Д.БАСАНДОРЖ: ҮҮНЭЭС ЦААШ ГАЗАР ҮГҮЙ ГЭДГИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
Үйлдвэрийн
хаягдал усны урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулахад анхаарах зүйлc болон
зөвлөх үйлчилгээг хэрхэн авах талаар “Ховд тул” ХХК-ийн зөвлөх инженер, доктор
Д.Басандоржтой ярилцлаа.
-Үйлдвэрийн
хаягдал усаа урьдчилан цэвэрлэх үүргээ шуурхай биелүүлэх цаг мөчтэй
үйлдвэрлэгчид тулгарч байна. Та судлаачийн хувьд энэ үйл явцыг хэрхэн дүгнэх
вэ?
-Үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах
нь нэгэнт тодорхой болсон асуудал. Бид
олон жил ярьж байгаа ч хаягдал усны урьдчилан цэвэрлэх суурилуулахад нийтээрээ
төдийлэн анхаарахгүй явж ирлээ. Иймээс төв цэвэрлэх байгууламж бохирдлын хэт
ачаалалд орчихоод байна. Үйлдвэрүүд бүгд урьдчилан цэвэрлэх байгууламж
суурилуулах үүргийг хүлээж байгаа. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай
хуулинд зааснаар бүх аж ахуй эрхлэгчид урьдчилан цэвэрлэх байгууламждаа эхэлж
анхаарна. Дараа нь үйлдвэрлэлийнхээ үндсэн асуудлыг шийдэх учиртай. Монгол
Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа
явуулж байгаа бол байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн технологитой болох
хэрэгтэй. Ингэж чадвал татвараас чөлөөлөгдөх зэрэг дэмжлэгийн механизм бий.
Иймээс нэг удаад аргалаад өнгөрөөчихье гэдэг байдлаар биш, тууштай шийдээд хийх
цаг болжээ. Үүнээс цааш газар үгүй гэдгийг үйлдвэрлэгчид ойлгох хэрэгтэй.
Үнэнтэйгээ нүүр тулаад асуудлаа мэргэжлийн түвшинд шийдэх нь хамгийн ирээдүйтэй зөв зүйл гэж хэлмээр байна.
Мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж
тулгамдсан асуудлаа бүгд хамжаад шийдээд
явах нь зүйтэй. Зөвхөн захиргааны аргаар биш тал талаасаа зөвшилцөлд хүрэх
хэрэгтэй.
-Дийлэнх
компанийн хувьд урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулахад юунаас эхлэх вэ
гэдэг асуудал тулгамдаж байна. Зөвлөх үйлчилгээг хаанаас авах боломжтой
вэ?
-Үйлдвэрүүдийн
хаягдал усны бохирдлын хэмжээ адилгүй. Гол бохирдлыг химийн хэрэгцээний
хүчилтөрөгч, биологийн
хэрэгцээний хүчилтөрөгч, умбуур бодис зэрэг зургаа орчим үзүүлэлтээр хэмждэг.
Ерөнхийдөө бидний хийсэн судалгаанаас үзэхэд бохирдол 5000-20.000 хооронд (мл хүчилтөрөгч)
хэмжигдэж байна. Үүнийг стандартын шаардлагад нийцүүлэх хэрэгтэй. Ийм өндөр
бохирдлыг стандартын хэмжээнд буулгах технологийг мэргэжилтнүүд зөвлөж чадна. Бусдыг сохроор даган дууриаж бэлэн
байгууламж худалдаж авснаараа үйлдвэрлэгчид хохирч байна. Уг төхөөрөмжөө үзүүлэн маягаар хадгалж
байгаа нь ч бий. Ингэснээрээ
их хөрөнгө үр ашиггүй үрэгдэж байна. Иймээс зөвлөх үйлчилгээний тухайд буух
эзэнтэй буцах хаягтай байхад анхаарсан нь дээр. Ер нь дотоодын зөвлөх үйлчилгээний
компаниуддаа хандах хэрэгтэй. Бид бол Монголын амьдрал, тухайн үйлдвэрийн
онцлог, хүчин чадлын талаар илүү их туршлага хуримтлуулсан. “Говь” ХК, “Ханбогд
кашемир” ХХК зэрэг ноос ноолуурын болон арьс ширний чиглэлийн долоо орчим
үйлдвэр дээр урьдчилан цэвэрлэх байгууламжийг суурилуулсан. Жилээс жилд
алдаанаасаа суралцаж, технологио сайжруулж байна. Нөгөөтээгүүр
үйлдвэрүүдэд цэвэрлэх байгууламж барих газар байдаггүй. Үйлдвэр нь талбай багатай.
Иймээс урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулаад шугамаа холбох үед асуудал
үүсдэг. Ихэнх үйлдвэрүүд шугамаа шууд хаягдал усны шугамд холбосон байдаг ба
ахуйн хаягдал усаа үйлдвэрийн хаягдал устайгаа хольчихдог. Иймээс үйлдвэрийн
хаягдал усаа тусад нь салгахыг зөвлөдөг. Ингэснээр ашиглалтын зардал буурна. Үйлдвэрийн
хаягдал усыг урьдчилан цэвэрлэх технологийн зөв шийдлийг олох нь зүйтэй.
Дулааны гуравдугаар цахилгаан станцын үнсэн сангийн усан дээр асуудал гардаг
байсан бол зөвлөх үйлчилгээ авснаар байдал сайжирч байна. Ер нь үйлдвэрүүд
өөрийн технологийн онцлогт тохирсон зөвлөх үйлчилгээ авах бүрэн боломж бий.
Гадаад компаниудаас зөвлөх үйлчилгээ авахад өндөр үнэтэй байдаг бол дотоодын
компаниудын зөвлөх үйлчилгээ харьцангуй хямд байдгаараа онцлог. Биднээс
зөвлөгөө авахад чөлөөтэй.
-Урьдчилан цэвэрлэх байгууламж
суурилуулж буй үйлдвэрүүд юун дээр алдаад байна вэ. Нийтлэг алдааг залруулах боломжийн
талаар та тайлбарлаж өгөхгүй юу?
-Гол
алдаа аль нэг үйлдвэрийн оруулж ирсэн төхөөрөмжийн талаар сураг сонсоод урдаас
оруулаад ирчихдэг талтай. Ингэснээр
ажиллахгүй ч юм уу ажиллуулж
чадахгүй байх нь ч бий. Харин бид үйлдвэрлэлийн технологийн онцлогт нь
тохирсон шийдлийг гаргаж өгдөг. Аль
болох ашиглалтын зардал багатай, эрчим хүчний хэмнэлттэй байх талаас нь
зөвлөнө. Хаягдал усныхаа хэмжээг хүртэл яг мэдэж байх нь чухал. Энэ харилцаан
дээр нэгнийгээ хуурч болохгүй. Бохирдлын хэмжээ зэрэг мэдээллээ үнэн зөвөөр нь
өгөх хэрэгтэй. Цаанаасаа шахаад байгаа учраас ямар ч аргаар хамаагүй шийдчихье
гэж хандаж болохгүй. Сэтгэл хөдлөлөөр технологийн шийдлийг гаргадаггүй. Зарим
захирлууд ойлголт багатай байдгаас гол алдаа үүсдэг. Иймээс сайн судалж, мэргэжлийн хүнээс
зөвлөгөө авбал нийтлэг алдааг залруулах боломжтой. Хамгийн гол нь өөрийн
үйлдвэрийн онцлогт тохирсон зөв сонголтыг хийх нь чухал.
