Тогтолцооны шинэчлэл шаардсан тэтгэврийн нэмэгдэл
А.Ариунжаргал
Тэтгэвэр нэмэгдсэнтэй холбоотой сэдэв хуучрах болоогүй байна. Эхлээд юу болоод өнгөрсөн бэ гэдгийг тухтайхан эргэн харъя.
Цагаан сарын үеэр зөвхөн тэтгэврийн нэмэгдэлд олон нийт анхаарал хандуулаад байсан болохоос Ковидын хууль сунгагдсантай холбоотой зарим халамжийн нэмэгдлийг ч буцааж сэргээх талаар 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдсэн байна. Ингэхдээ,
• Бүрэн тэтгэврийн хэмжээг 500 мянга болгож нэмсэн. /Бүрэн тэтгэвэр гэдэг нь нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн, тэтгэврийн нас нь хүрч эрх нь бүрэн үүссэнийг хэлнэ. Хөдөлмөрийн хөлсний 75 хувиар бүрэн тэргэврийг тогтоодог/.
• Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 400 мянга болгосон. /Тухайн хүний ажилласан жил, төлсөн шимтгэл нь хүрэлцэхгүй байх юм бол хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгодог. Хувь тэнцүүлсэн тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний 50-иас доошгүй хувиар тогтоодог. Уг тэтгэврийн ангилалд нийт 84 мянган хүн хамрагддаг аж/.
• 500 мянгаас дээш тэтгэврийг 15 хувиар нэмсэн.
• Нийгмийн халамжаас тэтгэмж авдаг 75 мянган иргэний сарын 188 мянган төгрөгийн тэтгэмжийг Ковидын хуулийг сунгасантай холбоотой 100 мянган төгрөгөөр нэмсэн байна. /Нэгдүгээр сарынхыг нь мөн Цагаан сарын үеэр нөхөн олгожээ/.
Уг тэтгэмжид Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсээгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын асаргаатай хүүүхдийн, цэргийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтэгвэр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэмж авч байгаа хүмүүс хамрагддаг байна.
Дээрх тэтгэвэр болон халамжийн тэтгэмжийн нэмэгдэлд нийт 637 орчим тэрбум төгрөг нэмэлтээр шаардлагатай байна гэсэн тооцооллыг гаргасан бөгөөд 300 орчим тэрбум төгрөгийг НДС-гийн давсан орлогоос санхүүжүүлсэн бол. Үлдсэн 300 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгах зохицуулалтыг хийжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Засгийн газар УИХ-д Төсвийн тодотгол өргөн барьж, Цагаан сарын өмнө тэтгэврийг нэмсэнд хүн бүр баяртай байсан. Баярлахаас ч аргагүй. Ковидтой холбоотой сүүлийн хоёр жил гаруй бараа бүтээгдэхүүний үнэ огцом хэрнээ тасралтгүй нэмэгдсээр байгаа тул угаасаа бага тэтгэвртэй өндөр настнуудын хувьд Цагаан сар хийх хэцүү байх хэцүү дээрээ тулаад байсан үе. Түүнчлэн өмнө нь тэтгэврийг 2015, 2016, 2018 онд нэмсэн. Ингэхдээ 20 мянган төгрөгөөр нийтлэг нэмж байжээ.
Харин энэ удаа нэмэх нэмэхдээ Засгийн газрын зүгээс бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350 мянган төгрөгөөс 500 мянган төгрөгт хүргэх зоримог шийдэл гаргасан. Ингэснээр тэтгэвэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч илүү гараад явсан хэрэг.
Үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тайлбарлахдаа “Тэтгэврийг өмнөх шиг инфляцтай уялдуулан 10-15 хувиар нэмэхэд өнөөдрийн үнийн өсөлттэй нөхцөлд үр дүн муутай зүйл.
Мөн Засгийн газар энэ зоримог шийдвэрийг гаргахад Оюутолгойн далд уурхайн ашиглалт эхэлж байгаа нь түлхэц өгсөн. НДС-гаас тэтгэвэр авч байгаа 469 мянган хүн байгаа. Үүн дотор өндөр настны тэтгэвэр авч байгаа 358.8 мянган хүн бий. Бүрэн тэтгэвэр авч байгаа нийт 385 мянган хүн байдаг. Эдгээрийн 300 мянга нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулаад тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх бодлого барилаа” хэмээсэн.
Гэхдээ олон нийтийн дунд тэтгэврийг нэмж байгаа нь зөв ч арга нь буруу, шударга бус байна гэсэн байр суурийг нэлээд илэрхийлсэн юм. Тухайлбал, тэтгэврийн доод хэмжээг өсгөж байгаа нь сайн ч тэтгэврийн зөрүүг улам ихэсгэж байна. Нэг л дүнгээр нэмэгдүүлж болох байсан гэсэн бол зарим нь улсад олон жил ажиллаж, цалингаасаа шимтгэл төлсөөр байсан байж цөөн жил ажиллаж, бага шимтгэл төлсөн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчидтай ялгаагүй шахуу мөнгө авч байна гэх нь ч байсан.
Харин зарим эдийн засагчдын хувьд тэтгэврийг нэмэгдүүлэх нь зөв ч Цагаан сарын үеэр нэмсэн нь инфляцыг улам гааруулах талтай тул цагаа олоогүй гэсэн.
Нийгэмд үүссэн энэ бүх олон талын байр суурь нь эцсийн цэг дээр нэг л зүйлийг тодорхой болгож, нэг цэгт огтлолцож байгаа нь тэтгэврийн шинэчлэлийг шаардав.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тоо болон тэтгэврийн нэмэгдлийг инфографикаас сонирхоорой.