• Эдийн засаг

    Монголд 5G сүлжээний туршилтын станцыг асаалаа

    Гар утасны сүлжээний шинэ эрин үе болох 5G сүлжээг Монголд Юнител групп өнөөдрөөс /2022.08.15/ нэвтрүүллээ.

    Юнител групп нь 2016 онд Монголд анхлан 4G LTE сүлжээг амжилттай нэвтрүүлж байсан бол өнөөдөр Монголд анх удаа шинэ үеийн 5G сүлжээний туршилтын станцыг олон нийтэд нээлттэйгээр нийслэл Улаанбаатар хотын төв талбайд асаалаа.

    Төв талбайд хүрэлцэн ирсэн хүн бүр шинэ үеийн 5G сүлжээнд өөрийн гар утсыг ашиглан холбогдож, өндөр хурдны интернэтийг бодитоор туршин ашиглах боломжтой болсон гэдэг утгаараа анхны гэж тодорхойлж болно.

    Юнителийн хэрэглэгч та бүхнийг төв талбайд ассан шинэ үеийн 5G технологийн туршилтын станцад холбогдон, өндөр хурдны интернэт ашиглахыг урья. Үүгээр зогсохгүй Юнител групп нь үе шаттайгаар 5G сүлжээний станцыг бусад байршлуудад асаахаар төлөвлөн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

    Шинэ үеийн 5G сүлжээг энгийнээр тайлбарлавал бидний өргөнөөр ашиглаж буй хөдөлгөөнт 4G LTE үйлчилгээний дараагийн буюу 5 дахь үеийн технологи бөгөөд ашиглах үзүүлэлтийн хувьд төхөөрөмжөөс хамаарч 4G LTE сүлжээнээс даруй 10-100 дахин илүү хурдаар интернэтэд холбогдох хүчин чадалтай. Жишээлбэл таны 5 цагийн турш татдаг файл, тоглоом, кино контент зэргийг ердөө 5 минутын дотор татаж, тоглуулах боломжтой гэсэн үг.

    Уг технологи нэвтэрснээр дан ганц хэрэглэгчид өндөр хурдаар интернэт ашиглаад зогсохгүй дэд бүтцийн хувьд эрүүл мэнд, уул уурхай, боловсролын салбарт нэн чухал өөрчлөлт, давуу талуудыг авч ирэх ач холбогдолтой юм.

    Одоогийн ашиглаж буй 4G LTE сүлжээний хурд нь 100Mbps-1Gbps байдаг бол 5G технологи нь 4Gbps-100Gbps хүртэл хурдаар ажиллах чадвартай учир дата хэрэглээгээ хянахыг зөвлөе.

    5G сүлжээг тухайн бүс нутагт ашиглах зөвшөөрлийг заавал гар утас үйлдвэрлэгч брэндүүд зөвшөөрөл олгон нээдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт одоогийн байдлаар “Huawei” брэнд өөрийн P40 гар утсанд 5G сүлжээг ашиглах тохиргоог нээсэн бөгөөд бусад брэндийн гар утаснууд 5G сүлжээ ашиглах боломжийг хангах, тохиргоог хийлгэхээр холбогдох компаниудад хүсэлтийг хүргүүлэн ажиллаж байгааг дуулгая.

    5G ГЭЖ ЮУ ВЭ?

    5G (5th Generation) бол гар утасны сүлжээний тавдугаар үе. Өөрөөр хэлбэл, бидний холбогдож буй гар утасны сүлжээний хувьсан сайжирсан, илүү хурдан, өргөн хүрээтэй шинэ хувилбар юм.

    Энэхүү шинэ төрлийн сүлжээ нь бидний гар утас, компьютер, чихэвч, ухаалаг цаг, автомашин, гэрийн хамгаалалтын систем, дрон, камер гээд бүхий л төхөөрөмжийг холбож, нэгэн зэрэг ашиглахад тусална.

    Өмнөх 4G эсвэл 3G, 2G сүлжээтэй харьцуулахад Gbps (Gegabite per second) буюу интернэт хурдыг хэд дахин нэмэгдүүлж, интернэтийн хоцрогдлыг арилган, илүү найдвартай, өргөн хүрээ, багтаамжтайгаар хэрэглэгчдэд ижил чанартай интернэтийг хүргэх юм.

    1G - Нэгдүгээр үе

    1980-аад он: Аналог дуу, яриаг дамжуулдаг болов

    2G - Хоёрдугаар үе

    1990-ээд оны эхэн: Дуу авиаг дижитал буюу тоон хэлбэрт шилжүүлж олон суваг руу мэдээлэл дамжуулах боломжтой болов

    3G - Гуравдугаар үе

    2000 эхэн: Гар утаснаасаа интернэтэд хандах боломжтой mobile data-г нэвтрүүлэв.

