• Агробизнес

    Малын эмч нарын үнэлэмжийг нэмэгдүүлж байж эрүүл малтай болно

    И.ОТГОНЖАРГАЛ

    МИНИЙ ЭРГЭН ТОЙРОНД ҮР ХҮҮХЭД, АХ ДҮҮГИЙН НИЙЛСЭН ЕСӨН  МАЛЫН ЭМЧ БАЙНА

    Мал эмнэлгүүдийн дундын хоршооны тэргүүн, Дундговь аймгийн Өлзийт сумын “Өлзийтийн өсөх” компанийн захирал, малын их эмч Д.Жаргалсайхантай “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд мал сүргийг таван жилийн дотор эрүүлжүүлэх зорилт болон төр засаг, мал эмнэлгийн салбар, малын эмч нар юунд анхаарч ажиллах талаар ярилцлаа.  

    Түүнтэй Мал эмнэлгүүдийн дундын хоршооноос зохион байгуулсан “VET LIGHT-2022” форумд оролцож байх үеэр нь уулзсан юм. 

    -Мал эмнэлгүүдийн дундын хоршооны хот, хөдөөгийн малын эмч нар, аж ахуй эрхлэгчид, эрдэмтэд салбарынхаа хөгжлийн чиг хандлага, тулгамдаад буй асуудлаа хэлэлцсэн ээлжит хурлаа хийж байна. Танай энэ удаагийн хурлын онцлог юу байна. Ямар асуудалд анхаарлаа хандуулж  байна вэ?

    Өнөөдөр улсын хэмжээнд идэвхтэй ажил эрхэлж байгаа малын эмч нарын 60-аад хувь нь 50-иас дээш настай болсон энэ үед залуучуудыг эгнээндээ элсүүлэн нэгтгэхэд нийгэм, хувь хүн, мэргэжил талаас яаж галыг нь асааж өгвөл тэд мал эмнэлгийн салбар руугаа түлхүү орж ирээд, бидний хойч ирээдүй болох юм бол гэсэн зорилгыг агуулж энэхүү арга хэмжээг зохион байгуулсан. 

     -Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд таван жилийн дотор Монголын малыг эрүүлжүүлнэ гэж зарласан. Мэргэжлийн хүний хувьд танаас сонирхоход таван жилийн дотор Монголын мал сүргийг эрүүлжүүлэх боломжтой юу? 

    Боломжтой санал шүү дээ. Хуучин социалист нийгмийн үед монгол мал эрүүлжсэн. Манай улс дэлхийд малынхаа эрүүл мэндээр  нэлээд дээгүүрт орж байсан. Тэр хөгжилд хүрэхэд ойрхон. Мэргэжлийн бид ч тийм байх боломжтой гэдгийг мэдэрдэг. Гагцхүү  малын эмч нарын армийг залуужуулах, тэднийг мал эмнэлгийн салбар руу татаж оруулах нь чухал. Тэгэхийн тулд малын эмч нарын нийгмийн асуудлыг нь зөв шийдээд, ажил руу нь оруулахад таван жилийн дотор малаа эрүүлжүүлэх бүрэн  боломжтой. 

    -Боловсон хүчин, хүний нөөцийн асуудал хамгийн хүндрэлтэй байгаа гэсэн үг үү? 

    Малын эмчийн мэргэжил эзэмшсэн залуучууд өөр салбарт ажиллах нь их байна. Тиймээс мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг нь шийдэх гарцыг гаргах юм  бол  өөр салбарт ажиллаж байгаа мэргэжлийн  хүмүүс буцаад салбартаа ороод ирнэ. Бидэнд боломж бий. Малын өтөг бууцтай хутгалддаг, зэрлэгшчихсэн шахуу олон мянган малтай улаан гараараа тулдаг  малын эмчийг анхан шатны нэгжид ажиллуулахын тулд хамгийн эхлээд үнэлэмж чухал. 

