Х.ДАВААХҮҮ: ТАРИАЛАНЧДАД ОДОО ГАНЦХАН ГОРЬДЛОГО БИЙ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ
УИХ-аас өнгөрсөн баасан гаригт Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчин төгөлдөр үлдээсэнтэй холбоотой “Түмэн бут” ХХК-ийн захирал, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Х.Даваахүү гуайн байр суурийг сонирхлоо.
Улаанбуудайн гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлснийг сэргээх тухай хуулийн төслийг УИХ унагаасанд тариаланч хүний хувьд туйлын харамсаж байна. Төрийн энэ шийдвэр хаврын тариалалт ид эхэлсэн үед улаанбуудайн тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг эргэлзээтэй болголоо.
Гаалийн татварыг чөлөөлснөөс болж өнгөрсөн жил улаанбуудайн тариалалт 40 хувиар буурсан. Тариаланчдын ихэнх нь рапс тарьсан. Энэ жил улаанбуудайн тариалалт дахин эрс багсах нь тодорхой байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй хууль тогтоогчид ойлгодоггүй юм уу, ойлгосон ч гаднын гар хөл болж үндэсний үйлдвэрлэлээ дампуурахыг харах гээд байгаа юм уу гэдэг их сонин байна.
Одоо тэгээд нэгэнт хаврын тариалалтын бэлтгэлээ хангаж, зээл хуйл аваад тариан талбайдаа гарчихсан тариаланч бид банкны зээлээ төлөхийн тулд ямар нэгэн зүйл тарих хэрэгтэй болно. Уг нь “Хүнсний хувьсгал”, “Атрын IV” аяны хүрээнд биднийг дотоодын эрүүл ахуйн баталгаатай хүнсээ сайн бэлдүүлэх зорилгоор банкны хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Тариаланчид чадах ядахаараа тодорхой хэмжээнд зээл авсан. Гэтэл төрөөс ийм шийдвэр гаргаж байгаа учраас зээлээ төлөхийн тулд рапс тарина. Тосны ургамлыг сэлгээнд нэг жил тариад 2-3 жил өнжсөний дараа дахин тариалахад хөрсөнд асуудалгүй. Харин өнжихгүйгээр дараалж тариалах юм бол хөрсний үржил шимд ямар нэг хэмжээгээр муу нөлөө үзүүлнэ.
Хэрвээ ийм байдлаар төрөөс тариаланчдын эсрэг шийдвэр гаргаад байх юм бол манай орон удахгүй хөрс ч үгүй, улаанбуудай ч үгүй, малын тэжээл ч үгүй болно. Уг шийдвэр газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд хүнд цохилт болно.
Одоо тариаланч бидэнд ганц горьдлого байгаа нь Монгол Улсын ерөнхийлөгч хөдөө аж ахуйн салбарыг сайн ойлгодог хүний хувьд ч, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” гээд хөдөө аж ахуйн үндэсний хөтөлбөр санаачилсаны хувьд ч дээрх хуульд бүхэлд нь хориг тавих болов уу гэж бодож байна.
Ерөнхийлөгч хориг тавихгүй бол Монголын газар тариалан дампуурах нь л дээ. Нэг, хоёр жилдээ гаднаас гурил гуйгаад авч болно. ОХУ үргэлжийн дайнтай байхгүй шүү дээ. Тодорхой хугацааны дараа хойд хөршөөс бензин шатахуун, тог цахилгаан царайчилдаг шигээ л байдалд орно гэсэн үг.
Гаалийн албан татвараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоод зах зээлээ хамгаалдаг. Хөдөө аж ахуйн үндэсний үйлдврлэл гэхээр манайд газар тариалан, мал аж ахуй хоёр л бий. Энэ тулгуур хоёр салбараасаа хамааралтай хүнсний үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй, тахиа шувууны аж ахуйнууд хөгждөг. Ганц улаанбуудай, гурилын үйлдвэрлэл зогсох биш хоорондоо гинжин хамааралтай хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл гээд олон салбар ташраараа хаалгаа барина. Ийм л хортой үр дагавартай шийдвэр гаргалаа.
Манай компани гэхэд 500 га-д тариалалт хийхээс тал хувьд нь улаанбуудай тариалахаар зэхэж байсан одоо болиод 350 га-д тосны ургамал, 150 га-д улаанбуудай тарина. Багахан талбайд улаанбуудай тариалж ядаж хэдэн малынхаа тэжээлийг бэлдэнэ.
Бид борлохгүй зүйл тарьчихаад банкны зээлээ төлж чадахгүй суултай нь биш. Дотооддоо тарьж ургуулж, хангаж болоод ирсэн хоол хүнсээ импортын хамааралтай болгох гээд зүтгэж байгаа улстөчдийг үнэхээр гайхаж байна.
Газар тариалангийн салбар нэг унах юм бол буцаад сэргэх нь удаан. Маш их цаг хугацаа, хөрөнгө хүч, хөдөлмөр шаарддаг. Бид зах зээл эхлэх үед унагаасан газар тариалангийн салбараа бүтэн 20 гаруй жил ноцолдож байж арай гэж сэргээж байтал ийм хорлонтой зүйл болж байна. Тариан талбайг тарихгүй хоёр жил болоход л атаршиж, бүх техник нь эвдэрч элэгддэг.
Ерөнхий сайд Санжийн Баяр 2008 онд “Атрын III аян”ыг зарлаж, Монголын газар тариалангийн салбарт сэргэлт авчирсан. Тус аян зорилгоо биелүүлсэн.
Энэ Засгийн газар “Атрын IV” аяныг зарлаж зөвхөн газар тариалан биш, хөдөө аж ахуйг цогцоор нь хөгжүүлэх зорилт тавьсан. Төвийн бүсэд эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлж төвийн бүсээсээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амыг мах, сүүгээр хангах цогц зорилт бий. Мөн аяны хүрээнд тэжээлийн тариалан руу нэлээд далайцтай орж мал аж ахуйн үйлдвэрлэлээ гамшгийн эрсдэлээс ангижруулах бодлого байсан. Ган, зудын давтамж ойртсон. Дандаа өнгөрсөн өвөл шиг сайхан болохгүй.
Гэтэл төр ийм туйлын хариуцлагагүй шийдвэр гаргаж байгааг ойлгоход бэрх байна.
Дахин хэлэхэд, Монгол Улсын ерөнхийлөгчийг хуулийн хориг тавих байх гэж найдаж байна. Та нар шиг энэ салбарыг ойлгох сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан асуудлыг сайн бичиж, ойлгуулж өгөх нь чухал.