    4G - Дөрөвдүгээр үе

    2010 он: Утасгүй интернэт холболтын цар хүрээг тэлж хурдыг нэмэв

    5G - Тавдугаар үе

    2019 он: Нэг дор илгээх өгөгдлийн хэмжээг асар ихээр нэмэгдүүлж сүлжээний чанарыг сайжруулав

    Цаашдаа 5G дэлхий даяар тархаж нийтийн хэрэглээ болсон цагт 4G-г орлоно гэж зарим нь үздэг ч одоохондоо тэд зэрэгцэн орших болно. Гэхдээ хүн төрөлхтөн 1G, 2G-г мартаж 3G хэрэглээнээс шахагдаж байгаа энэ үед сүлжээний технологи улам сайжирч дараагийн үе гарч ирэхийг үгүйсгэхгүй.

    5G ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

    5G бол шинэ технологи. Тиймээс ямар нэг эрсдэл гаргаж сүлжээгээ таслахгүйн тулд операторууд эхний ээлжид одоо байгаа 4G сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар 5G руу аажмаар шилжих болно. Иймд таны интрнэт хурд сайжирч байгаа нь анзаарагдахгүй байж мэднэ.

    Таны хэрэглэж үйлчлүүлж буй үүрэн холбооны оператор ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс 5G сүлжээний цар хүрээ, чанар шалтгаалж болох юм. Учир нь сүлжээний найдвартай чанартай ажиллагааг хангахын тулд олон тооны дамжуулагч, хүлээн авагч суурилуулах шаардлага тулгарах магадлалтай. Мэдээж шинээр байрлуулах төхөөрөмжүүд үнэтэй.

    ХУРД ЯМАР БАЙХ БОЛ?

    Одоогийн 4G сүлжээ нь дунджаар 45 Mbps хурдтай. Гэвч энэ хурд 1 Gbps хүрэх боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд үздэг. Харин 5G энэ хурдыг 10-20 дахин нэмэгдүүлнэ гэж харж байна.

    5G нь WiFi-г орлохоор бүтээгдээгүй ч 5G сүлжээний WiFi байхгүй эсвэл 4G WiFi интернэт нь удаан үед 5G сүлжээний hotspot хамгийн боломжит орлон тоглогч юм. Гэхдээ 5G сүлжээний WiFi нэвтэрсэн үед hotspot-ын шаардлага байхгүй.

    "Wi-Fi 6" хэмээх утасгүй сүлжээний шинэ стандарт 5G-тэй ижил шинж чанаруудтай тул 5G одоогоор WiFi-г орлохгүй гэж үзэж байна. Гэхдээ олон нийтийн Wifi сүлжээнээс 5G илүү аюулгүй байх юм.

    БИДЭНД 5G ЯАГААД ХЭРЭГТЭЙ ГЭЖ?

    Дэлхий нийтийн өдөр тутмын ажил амьдрал гар утасгүйгээр үргэлжлэхээ больсон. Бид жил ирэх тусам илүү их дата ашиглаж байгаа бөгөөд одоо байгаа сүлжээний ачаалал нэмэгдэж сүлжээ тасалдах тохиолдол гардаг. Энэ асуудал нэг газар, олон хүн нэгэн зэрэг интернэтэд хандах үед түлхүү үүсдэг. 5G энэ асуудлыг цэгцэлж багтаамжийг нэмэгдүүлнэ. Гар утаснаас гадна бугуйн цаг, чихэвч, нүдний шил, автомашин, камер хүртэл ухаалаг болсон өнөө үед эдгээр төхөөрөмжөө гар утаснаасаа нэг дор удирдахад 5G тусална.

    5G нэвтэрснээр дэлхийн эдийн засаг өргөжиж 2035 он гэхэд 13.1 их наяд ам.доллароор тэлнэ гэх тооцоо бий. 5G сүлжээг зөвхөн гар утас буюу автомашин, тоглоомын салбарт хөгжүүлж байгаа тул үр нөлөө, хэрэглээ асар их байх нь тодорхой болжээ. Судалгаагаар шинэ технологийн үр нөлөө дэлхий даяар 22.8 сая ажлын байрыг шинээр бий болгох аж.

    ГАР УТСАА СОЛИХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?

    Тийм. Таны гар утас 5G дэмждэг байх шаардлагатай. Зарим компани аль хэдийн 5G дэмждэг гар утаснуудыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Монголд ч худалдаанд гараад эхэлсэн.

    Өдгөө дэлхийн 60 гаруй оронд 5G нэвтэрсэн.

    Эх сурвалж: unitel.mn


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...