    Дэлхийн стандартаар малын эмчийн сарын дундаж цалин болон түүнтэй тэнцэх орлого нь 16-47 сая төгрөг байна. Манай малын эмчийн нэг мал тарих үйлчилгээний хөлс 250 төгрөг буюу цалин нь 310-500 мянган төгрөг байна. Ийм зөрүү байгаа учраас энэ салбарт залуу мэргэжилтэй боловсон хүчин нь орж ирэхгүй байна. Төр засгийн зүгээс үнэхээр “Хүнсний хувьсгал” хийе гэж байгаа бол энэ асуудлаас эхлээд шийдэх ёстой.  

    -Орон нутагт малын эмч нарыг тогтвортой ажиллуулахын тулд төрөөс ямар асуудлыг нь шийдээд өгөөсэй гэж та хүсч байна вэ?

    Ерөөсөө л цалин болон үйлчилгээний хөлсийг нь нэмэгдүүлэх. Өнөөдөр би 6000 мал тарьдаг байлаа гэхэд малыг хашуулаад, бариулаад, бэхлүүлээд тариулахад 250 төгрөг. Хүн эмнэлгээр аваад үзэх юм бол ганцхан шинжилгээг 10-20 мянган төгрөгөөр хийлгэдэг биз дээ. Тэгэхээр малын эмч нарын цалин орлогыг 40 хувиар нэмэгдүүлэхэд хүссэн хүсээгүй аяндаа малын эмч нар ажлаа хийх гээд энэ салбар руу ороод ирнэ. Үүнийг л би төр засгаас хүсээд байгаа юм. Хамгийн гол гарц шийдэл нь энэ. Малын эмч нарын цалинг ийм хэмжээнд аваачиж өсгөж болох боломж манай эдийн засагт бий. 

    -Орон нутагт малчин, малын эмчийн уялдаа холбоо муу байх шиг санагддаг. Малчдад хүргэх мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, мал сүргийг эрүүлжүүлэхийн тулд  малын эмч нарын зүгээс  юу хийж болох вэ?

    Малын эмч, мал, малчин  гурвын үйл ажиллагаа  уялдаж, хүйн холбоотой байх ёстой. Малын эмчийн үнэлэмж муу байгаа учраас үйлчилгээ үзүүлэхээр малчны хотонд очиход малчдын гаргаж буй хандлага нь хүртэл үл ойшоосон байдалтай байдаг. Гэтэл эсрэгээрээ багийн хүний эмчийг яваад  очиход тэд өөрөөр ханддаг. Харагдах байдал нь хүртэл нэг нь толгод шиг нөгөө нь уул шиг харагдаад байна.  Хүссэн  хүсээгүй  хөдөө орон нутагт  залуу малын эмч нар байхгүй  учраас хэдхэн төгрөгний төлөө 40-өөд жил ажилласан бид л хүчээр явж байна. Уг нь бидэнд өөрийн мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх боломж байгаа боловч орчин нөхцөл нь бүрдээгүй. Малчдад нэг юм уу, хоёр хонины үнээр л мал эмнэлгийн бүтэн жилийн үйлчилгээг аваад, малаа эрүүл байлгах боломж байхад тэгж боддоггүй. Малаа л өсгөж, тооны араас хөөцөлдөхөөс малаа эрүүл байлгая гэсэн  тийм сэтгэхүй ч байхгүй байна.  

    -Тэгэхээр та хувийн өмчөө өөрөө хамгаалснаар ашиг орлого чинь нэмэгдэнэ гэсэн ойлголтыг малчдын сэтгэхүйд нь суулгаж, тулж ажиллах  хэрэгтэй юм байна.

