ХХААХҮ-ИЙН САЙД М.БАДАМСҮРЭН ИТАЛИ–МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМЫН ХААЛТАД ҮГ ХЭЛЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд яваа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн 2025 оны арванхоёрдугаар сарын 02-нд Ром хотод зохион байгуулсан хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий Итали–Монголын бизнес форумын хаалтад оролцож, үг хэлжээ.
М.Бадамсүрэн/ХХААХҮ-ийн сайд/:
-Монгол Улс төв Азийн тэгш өндөрлөгт оршдог,далайгаас алслагдмал орон бөгөөд хөдөө аж ахуйн салбарт уламжлалт нүүдлийн мал аж ахуй давамгайлсан онцлогтой. Манай орны нийт 1,5 сая ам.метр газар нутгийн 72.6 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүний 90.0 хувийг байгалийн бэлчээр, хадлангийн газар эзэлдэг.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 31.7 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг бөгөөд орон нутгийн 85 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай. Манай улс 60.0 сая толгой малтай, жилд 20.0 орчим сая ширхэг арьс шир, 9.0 мянга гаруй тонн ноолуур, 35.0 мянган тонн ноос бэлтгэдэг түүхий эдийн нөөцтэй.
Монгол Улс хөдөө аж ахуйн салбараас гаралтай эрүүл хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашлаад экспортлох, мөн мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнүүд бодитой хувь нэмэр оруулж, манай хувийн хэвшлийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид улам бүр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолж байна. Гэсэн хэдий ч малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд бүрэн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал манай улсад хараахан бүрэн суурилагдаагүй байна.
Манай улсын найрсаг харилцаат Бүгд Найрамдах Итали Улс нь нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийн технологийн түвшинг тодорхойлдог, тэргүүлэх улсуудын нэг билээ.
Монгол Улсад үйлдвэрлэж буй малын гаралтай түүхий эдийн нөөцийг ашиглан Итали Улсын технологийг нэвтрүүлж, хоёр орны мэргэжлийн холбоод, хувийн хэвшлүүд хамтран ажилласнаар дэлхийд нэр хүндтэй, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой.
Монголын төрийн тэргүүний
өндөр дээд түвшний айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Итали-Монгол
Улсын бизнес форумаар дамжуулан хоёр улсын аж ахуйн нэгжүүд харилцан ашигтай
бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэн, хөгжүүлэхэд үнэтэй
хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Манай хоёр орны бизнес эрхлэгчдийн итгэлд суурилсан хамтын ажиллагаа улам бүр
бэхжиж харилцан хөрөнгө оруулалт нэмэгдэж, худалдааны эргэлт эрчимжих болтугай
Эх сурвалж: ХХААХҮЯ
