Говийг усжуулах "Хөх морь" төсөл
А.Ариунжаргал
"Хөх морь" гэсэн энэ үг уншигч танд төдийлөн ойлгомжгүй байж болох талтай.
Учир нь, энэхүү оноосон нэр нь 2022 оны гуравдугаар сарын 29-30-нд болсон “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы
үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын зүгээс анх удаа олон
нийтэд танилцуулсан Монгол орны 33 голоос говийн бүс нутаг руу цэвэр усны нөөц
шилжүүлэхтэй холбоотой томоохон төслийн
нэр юм.
Говийн бүс нутагт
гадаргын усны нөөц хомс тул иргэд, аж ахуй нэгжүүд хэрэглээндээ гүний ус
ашигладаг байна. Түүнчлэн говийн бүсийн усны эрэлт 2030 он гэхэд гурав дахин
нэмэгдэх мэргэжлийн байгууллагынхны хийсэн тооцоолол гарчээ. Тиймээс гадаргын
усны хуримтлалыг бий болгох, нөөцийг нэмэгдүүлэхийн тулд “Хөх морь” төслийг
санаачилсан аж.
Энэхүү төсөл усны
нөөц сайтай, техник тоног төхөөрөмж суурилуулан усыг нь шилжүүлэх боломжтой
томоохон голуудын 33 байршлыг тогтоож, 52 тэрбум шоо.метр ус хуримтлуулах юм. Тэдгээрийн
таван байршлаас жил тутамд 331 сая шоо.метр хэмжээтэй усыг говийн бүс нутагт
шилжүүлэн ашиглах боломж бүрдэх юм. Төслийг хэрэгжүүлснээр говийн бүсэд “Тэрбум
мод” хөдөлгөөний усалгааг шийдэх бүрэн боломж бий болно гэж үзжээ.
Тус форумын үеэр төслийн
талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт “Хөх морь" болон “Тэрбум мод” төсөл шинэ сэргэлтийн бодлоготой
салшгүй холбоотойг хэлэв. Тэгвэл ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Т.Жамбалцэрэн “Ногоон сэргэлтийн хүрээнд манай яам агро ойжуулалтын аж ахуй,
эдийн засгийн өндөр үр ашигтай жимс жимсгэнийн модыг тариалах, тариалангийн
талбайн ойн зурвасыг бий болгох гэсэн гурван чиглэлээр ажиллахаар төлөвлөж
байна. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрөөр салбарын хэмжээнд 128 сая орчим мод тарина” гэлээ. Харин Монголын улиас
судлаачдын холбооны гүйцэтгэх захирал Д.Дэлгэржаргал үндэсний хөдөлгөөнд ойн
салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагуудын манлайллыг
үзүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьснаа дуулгалаа.
Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Монгол орны
томоохон голуудын урсац эрс багасаж, жижиг гол горхи, нуур цөөрөм ширгэж,
голуудын эрэг дагуу экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хуурайшилт хүчтэй
явагдаж байна. Тухайлбал, сүүлийн гурван жилд манай орны гол, горхины 7.5 хувь,
булаг шандны 1.7 хувь ширгэсэн тоо баримт бий.
Манай улс 564,8
шоо.км усны нөөцтэй бөгөөд сүүлийн гурван жилийн дунджаар үзэхэд 2452 гол горхи
ширгэсэн тухай “Хөх морь” төслийг танилцуулсан Усны газрын дарга Ш.Мягмар
мэдээллэв.
Энэ дашрамд дуулгахад
УИХ-аас баталсан Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогод зургаан
салбарын 20 багц төслийг хэрэгжүүлэхээр 100 гаруй их наяд төгрөг төсөвлөсөн
байна.