    Малчид малаа хэмжээгүй өсгөсөн. Ялангуяа манай говь нутагт  хамгийн багадаа 800 толгой, түүнээс дээш 1000, 2000 малтай. Мал тэнд үхэж л байна эзэн нь тоохгүй. Орчин цагт бэлчээрийнхэээ даацаас хамаараад  үржил селекцид тохирох, чанартай цөөн малтай байх. Малчдын сэтгэхүйд мал гэдэг хөрөнгөө яаж хамгаалж, зарцуулах юм гэсэн оюун санааны хөрөнгө оруулалтыг хийж байж  бас нэг “хувьсгал” болно. 

    -Өнгөрсөн жил малын өвчин нэлээдгүй гарлаа танай нутагт ямар байв. 

    Манай Дундговь аймгийн Өлзийт сум хоёр аймгийн зааг нутагт байдаг төдийгүй урд хилтэй ойрхон учир мялзангаас авахуулаад хил дамжсан өвчин орж ирээд, малын хөдөлгөөнөөс үүсэлтэй гарсан. Тэгэхээр малын өвчин гараад байна. Тэрийг малын эмч нар бид аваачиж ургуулаад тэнд тавиагүй. Яагаад өвчин ингэж их газар аваад байна гэхээр ганцхан малчны хариуцлага, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гэж хэлнэ. За яах вэ,  хилээр дамжаад зээр, үнэгээр ч бай дамжаад өвчин ороод ирдэг байж. Голомтлоод гарч буй тэр хэсэгт хорио цээр, хяналт тавьдаг. Гэтэл тэр тавьж байгаа хорио цээр, хяналт яг байх ёстой чанар стандартдаа хүрэхгүй байгаа гэсэн үг. Тэр сул байгаа хорио цээрт орсон, контакт авсан малыг малчид өөр эрүүл газарт тээвэрлэж аваачсанаас болж өвчин түгэн тархаад байгаа юм. 

    Малын өвчинтэй төр засаг, аймаг орон нутгаас мянга тэмцээд, “ингээч тэг” гэж малчдад хэлээд нэмэргүй байна. Бидний зүгээс малчин өөрөө хариуцлага алдсан байхад хуулийн хүрээнд хариуцлага тооцоод өгөөч гэхээр өнөөдрийн хуулиар  малчдад 100 хувь хариуцлага тооцуулах эрх зүйн орчин нь бүрдээгүй. Тийм   учраас хуулийн цоорхойг ашиглаж байна. Хариуцлага алдсан 2-3 малчинд 100 хувь хариуцлага тооцож, хуулийн хүрээнд улсаас гарсан бүх зардлыг нь бүрэн төлүүлэхэд л малчид нэг нэгнээсээ суралцаад “ингэж болохгүй юм байна” гэдгийг ойлгож, дор бүрнээ хариуцлагатай болж, эмх журманд орж эхэлнэ. 

    -Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яригдаж байна. Дээрх малчдыг хариуцлагажуулах хууль эрх зүйн зохицуулалтыг одоо илүү сайн тусгаж өгч болох уу?

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулинд хяналтын тогтолцооны талаар тусгасан зүйл бий л дээ. Гэхдээ  хуулийн хэрэгжилтийг хангадаг хяналтын байгууллага болон эмчлэгч эмч бидэнд торгох, хариуцлага тооцох эрх байхгүй учраас малчид бүр даварчихсан. Хөрөнгө нь хахаж, даварсан малчид гэвэл манай говьд л байна.

    -Газар дээр нь ажилладаг хүний хувьд танаас асуухад Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт хэр байгаа вэ? 

    Монгол орны бэлчээрийн мал аж ахуй, тэнд  ажилладаг малын эмчийн эрх ашиг, малын эрүүл мэндийг хамгаалсан гэхэд хууль хөрсөн дээр бууж чадаагүй учир дутагдалтай санагддаг. Дээр нь Малын генетик нөөцийн тухай хуулинд зоотехникчийн нийгмийн асуудлыг заалт тус бүрээр нь  тусгаад өгсөн байхад Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулинд  малын эмч нарын асуудлаар ямар ч заалт  байхгүй.

