орчмын хүлэмжийн аж ахуйнуудын хувьд бүтээгдэхүүний борлуулалтын асуудал нэлээд хүндрэлтэй  шүү дээ. Дээр нь мэдэхгүй хүнд бол төрийн зүгээс хүлэмжийн аж ахуйд  ихээхэн хөрөнгө оруулалт хийгээд  өвлийн хүлэмж олноор нь барьчих ч юм шиг мэдээлэл  сонсогддог.  
    -Хүлэмжийн аж ахуйн тариалалтын хувьд хамгийн гол асуудал таны хэлдгээр борлуулалт. Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг хүлэмжийн аж ахуйнууд дан дангаараа өөрсдөө борлуулалтаа хийдэг. Тэрнээс болоод борлуулалтын асуудалтай байдаг. Манай “Монгол ногоо” төслийн зүгээс эхний ээлжинд хот орчмын 13 хүлэмжийн аж ахуйг нэгтгэсэн борлуулалтн анхан шатны хоршоо энэ жилээс байгуулж байна. Цаашдаа хүлэмжийн аж ахуй эрхлэгчи д  борлуулалтаа нэгдэж нийлж хийхгүйгээр яагаад ч явахгүй. 
    -Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхийн тухайд ямар бодлого, дэмжлэг байх вэ?
    -Хүлэмжийн аж ахуйн тариалалтын хувьд ил талбайтай харьцуулахад хамгаалагдсан хөрсний тараилалт учраас цаг уураас хамаарал багатай. Хүлэмжийн аж ахуйн тариалалт нэмэгдэж байгаа. 
    “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хүлэмжид зургаан хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Нийт  зээлийн хэмжээ 50 тэрбум төгрөг. Өвлийн болон нарлаг хүлэмж байгуулахад хөрөнгө оруулалт их шаарддаг учраас зээлийн барьцаа хөрөнгө хүрдэггүй асуудал бий. Тиймээс Зээлийн батлан даалтын сантай холбох ёстой. 
    Хүлэмжийн аж ахуйн 20 га, 50 га парк байгуулах талаар яригддаг. Хүлэмжийн аж ахуйг нэг дор олноор нь төвлөрүүлж барих зохимжгүй. Яагаад гэхээр хүлэмжийн аж ахуйд өвчин хортон тархах магадлал өндөртэй байдаг. Тэгсэн тохиолодолд тухайн хүлэмжийг устгахаас  аргагүй болдог эрсдэлтэй. Тиймээс парк байгуулах байдлаар биш, одоо байгаа 0.5- 1.0 га хэмжээтэй  жижиг хүлэмжийн аж ахуйнуудаа зээлээр дэмжээд явах нь чухал.  
    -Агуулах савны хувьд нөгөө л яригддаг асуудлууд бахь байдаг хэвээрээ юү? 
    -Хүн ам төвлөрсөн томоохон хот суурин газруудад 500-1000 тонн хүртэлх багтаамжтай агуулах сав барих нь зөв. Гэхдээ энэ асуудлыг нэг компани юм уу, нэг хүнд хариуцуулах биш, ногоочдын эрх ашгийг хамгаалсан хоршоо юм уу, төрийн бус байгууллагуудад менежментээр эзэмшүүлээд, тэд ногоог зах зээлд ойр газар авчирч  хадгалаад борлуулах юм бол тогтвортой  үнийн асуудал яригдана. Манайд сайхан зоорь барьдаг ч дараа нь хэн хариуцах вэ гэдэгт алдаа гардаг учраас эзэмшүүлэх асуудалд  бодлоготой хандах ёстой.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...