• Агробизнес

    Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх 980 тэрбумын зээлийн гэрээг үзэглэлээ

        Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд энэ онд хүнс, хөдөө аж ахуйн салбарт Засгийн газраас 13 хувийн хүүгийн зөрүү олгож, нийт  982.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох билээ.

    Тэгвэл өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Монголбанк болон арилжааны арван банктай дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

    Жилийн таван хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар олгож буй уг зээлийн хүүгийн хөнгөлөлтөд энэ оны  улсын төсөвт 135.5 тэрбум төгрөг тусгасан  байна.

    Түүнчлэн 982.0 тэрбум төгрөгийн зээлээс,

    -Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132.3 тэрбум төгрөг, 
    - Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342.6 тэрбум төгрөг,
    - Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг тус тус зарцуулах аж.

    Зээл олгох арилжааны банкууд: 

    • Төрийн банк
    • Хаан банк
    • Худалдаа хөгжлийн банк
    • Голомт банк
    • Капитрон банк
    • Тээвэр хөгжлийн банк
    • Хас банк
    • Богд банк
    • Ариг банк
    • М банк

    ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун банкныхантай гэрээ хийх үеэрээ уг зээлийг зорилтот бүлэгт нь аль болох чирэгдэлгүй, шуурхай хүргэхэд анхаарахаас гадна хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд барьцаанд тавих үл хөдлөх хомс байдгийг ч банкуудын зүгээс харгалзан үзэхийг захирлуудад сануулж байлаа.

    Мөн тэрбээр Зээлийн батлан даалтын сан ХХААХҮЯ-ны харьяанд ирж байгаа учраас тус сангийн үйл ажиллагааг ч хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зээлийн хэрэгжилтэд чиглүүлж ажиллахаа хэлэв. 

    Энэ үеэр зарим банкны захирлуудаас зээлийн хэрэгжилтийн талаар байр суурийг нь сонирхоход ХААН банкны захирал Р.Мөнхтуяа “Засгийн газраас бараг нэг их наядын хэмжээний зээлийг арилжааны банкаар дамжуулан олгож байна. Арилжааны банкуудын хувьд эх үүсвэрээ өөрсдөө гаргана. Энэ удаагийн зээл нь тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд таатай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээл олгож байгаагаараа онцлог. Хөрөнгө оруулалтын зээл 60 сар хүртэл хугацаатай. Эргэлтийн хөрөнгийн зээл нь 24 сар, зарим бизнесийн хувьд 36 сарын хугацаатай байгаагаараа шинэлэг болж байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын энэ зээлийн асуудлаар талууд өмнө нь нэг бус удаа уулзалт хийсэн. Одоо ХХААХҮЯ-наас зээл олгох салбаруудын жагсаалт ирэхээр бид зээлээ олгоод эхэлнэ. Мөн ХААН банк гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30 хүртэл бизнесийн зээлийн аян зарласан байгаа” гэв.

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...