МОНГОЛ, ХЯТАДЫН МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДААГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОВ
БНХАУ-ын Бээжин хотноо “Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх техникийн II семинар” арваннэгдүгээр сарын 28-нд болж, хоёр улсын төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллүүд худалдаа, хүнсний аюулгүй байдал, экспортын зохицуулалтын талаар өргөн хүрээтэй хэлэлцлээ. Тус арга хэмжээг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотноо суугаа Элчин сайдын яам, Монголын махны холбоо хамтран зохион байгуулав.
Уулзалтад
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, ХХААХҮЯ-ны
Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн,
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа нарын тэргүүтэй төлөөлөгчид
оролцож, салбарын бодлого, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн стандартын талаар
ярилцлаа.
Мөн Хятадын гаалийн
ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн ерөнхий газар, Хятадын махны холбооны мэргэжилтнүүд болон хоёр улсын аж ахуйн
нэгжийн төлөөлөл оролцож, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, экспортын нөхцөлийг
хөнгөн шуурхай болгох тал дээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Семинарын
үеэр Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн сүүлийн үеийн төлөв байдал, мах
боловсруулах салбарын хөгжил, хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог
дэлгэрэнгүй танилцууллаа. Хятадын талаас БНХАУ-д мах импортлох явцад мөрдөгдөж
буй эрх зүйн зохицуулалт, шаардлага, лабораторийн баталгаажуулалт, хил дамнасан
гоц халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ зэрэг тулгамдаж буй асуудлуудаа ярилцав.
БНХАУ-ын зах
зээлд мах, махан бүтээгдэхүүний эрэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь
Монголын махны салбар өсөн хөгжих таатай нөхцөл бүрдэж байгаа билээ. Тиймээс
талууд экспортын цар хүрээг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүний төрөл нэвтрүүлэх,
махны эрүүл ахуйн баталгаажуулалтыг олон улсын түвшинд ойртуулах чиглэлээр
хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв.

Хоёр улсын
махны үйлдвэрүүд, үйлдвэрлэгч, экспортлогч компаниудын хооронд зохион
байгуулсан B2B уулзалтаар олон аж ахуйн нэгж харилцаа тогтоож, хамтран ажиллах
тодорхой санал солилцож, импорт, экспортын үйл явцыг хөнгөвчлөх, бүтээгдэхүүний
баталгаажуулалтын хугацааг богиносгох, шууд нийлүүлэлтийн шинэ сувгийг нээх
талаар ярилцлаа.
Хоёр талын
зохицуулалтын орчныг уялдуулах, мэдээллийн солилцоог сайжруулах, гоц халдварт
өвчний хяналтын хамтарсан ажиллагааг үр дүнтэй болгох боломжийн талаар дугуй
ширээний ярилцлага зохион байгуулж, талууд мах, махан бүтээгдэхүүний экспорт,
импортын нотолгоо, хяналтын процессыг илүү ил тод, шуурхай болгох шаардлагатайг
онцоллоо.
Семинарын үр дүнд Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний
худалдаа, хүнсний аюулгүй байдал, хяналтын тогтолцоо, экспортын баталгаажуулалтын
чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ойлголцолд хүрч, хувийн
хэвшил болон төрийн байгууллагын түвшинд шинэ боломжуудийг нээлээ. Махны
үйлдвэрлэл, экспортын салбарт тулгамдаж буй сорилтуудыг даван туулах, хоёр
улсын зах зээлд харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх суурь нөхцөл бүрдсэн гэж
оролцогчид дүгнэв. Ингэснээр “Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний
худалдааг хөгжүүлэх техникийн II семинар” нь хоёр орны худалдаа, хүнсний
сүлжээнд бодит хувь нэмэр оруулах чухал үйл явдал болж, цаашдын хамтын
ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл болж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