    Монгол орон эрүүл хүнс, эрүүл хоолтой байх, Монголын 3.0 сая гаруй иргэний  эрүүл мэндийн асуудал малын эмч бидний гарт байдаг. Мал хамгийн үнэ цэнэтэй, өсөн төлждөг баялаг. 

    Тиймээс хуульд аль болох цаг алдахгүй  нэмэлт, өөрчлөлт оруулж малын эмчийн үнэлэмжийг өсгөж, цалин орлогыг нь ур чадварт нь таарсан хэмжээнд (40 хувьд) хүргэхэд Монголын мал эмнэлэг нэгэн цаг дор маш хүчирхэг байсан шигээ богино хугацаанд сэргэнэ. 

    Монголын мал эмнэлгийн салбар 1968-1985 оны хооронд нэг малын эмчид ногдох малын тоо толгой дэлхийн түвшинтэй яг ижил (10.000), боловсон хүчний асуудлыг бүрэн шийдсэн бүс бүсдээ мал эмнэлгийн дунд мэргэжилтэн малын бага эмчийг бэлтгэдэг  техниккум, их сургуультай, ТМС-ээр малын саниторч бэлддэг байсан. Одоо бүгдийг татан буулгасан. Гэтэл өнөөдөр нэг эмчид ногддог малын тоо 50 мянга түүнээс дээш болсон. 

    -Хувийн мал эмнэлгийн нэгжүүдийг бэхжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

    Бэхжүүлнэ гээд мөнгө өгөх биш, давтан сургалтуудыг сайн хийгээд, миний өмнө нь ярьсан нийгмийн асуудлыг нь шийдээд суманд таван баг байлаа гэхэд таван  эмчтэй, дундаа мал эмнэлгийн байртай, хажуудаа оношлох багахан кабинеттэй байхад л болно. Хэрэв малын гоц халдварт өвчнүүд гарахгүй бол мал эмнэлгийн үйлчилгээ тавдугаар сараас аравдугаар сарын хооронд  явагддаг.  

     -Ирэх жилийн мал эмнэлгийн салбарын 100 жилийн ой тохионо. Ахмад малын эмч нар 100 жилийн ойгоо тэмдэглээд ажиллахаа болино гэсэн бодолтой байна гэх юм. Танд тийм бодол бий юү? 

    Миний эргэн тойронд үр хүүхдээс минь авахуулаад ах дүүгийн нийлсэн есөн  малын эмч байна. Би 40 жил малын эмч хийсэн хүний хувьд тэднийгээ туршлагаараа чиглүүлж, зөвлөнө гэж бодож байна. 100 жилийн ой  хийгээд мал эмнэлгийн салбараа орхино гэсэн бодол надад л лав огт алга. Би өөрийгөө мундаг малын эмч байсан гэж дөвийлгөхгүй. Муу байсан бол миний ах дүүс, үр хүүхэд малын эмч болохгүй байсан. Эзэмшсэн мэргэжил, ажлын амжилтаараа тэднийгээ үлгэрлэсэн байх аа гэж боддог. 

    -Мал эмнэлгийн салбарын хэтийн төлөвийг хэрхэн харж байна вэ?

    Малын эмчийн мэргэжил чинь хүн төрөлхтний эмч гэж нэрлэгддэг. Ийм сайхан мэрэгжлийг эзэмшсэндээ бахархдаг. Бид дэлхийн эрдэмтэн судлаачдын гаргаад нээлт хийгээд байгаа шинжлэх ухааны ололт амжилттай танилцаж, амьдрал практиктаа хэрэглэмээр байна. 

    Манай Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагын түвшнийхэн болон мэргэжилтнүүд аливаа асуудалд маш шинжлэх ухаанч хандаж, зохион байгуулах чадвартай, бага гэлтгүй зүйлийг ажил болгодог баймаар байна.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...